
2011 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн ажиллах хүчний хэмжээг 17,000 хүргэхтэй холбоотой шийдвэрүүдийг гаргасан. Өнөөдрийн байдлаар төслийн хэмжээнд нийт 13,892 хүн ажиллаж байгаа бөгөөд Оюутолгой нь хамгийн том ажил олгогч байгууллагын нэг болоод байна. Энэхүү өсөлтийг хангахаар мэргэжлийн боловсролын чиглэлээр хийж буй 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн.
“Оюутолгой” ХХК Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний нөхцлийн дагуу өөрийн болон төслийн барилгын ажилд дотоодын боловсон хүчнээр бүрдүүлэх үүргээ хариуцлагатай биелүүлж байна. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн хэмжээнд өөрийн болон гэрээт компаниудын нийт 8,611 Монгол ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалтын болон олборлолтын үе шатуудад “Оюутолгой” ХХК-ийн ажиллагсдын 90 хувиас багагүй нь монголчууд байна. Харин бүтээн байгуулалтын шатанд “Оюутолгой” төслийн барилгын нарийн мэргэжлийн ажлыг гүйцэтгэх гэрээт компаниудын ажиллагсдын 60 хувь нь монголчууд байж болохоор зааж өгсөн. 2012 онд олборлолтын үе шат эхлэхэд гэрээт компаниудын ажиллагсдын 75 хувь нь монголчууд болж өсөх бөгөөд ингэснээр ур чадвар, дадлага туршлагатай олон улсын мэргэжилтнүүд “Оюутолгой” төсөлд ажиллан Монголын боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх юм.
“Оюутолгой” ХХК-ийн хэрэгжүүлж буй Сургалтын хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том Мэргэжлийн сургалтын хөтөлбөр юм. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголчуудыг сургаж дадлагажуулан ажлын байраар хангахыг чухалчлан авч үзсэн болно.
2010 оны долоо, аравдугаар сард Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Оюутолгой” ХХК нь Монгол Улсад Мэргэжлийн боловсролыг дэмжих чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн дагуу ажилгүй иргэдийг хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгон сургаж дадлагажуулах ба ингэснээр улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх юм. Санамж бичгийн хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн нийт 114 тэрбум төгрөг буюу 85 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ойрын таван жилд 3,300 иргэнийг сургах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжих, “Оюутолгой” төсөл болон бусад томоохон төслүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх юм.
“Оюутолгой” компани дэлхийн хэмжээний зэс-алтын томоохон төсөлд монголчуудыг сургаж, дадлагажуулан ажиллуулах чиглэлээр өөрийн хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлж буйг дахин тэмдэглэе.
“Оюутолгой” ХХК-ийн Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтэс. 2011.04.25