Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Өрөвдөөд байна

“Гал үндэстэн” холбооноос өнгөрсөн долоо хоногийн турш талбай дээр жагсаал цуг­лаан хийж өнжив. Тэд хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр гэр барьж, морь унан улсынхаа төв талбайг эзэгнэж хэд хо­нолоо. Уг нь жагсаал цуглаан зохион байгуулахыг хүссэн хө­дөлгөөнүүд Сүхбаатар дүүр­гээс  зөвшөөрөл авдаг байсан. Энэ бол хууль шүү дээ. Гэтэл энэ удаад тус хөдөлгөөнийхөн зөвшөөрөл аваагүй гэж байгаа. За энэ яах вэ, хуулиа уландаа гишгэсэн юм байж гэж бодъё. Монголчууд бид эртнээсээ таван хошуу малаа дээдэлсээр ирсэн уламжлалтай. Бог, бод малаа хайрлан өсгөж, үр шимээр нь амьдралаа залгуулсаар ирсэн түүхтэй. Гэтэл “Гал үндэстэн” холбооны тэргүүн, дуучин С.Жавхланд энэ ариун түүх, уламжлал ер хамаагүй юм биш үү. Одоо төв талбай дээр 40 гаруй морь байна. Морьд өвс, усгүйгээр нэлээд хэд хонолоо. Энэ чинь уламжлалаа уландаа гишгэсэн үйлдэл биш гэж үү. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайтыг ирсэн өдөр тэд ГХЯ-ны гадна морьтойгоо жагсаж сүржигнэсэн. Тэр оройгоо Төрийн ордныг тойрч гороолсон. Энэ болгонд морь унаж дээл өмссөн хэдэн нөхөр л давхиад байна лээ. Гэтэл энэ жагсаалыг зохион байгуулагч С.Жавхлан хаана байсан юм  бэ. Морьд өлсч, туурай нь цардмал талбай дээр элэгдээд улдаж байгааг мэддэггүй л юм байх даа. Өөрсдөө гэр барьж дотор нь орж суучихаад мал зовоогоод байдаг, яасан арилсан дотортой хүмүүс вэ. Аягүй бол тун удахгүй үхэр, ямаа, хонь, тэмээ туугаад ирж мэдэх улсууд юм биш үү, эд нар чинь. Машин зам хааж жагсахаар бол таван хошуу малаа тууж оруулчихаад хараад зосч байж мэдэх л хүмүүс гэдэг нь өнгөрсөн долоо хоногт харагдлаа. Тэдний гаргаж байгаа үйлдэл лав л ардчиллын аль ч зарчимд нийцсэнгүй. Тэд одоо хэнээс ч зөвшөөрөл авахгүй, хэнд ч захирагдахгүй болж байна. Яг л найман зууны өмнө байсан өвөг дээдэс шигээ. Тэр чинь найман зууны өмнөх харанхуй бүдүүлэг үед болж байснаас биш XXI зуунд яагаад ч зохихгүй санагдах юм. Дэлхий улам хил хязгааргүй болж даяаршиж байна. Дэлхий Монголыг “шоолж” байна. “Төв талбайгаа морьдоор дүүргэсэн Монгол Улс” гээд “доромжилж” байна. Төв талбай дээр жагсч байгаа хүмүүс ард түмний нэг хэсэг юм бол тэднийг буруушааж байгаа бид ч ард түмний нэг хэсэг. Гэтэл тэдний эдлэж байгаа эрх нь бидний эрхийг зөрчөөд байна. Би морь малын баас үнэртсэн талбай дээр алхахыг хүсэхгүй байна. Хүнээс болж зовж байгаа морьдыг хараад тэвчихгүй байна, өрөвдөөд байна.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж