
Ливи улсад энх тайван байдал тогтоож, хүний эрхийг хамгаалахын тулд АНУ, Франц, Их Британи улсууд “санаа тавив”. “Хар хүний төлөө шар хүн” гэгчээр бусдын өмнөөс буу зэвсэг агссан холбоотнууд НҮБ-ын дэмжлэгийг авч буйгаараа түрээ барьж байгаа бололтой. Гэвч энэ удаа НҮБ далаараа нам тавиулах шиг боллоо. Учир нь Африкийн холбоо Ливийн удирдагч М.Каддафитай гал зогсоох тухай хэлэлцээрийг амжилттай хийж зөвшөөрүүлж дөнгөв. НҮБ биш Арабын холбоо үүнийг зохицуулж чадлаа. Гэвч холбоотнууд өнөөг хүртэл Ливийн босогчдод зэр зэвсэг нийлүүлсээр байгаа нь олон улсын тоймчдын дургүйцлийг хүргэсээр байгаа. Тэд үнэхээр хүний эрх, тайван байдлын төлөө цэргийн үйл ажиллагаа явуулсан гэдэгт хүн төрөлхтөн эргэлзэж эхэллээ. Энэ бол үнэний дохио. Гэтэл Турк улсад мөн л иргэний дайны гал ноцож эхлэв бололтой. Тэнд зургадугаар сард сонгууль болно. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо нь 12 хүний нэрийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасчихжээ. Үүний төлөө Туркын курдууд жагсч байна. “12 Курд”-ын гэх энэ хэрэг Араб дахь хувьсгалын шар шуургыг түүчээлэх үү. Эсвэл иргэний дайн дэгдээх үү. Магадгүй Сонгуулийн ерөнхий хороо нь мэдэн будилж улс төрийн эргэлт хийлгэхээр төлөвлөж байж ч болох юм. Ямартай ч зарим ажиглагчийн дүгнэж эхэллээ. Ортой ч байж мэдэх юм. Одоогоор жагсагчид яс үндсээр ялгаварлан гадуурхаж буйг эсэргүүцэж байгаа. Уг нь тэнд шашин шүтлэгийн зөрчилдөөн нэг их байдаггүй ч арьс өнгөөр ялгаварлах явдал мэр сэр бий. Турк нь Курд болон Зазас ястантай. Төрийн албан ёсны хэл нь турк боловч курдиш ба зазак хэлээр бас ярьдаг. Хэрэв энэ хоёр ястан хоорондоо түнжин хагарвал иргэний дайн болохгүй гэх баталгаа байхгүй. Одоогоор Турк улсад болж буй үйл явдлыг харахад үндэстэн хоорондын дайны галыг эхлүүлчихсэн юм биш үү гэсэн эргэлзээ төрүүлж байна. Гэхдээ хэн ч үүнийг хүсэхгүй нь тодорхой. Туркт ёстой энэ л дутав гэж. “Туркийн эрх чөлөө, тусгаар тогтнол, ирээдүй энэ удаагийн парламентын сонгуулиар дуусчих гээд байгаа юм биш. Цус бүү урсгаач” гэж Анкара хотын настан буурал хэлжээ. Мөн жагсагчид, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгч нарыг хэлэлцээрийн ширээнд яаралтай суулгахыг Туркийн Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч нарыг эсэргүүцэгч хөдөлгөөний гишүүд анхааруулж байлаа. Хэрвээ энэ анхааруулгыг хүлээж авахгүй бол байдал улам хурцдах төлөвтэй. Учир нь бусад намуудаас 2000 гаруй дэмжигч жагсч байгаа хүмүүстэй удахгүй нэгдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Өчигдөр гэхэд л цагдаа жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр 26 настай нэг залуу амиа алдсан талаар “Ассошейтед пресс” агентлаг мэдээлсэн юм. Кардишийн Эрх чөлөө Ардчилсан намын тэргүүн Селахадин Дамиртас “Тэр залууг цагдаа нар буудсаныг би харсан” гэжээ. Шударга ёс Хөгжлийн намын гишүүн Нуретин Демиртас “Өнөөдөр Бисмил тосгонд цагдаа нар жагсагчид руу гал нээж нэг хүний амь эрсдлээ. Ерөнхийлөгчтэй утсаар ярих болно” гэжээ. Жагсаал үргэлжлээд гурав хонож байхад цагдаа нар жагсагчид руу даралттай усаар шүршиж нулимс асгаруулах хий хэрэглэсэн боловч намжихгүй хэвээр байна. Жагсагчдыг Ардчилсан намынхан болон Курд үндэстэний холбооныхон хүчтэй дэмжиж байгаа талаар “CNN”-ийн Турк дахь сурвалжлагч Роб Марсиано мэдээлсээр байна.
Туркийн парламентаас одоогийн байдлаар албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа. Харин Английн Их дээд сургуулиудын холбооны улс төр судлаач Жорж дэ Марко “Төрийн тэргүүнүүд СЕХ-оос 12 хүний нэрийг хассаны төлөө улс төрийн эргэлт хийлгэнэ гэж байхгүй. Арга хэмжээ аваад эхэлсэн байх ” хэмээн онцолжээ. Олон улсын ажиглагчид Туркийн энэ байдалд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Нэг хэсэг нь ард түмний итгэж байгаа гишүүдийн нэрийг хассан нь шударга бус гэж үзэж байгаа. Харин нөгөө хэсэг нь иргэний дайн болохгүй гэх баталгаагүй учир НҮБ-ыг бэлэн байдалд байхыг анхааруулжээ.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин