“РРС”-ийн хувьцааны 51 хувийг Засгийн газар нь эзэмшдэг. Харин ирэх жил гэхэд энэ хувиа 34 болгож бууруулна. Бусад компанийн хувьд ч мөн үүнтэй төстэй арилжаа хийх юм. Иймэрхүү аргаар мөнгө босгож Засгийн газрын өрийг бууруулан төсвийн алдагдлаа багасгах зорилго тавьж магадгүй хэмээн шинжээчид таамаглажээ. Өнгөрсөн онд ОХУ-ын Засгийн газар төрийн мэдлийн томоохон компаниудынхаа хувьцааг худалдах замаар хөрөнгө босгох шийдвэр гаргасан. Энэ нь байгалийн гамшигт өртөж, ургацаа алдсан тариаланчдаа дэмжих, үүнтэй зэрэгцээд төсвийн алдагдлаа ихэсгэхгүй байхын тулд хөрөнгийн шинэ эх үүсвэр хайх гэсэн оролдлого хэмээн судлаачид дүгнэж байв.
Сүүлийн өдрүүдэд Грекийн Засгийн газрын өр нэмэгдсэн нь Европын орнуудын хувьцааны арилжаанд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Грекийн Засгийн газрын бондыг Европын “BNP Paribas”, “Dexia”, “Societe Generale”, “Commerzbank” тэргүүтэй томоохон банкуудын мэдэлд байгаа. Зөвхөн энд дурьдсан дөрвөн банк л гэхэд нийт гурван тэрбум евро буюу 4.3 тэрбум ам.долларын бонд эзэмшдэг. Гэтэл сүүлийн өдрүүдэд бондын өгөөж нэмэгдэж, зээлийн эргэн төлөлт баталгаагүй болсон гэх мэдээлэл хүчтэй цацагдаж байгаа нь Евро бүсийн санхүүгийн байгууллагуудыг нэлээд хүнд байдалд оруулжээ. “Alvarez & Marsal”-ын шинжээч Ажэй Равал “Грект болж буй үйл явдлаас хамаараад банк тус бүр гэхээсээ илүү санхүүгийн тогтолцоо бүхэлдээ хүнд байдалд орж магадгүй” гэсэн байна. Нөгөө талаас сүүлийн үед Грекийн Засгийн газрын өрийг хувиргах талаар нэлээд ярьж байгаа. Энэ нь бонд эзэмшигч банкуудад нэлээд дарамт учруулах боловч хэтдээ эерэг үр дүнтэй хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Европын холбооны албаны төлөөлөгчдийн хувьд энэ асуудал дээр янз бүрийн байр суурьтай байгаа. Тухайлбал, тэдний зарим нь 2013 он хүртэлх хугацаанд төсвийн алдагдлыг их хэмжээгээр танаж буйг онцлоод ийм үед Засгийн газрын өрийг хувиргах тухай ярих нь тохиромжгүй гэж үзжээ.
Одоогийн байдлаар Грекийн Засгийн газрын бондын гуравны хоёр хувийг гадны тэр дундаа Европын томоохон банкууд мэдэлдээ авчихсан байгаа. Зөвхөн Францын банкууд л гэхэд 19.8 тэрбум еврогийн өртөг бүхий бонд эзэмшдэг. Харин хувийн хэвшлээс 42.1 тэрбум еврогийн бонд авсан. Бусад банкны хувьд мөн л үүнтэй адилхан дүр зураг харагдаж байгаа. Хэрэв Евро бүсийн төлөөлөгчдийн ярьж байгаачлан Грекийн Засгийн газрын өрийг хувиргаж эхэлбэл бусад аж ахуй нэгжүүд зээлээ эргэн төлөх боломж нь буурч эхэлнэ гэсэн үг. Үүнээс болж Европын банкууд эрсдэлд орно. Гэтэл энэ жил Евро бүсийн санхүүгийн тогтолцоонд стресс тест хийхээр болсон. Өнгөрсөн жилийнхээс илүү хатуу шалгууртай, эрсдэл даах чадварыг нь сайжруулахын тулд босго өндөртэй стресс тест хийнэ гэдгийг бүгд анхааруулж байгаа. Гэвч Грекийн Засгийн газрын өрийг хувиргах замаар банкуудыг хүнд байдалд оруулж, эрсдэл даах чадварыг сулруулах аюултай. Өөрөөр хэлбэл, ирэх зуны стресс тестэд олон банк өвдөг сөхөрнө гэсэн үг. Энэ талаар цөөнгүй шинжээч анхааруулжээ. Түүнчлэн энэхүү үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд Грекийн Засгийн газар Европын холбооноос дахин санхүүгийн тусламж хүсэх юм. Гэвч Евро бүсийн эрх мэдэлтнүүд үүнийг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй байна.
Европын холбооны хувьд асуудал үүгээр дууссангүй. Европын холбоо, Олон улсын валютын сангаас Грек, Ирландын Засгийн газар санхүүгийн тусламж авсан. Португалийн эрх баригчид удахгүй мөн л зээл авах нь тодорхой болсон. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед Испанийн Засгийн газрын өр дээрх орнуудынхтай дүйцэж очиход ойрхон болжээ. Тус улсын Сангийн яам 2021-2024 онд хугацаа нь дуусах 3.4 тэрбум еврогийн бонд арилжаалсан. Гэтэл саяхнаас 10 жилийн хугацаатай бондынх нь өгөөж өсч, 5.472 болсон байна. Дашрамд дурьдахад, еврогийн бусад валюттай харьцах ханш нэлээд чангарч байгаа. Үүнд, ам.долларын ханш суларсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Евро чангарах нь экспортод түшиглэн эдийн засгаа сэргээхийг оролдож байгаа Европын орнуудын хувьд тийм ч таатай биш. Энэ нь хөрөнгө оруулагчдын зүгээс бүс нутгийн эдийн засагт итгэх итгэлийг сааруулж байгаа аж.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин