Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардаш Дэд сайд руу нь чиглэсэн олон асуултын хариуд “Аудитын тухай хуулийг өнгөрсөн онд УИХ-д өргөн барина гэж байгаад тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан. Энэ онд өргөн барих байх. Одоо хүчин төгөлдөр байгаа Аудитын тухай хуульд 28 алдаа байна. Энэ нь ч хуулийг хэлэлцэх явцыг удаашруулах нэг шалтгаан болсон. Компаниудад ч учир бий. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа нь дуусч байгааг мэдэхгүй явж байдаг. Төрийн өмнө хүлээсэн үүргээ хэр биелүүлж байгаа вэ гэдгээ бодолцох ёстой” гэсэн хариултыг өглөө.
Одоогийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 79 аудитын компани бий. Эдгээр компаниуд дөрвөн мянга гаруй байгууллагад аудит хийж буй аж. Гэхдээ энэ төрлөөр зах зээлийн 30 гаруй хувийг “Эрнест энд Янг Монголия аудит”, “Тэнцвэр Оргил-Аудит”, “Прайс уотер хаус куперс” гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай гурван компани дангаараа эзэлж байгаа гэдгийг энд онцолъё. Монголын эдийн засаг гадагшаа тэлж буй. Энэ хэрээр хөрөнгийн зах зээл ч хөгжиж байгаа. “Ёс зүйгүй”, “нэр хүндгүй” хэмээн дүгнүүлсэн аудитын компаниудын өмнө энэ мэт боломж ар, араасаа гарч ирж байгаа юм. Гэсэн ч тэд боломжийг хэрхэн ашиглах арга замаа одоо хүртэл олоогүй байна. Уул уурхайн баялгаас Монгол Улсад орж ирсэн орлогын 50-60 хувь буцаад гардаг гэсэн сонирхолтой тоог зөвлөлгөөний үеэр хэлсэн юм. Энэ нь гадны компаниуд Монголын бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй гадны компаниар аудит, зураг төсөл зэрэг холбогдох ажлыг хийлгэх шаардлага тавьдагтай холбоотой ажээ.
“Далайван аудит” компанийн ерөнхий захирал Ц.Жигдэнгээс дараах асуултад хариулт авлаа.
-Стратегийн томоохон ордуудад аудит хийлгэхээр гадны компаниудыг сонгон шалгаруулаад байна. Дотоодын аудитын компаниудад энэ ажлыг хийх чадвар бий юү?
-Төр засгаас бидэнд “Оюутолгой, Тавантолгойд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниудаар аудит хийлгэнэ” гэсэн хариуг хэлдэг. Дотоодын компаниудыг энэ ажилд оролцуулах хэрэгтэй. Тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах ч ёстой. Гадаадын компаниуд эдгээр ордуудаас мөнгө босгож, их хэмжээний ашиг олж байна.
-Монголын аудитын компаниуд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа нь чадвартай нь холбоотой юу?
-Чадвар байгаа. Гэхдээ түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа юм.
-Тэгвэл нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, чадамжтай болохын тулд юу хийх хэрэгтэй юм бэ?
-Төр биднийг олон улсын аудитын компаниудын дараа тавина гэдгээ нэгэнт илэрхийлчихлээ. Тиймээс жижиг компаниуд нэгдэж, нийлэх хэрэгтэй байна. Ингэж байж Оюутолгой, Тавантолгойгоос хөрөнгө босгох чадамжтай болно. Манай компани том болчихоод ингэж байгаа юм биш. Хамгийн гол нь зах зээлээ өргөжүүлэх ёстой. Одоо муу үнэлгээтэй байгаа нь үнэн. Тиймээс ёс зүйгээ сахих хэрэгтэй байна.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин