
Олон улсын дугуйн холбооны мэргэжлийн ангилалд багтах “Хаврын сонгодог уралдаан” нэртэй нэг гараат дугуйн уралдаан Бельгид өчигдөр боллоо. Тус улсын Льеж хотоос гараагаа эхэлсэн уралдаан 255 км үргэлжилж, бариандаа орсон юм. Уралдаанд дэлхийн шилдэг 100 гаруй мэргэжлийн дугуйчин оролцсон байна. Өнгөрсөн жилийн аваргаар шалгарсан Александр Винокуров “Хаврын сонгодог уралдаан”-ыг өнжсөн ч Люксембургийн ах, дүү Шлек, Италийн Винчензо Нибали, Испанийн Самуэль Санчез нарын шилдгүүд оролцсон нь тэмцээний өрсөлдөөнийг улам хурцалжээ. Уралдааны 45 дахь км-ээс эхлэн Энди Шлек, Франк Шлек нараас гадна зохион байгуулагч орны тамирчин Филлипе Гилберт нар толгой хэсэгт гарч ирсэн юм. Улмаар Филлипе Гилберт уралдааны төгсгөлийг сайн хийсний дүнд зургаан цаг, 13 минут, 18 секундын амжилтаар уралдааны аваргаар тодорчээ. Ингэснээр тэрбээр аваргын цомыг 12 жилийн дараа эх орондоо үлдээж чадсан юм. Учир нь хамгийн сүүлд 1999 онд Бельгийн нэрт дугуйчин Фрэнк Ванденброук энэ цомыг авч байсан юм. “Хаврын сонгодог уралдаан”-ы энэ жилийн гарааны удаахь байрт “Леопард Трек”-ийн Франк Шлек орсон бол дүү Энди Шлек нь гуравдугаар байрт хурдалсан байна.
Score Studio