Зүүн бүсийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн сургалт боллоо

Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооноос НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт Зүүн бүсийн сургалтыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгууллаа. Тус сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон улс төрийн намуудын 39 төлөөлөгч эмэгтэйчүүдийг хамрууллаа.

Сургалтыг Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхсайхан, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны гишүүн “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Ц.Оюунчимэг, Монгол Ардын намын бага хурлын гишүүн, хуульч М.Ичинноров, Иргэний зориг эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Д.Наранцэцэг нарын хүмүүс удирдан явууллаа.

Тус сургалтаар “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо ба үйл ажиллагаа, төрийн бодлого, хуулийн танилцуулга”, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага, сонгуулийн тогтолцоо ба процедур ба эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог, хангахад соёлын хүчин зүйлсийг даван туулах нь, эмэгтэй улс төрчдийн имидж бүрдүүлэлт, манлайлалыг хөгжүүлэх нь, өөрийгөө илэрхийлэх, илтгэл тавих, мэтгэлцэх, тайлбар өгөх чадвартай болох нь зэрэг сэдвүүдийн хүрээнд ойлголт өгч тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, боломжийг хайж олох, гарах үр дүн, сөрөг үр дагаврын талаар хэлэлцэж эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар харилцан ярилцлаа.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж