Кейси Стонер Сепангт рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Кейси Стонер Сепангт рекорд тогтоолоо

Мотоциклийн тойрог замын уралдааны элит ангилал болох MotoGP-гийн улирлын өмнөх сүүлийн сорилго Малайзын алдарт Сепанг тойрог зам дээр болж, Кейси Стонер тус тойруулгад шинэ рекорд амжилт тогтоолоо.

“Repsol Honda” багийн нисгэгч Стонер өчигдрийн уралдааны үеэр нэг тойргийг нэг минут, 59,665 секундэд туулсан нь рекорд амжилт болсноос гадна түүний багийн хамтрагч Дани Педроза мөн л хоёр секунд хүрэхгүй хугацаанд нэг тойрог замыг туулжээ. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга Хорхе Лорензо тун хангалтгүй амжилт үзүүлж, долдугаарт бариалсан байна.

Сорилго уралдааны дараа Австрали нисгэгч Стонер “Би байк дээрээ бүр ч илүү итгэлтэй суух боллоо. Катарт болох эхний уралдааныг тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ. Өчигдрийн туршилтын гараанд “Repsol Honda”-гийн хослолын араас “Honda Gresini” багийн Итали нисгэгч Марко Симончелли гуравт, “Repsol”-ын Андреа Довизиосо дөрөвт, “Yamaha Factory Racing” багийн Бен Спайс тавт хурдалсан байна. “Ducati”-гийн өмнөөс анхны уралдаанаа хийхээр зэхэж буй Валентино Росси тэргүүлэгч Стонерээс бараг хоёр секундээр хоцорч, 11-рт бариалжээ. Гэхдээ энэ сарын эхээр болсон өмнөх туршилтад тэрбээр 13-р байрт орж байсантай харьцуулахад гэмтэл нь ч илааршиж, өөрөө ч дээрдэж байгаа бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж