Туул барилгын хог, бөөгийн отгоор ”үерлэжээ”

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Туул барилгын хог, бөөгийн отгоор ”үерлэжээ”

Улаанбаатарчуудыг ундаалж, бас чимж урссанаараа Туул гол буруутай гэж үү. Төв цэвэрлэх байгууламжаас цаашхи хэсэгт Туул ногооноороо урсаж байгаа бол түүнээс нааш Богд уулын хормой орчмоор барилгын хог хаягдалаар хаа сайгүй хогон овоо босгочихсон байх юм.  Тэгээд зогсохгүй Туулын бургасаар бөөгийн отгууд хаваржиж байна. Энэ мэтээр Туулын тамирыг таслахад хэн бүхэн хувь нэмрээ оруулж байх шиг.

Туул бор ногооноор урсч байна

Богд уулын хормойг даган урсах Туул орчмоор ямархуу байдалтай байгааг та харсан уу. Сурвалжлагын хамгийн эхний цэг Биокомбинат. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Биокомбинатын араар урсах Туул голыг нуурын ус гэж андуурмаар. Нэлээд хэсэг газар замагшиж, урсаж буй хэсэг нь голын ус гэж хэлмээргүй хар ногооноороо эргэлдэнэ.

Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд тоног төхөөрөмжийн хүчин чадал, бохирын зөвшөөрөгдөх хорт хэмжээнээс шалтгаалаад бохирыг ердөө 50 хувь цэвэршүүлж Туулд цутгаж буйг гэрчлэх мэт хэцүүхэн дүр зураг үзэгдэнэ. Түүнд ойртож зүрхлэх хүн, амьтан алга. Түүнээс нааш Яармагийн гүүрний баруун доод талд малаа бэлчээрлүүлж яваа  ХУД-ийн тавдугаар хорооны иргэн Д.Цэгмэд “Туул гол хоёр салаалж урсдаг байлаа. Үерлэхээрээ нийлдэг. Гэтэл одоо наад талын салаа нь хэдэн жилийн өмнөөс урсахаа байсан. Өнгөрсөн жилээс эхлээд энэ хавийн усанд хүн орохоо байсан.

Эвгүй үнэр биед шингэчихээд байх юм гэж манай хүүхдүүд хэлэх юм билээ. Харин эрэг хавиар сэрүүцэх гэж ирсэн, зугаа цэнгэлээр нэг хоёр машинтай хүмүүс хааяа нэг харагддаг” гэсээр холдож буй хэдэн үхрийхээ шогшуулав. Түүний яриаг батлах аятай ширгэсэн сайр, ясан овоо мэт бог малын толгой шийр өт батгана, үнэр танар нь дийлдэхгүй хэсэг газар тааралдав. Мөн Яармагын гүүрний баруун талд орон сууц барьж буй барилгын компани барилгын хог хаягдлаа ойр орчимд хаяж байна гэж гомдоллох нэгэн ч байна.

Бөө мөргөлийн отог болгоод хувирчихаж

Яармагийн гүүрнээс Туулын эрэг даган дээш өгслөө. Зам даган Зайсан хүртэл алхахад заримдаа айдас, зэвүүцэл төрмөөр. Амралтын өдрөөр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хүний хөлөөс зайдуу голын эрэг хавьд алжаалаа тайлах амто машин хөлөглөн ирсэн зочид хаа нэг таарна. Үүний зэрэгцээ Туул голын бургасыг өөрсдийн отог болгосон бөө тоогоо алджээ. Хэдэн саяын үнэтэй гэгддэг бөөгийн хуяг тэргүүтэн Яармагийн гүүрний зүүн доод талд хэвтэж ч байх шиг. Хамгийн анх холоос харахдаа өнөө муу нэрт тэнэмэл хүмүүс хог тарааж, хоноглодог газар нь байна гэж хардсан ч эндүүрэл байв, уучлаарай.

Тэр бүү хэл Богинын аманд дөрвөн авто машин хөлөглөн ирж, бөөгийн зан үйл үйлдэж буй ойролцоогоор 20 гаруй хүмүүстэй тааралдав. Зүгээр бөөлөхгүй ээ, бас. Зарим нь голын эрэгт “морь харж”, хэд гурав нь гал түлж, үлдсэн нь цай идээ зэхнэ.  20 гаруй хүн бүтэн өдрийн туршид өнжихөд хичнээн хэмжээний хог гарах нь ойлгомжтой.

Туулыг дагаад өнгө өнгийн хадгаар чимсэн модод хаа сайгүй. Заримдаа нэг хэсэг газрын моддыг нэг өнгийн хадгаар  чимэглэсэн ч байх шиг. Олигтойхон бэхлээгүй нэгнийх нь хадаг унаж, урсаж яваа ч үзэгдэнэ. Энэ мэтээр Туулын урд хормойг хэсэг бөөгийн отгууд хуваагаад авчихаж.

Туул хийгээд орон сууцны хороолол

Зайсангаас холгүй амын уулын үер буудаг нэгэн гуу тэр чигтээ барилгын хог. Замаск, будагны сав, цемент шохойн уутаар дүүрэн хогоо тэр чигээр нь үдэш, оройдоо асгадаг нь үнэн бололтой. Байгаль хамгаалагч нь хэзээ, хэдийд хаясныг нь сайн мэдэхгүй, будилж толгойгоо маажихаас цаашгүй. Тэрээр “Хаврын цагт түймэр гаргуулахгүйн тулд Богд ууланд хэрэн хэсч яваа хүмүүстэй хөөцөлдөөд хэн, хзээ хог  асгахыг анхаарч суух үнэндээ зав алга” гэж бухимдангуй хариулсан.

Түүнээс цааш яваад Хийморийн овооны чанх хойно очлоо. Өчнөөн олон эрчүүлийн бүтэн жилийнхээ хийморь, сүлдээ даатгадаг Хийморийн овоотой хөрш залгаад нэгэн шинэ хотхон сүндэрлээд эхэлжээ. Хотхоны доод талд засварын газар, нам даралтын зуух аль нь болох нь эс мэдэгдэх улаан тоосгон байшингийн гадна дутуу шатсан нүүрсний үнс, нурам бужигнана. Хаанахын ямар компани үйл ажиллагаа явуулж байгаа талаар сонирхох гэсэн боловч ажилтнууд нь нэг ч үг дуугаралгүй хаалгаа тасхийтэл хаачихлаа.

Таваас зургаан хаус маягийн орон сууц цаана нь баригдаад, дотор заслаа хийж байгаа бололтой. Одооноос үнс нурмаар овоо босгож байгаа юм чинь цаашид хаусын эзэд ирвэл Туулын тамирыг таслахад багагүй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Мөн түүнтэй хаяа залгах Зайсангийн хэсэг гэр хороолол. Тэр хавийн айлууд хогон дундаа амьдарч байна гэхэд хилсдэхгүй.

Хорооны иргэд хогийн машин ирдэггүйгээс хур хог үүссэн гэдэг тайлбарыг өгч байв. Салхи хуйтай өдрүүдэд тэдгээр айлуудын хур хог Туулын зүг хурдалж буй нь тоогүй. Харин Зайсан толгой, Энхтайваны гүүр гэх мэт олны хөл хөлхсөн Туул голын эрэг орчимд энэ мэт хог, бохирын асуудал нүдэнд үзэгдсэнгүй.

Туул голын эхэн Гачуурт хавьд Туул зарим нэг хэсгээрээ мөстсөн хэвээр. Ганц нэг усны шувууд ирсэн харагдана. Анх Биокомбинатад харж байсныг бодвол Туул өргөн чиг, ус нь ч тунгалаг. Гэхдээ бургасан дунд портер машинаар хайрга авах хэдэн залуус, бас л барилгын хог асгасан байхтай тааралдав. Хүн амьдарч байгаа газарт хог байлгүй л яах вэ. Гэхдээ хаана хаях вэ гэдэг соёлжсон нийгмийн иргэдийн ухамсар өөр байх ёстой сон. Туул голын бохирдол, ширгэж тасалдаж буй талаар хэн хүнгүй л сүүлийн хэдэн жилүүдэд ярьж хэдий ч хийж, хэрэгжүүлсэн зүйл алга.

Эцэстээ улстөрчид Туул голоороо шоу хийгээд эхэлсэн. Өнгөрсөн жил хавар, зун, намрын туршид өрнүүлсэн “Хатан Туулаа аваръя” аяны үр өгөөж тухайн үедээ л амьтай байсан бол, өдгөө мартаж орхиж. Өнгөрсөн намар аяны хаалтын үеэр Туулын уснаас амсч, магнайдаа хүргэж хүндэтгэл үзүүлж байсан эрхмүүд өдгөө Биокомбинатын орчмоос хүртээд үзвэл байдал ямар байгаа тун чиг сайн ойлгохсон. Туулын бургасанд барилгын хог, бөөгийн отог бүхий хадган овоо, хог хаягдалдаа түүртэн арайхийн амь гуйн урсаж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж