Төр компаниудыг огт дэмждэггүй гэвэл худлаа. Саяхан баахан компаниудыг урамшуулах гэж байгаа тухай мэдээ сонслоо. Үгүй бас овоо доо гэж бодтол байдаггүй шүү. Дандаа төрийн өмчит компанийн захирлуудыг урамшуулах гэнэ. Тодруулбал, Төрийн өмчийн хороо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хийсэн хурлаараа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 91 компанийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэн дүгнээд “Цагаан шонхор”, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ гэх мэт 46 компанийн захиралд урамшуулал олгох шийдвэр гаргасан юм билээ. Чухам ямар хэмжээний урамшуулал гэдэг нь тодорхойгүй. Мэдээж дориухан юм байж таарах биз. Төрийн өмчит компанийн захирлууд ийм хувьтай, азтай ажээ. Харин хувийн хэвшлийнхнийг урамшуулдаг ганц газар нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Гэхдээ МҮХАҮТ-аас шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжид багтахын тулд хамаг байдгаа татварт төлж, бас С.Дэмбэрэл даргын наагуур, цаагуур нэлээд гүйх хэрэгтэй шүү.
Төр засгийнхан эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана, хувийн хэвшлийг дэмжинэ гэж байнга л ярьдаг. Харин бодит байдал дээр жил бүр л төрийн өмчит том том компани байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийг нь төрөөс сонгож байна. Ерөнхийдөө төр бүх юмны эзэн болох тийшээ яваад байх шиг. Тэгсэн хэрнээ Монгол Улс чөлөөт, ардчилсан орон хэмээн цээжээ дэлдэх дуртай. Манай улсад хувийн хэвшил үүсээд 20 жилийг үдэж байгаа ч тэднийг заримдаа төрийн дайсан мэт харна, харьцана. Хуваариа бизнес хийж яваа хүмүүсийг бараг л гэмт хэрэгтэн, хулгайч шиг үзэх нь ч бий.
Уг нь Монгол Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүтээдэг юм шүү дээ. Гэтэл хувийнханд ирэх дарамт өдөр ирэх бүр нэмэгдсээр л байна. Наад захын жишээгээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн өөрчлөлтийг нэрлэж болно. Өдрийн нийт орлого нь 100 мянга хүрэхгүй төгрөгт эргэлддэг хүнсний дэлгүүр ажиллуулахын тулд 10 сая төгрөгийн хураамж төлөх юм гэсэн. Уг нь ядарсан иргэд насаараа дэлгүүр ажиллуулаад ганц машин авч унахыг л хүсч байгаа. Гэтэл төр нь “Хоёр машины үнэ төлөөд наад дэлгүүрээ ажиллуулбал ажиллуул. Чадахгүй бол боль” хэмээн хатуурхаж байдаг. Мөн баар цэнгээний газар ажиллуулъя гэвэл хэдэн цаг хүртэл ажиллахаас хамаараад 1-2 өрөө байрны мөнгө төлөх шаардлагатай. Баллаж байгаа биз. Бас л байртай болох гээд зүтгэж байгаа хүмүүс шүү дээ. Энэ асуудлыг тойрсон элдэв шүүмжлэл гарахаар эрхэм төрийн түшээд “Тэмдэгтийн хураамжийг нь дийлэхгүй бол өөр бизнес хийж болно шүү дээ. Заавал баар, дэлгүүр ажиллуулж яах гэсэн юм бэ” гэж эвтэйхэн хэлдэг. Тэгвэл бусад бизнес нь тийм хялбар гэж үү. Уучлаарай, мөн л ялгаа алга. Хамгийн хялбарт тооцогдох интернэт кафе ажиллуулахад хүртэл хоёр сая 850 мянгаар зөвшөөрөл авна. Мөн мэдээлэл, лавлагааны зориулалттай тусгай дугаарын менежментийн үйлчилгээ эрхлэхэд дээрх хэмжээний төлбөр шаардана. Бодит байдал ийм л байна. Нөгөө жижгийг нь өөд татаж, томыг нь дориухан ноолох бодлогын өчүүхэн хэлтэрхий ч байхгүй. Баян тарганаараа гайхуулах дуртай алтны компаниуд нь хэдэн арван тэрбумаар тоологдох татварын өртэй. Тэгээд бас булзаж, бултахдаа сайн. Ялангуяа, Монголын баялгийн сор болсон алтыг олборлодог “Монгол газар”, “Шижир алт”, “Жамп” гэх мэт том компаниудын татварын өр он дамжин хуримтлагдсаар байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай “Алтан дорнод монгол”-ын өр бүр талийж өгсөн. Энэ компани татвараа төлөөгүйгээс гадна Монгол Улсын Засгийн газартай олон улсын шүүхээр заргалдаж, улсын мөнгөнд уршиг тарьсаар байгаа. Том гэгдэх компаниудын байдал нэг иймэрхүү. Харин жижгүүд нь татвараас зайлсхийнэ, өр үүсгэнэ гэсэн асуудал байхгүй. Татварын байцаагч тачигнатал загнаад, байгааг нь хуу хамаад л явчихна. Хатуу байх нь буруу биш л дээ. Хамгийн гол нь томыг нь харж инээгээд, жижигт нь хөмсгөө зангиддаг байж л боломгүй байгаа юм.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин