Замтай байхын тулд засахаас аргагүй

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Замтай байхын тулд засахаас аргагүй

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЧИХ ЗӨӨЛӨРЧЭЭ
Нийслэлд автозам засварын ажил ид өрнөж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр зам засварын ажилтай газар дээр очиж танилцлаа. Тэр дундаа замыг өргөсгөн, иж бүрэн засвар хийж буй гол газруудад   очиж ажилласан юм. Хамгийн тү­рүүнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Таван шараас Тол­гойт, Орбитын автозамын уулзвар хүртэлх 2.5 километр замын засварын ажлыг очиж сонирлоо. Энэ замын засварын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалт” компани гүйцэтгэж байна. Энд гурван шатахуун түгээх станцийн үйл ажиллагааг бүрэн зогсоож замаа өргөсгөж байгаа аж. Дүүргийн газрын албаныхны хэлснээр “Сод монгол”, “Петровис” компаниуд одоогоор  үйл ажиллагаагаа зогсоон, газраа  чөлөөлж эхлээд байгаа аж. Мөн энд дулааны шугамын маш   олон хоолойнууд замын дээгүүр байрласан байдаг юм байна. Халаалт бүрэн зогссоны дараа уг хоолойнуудыг газар доогуур байрлуулах их ажил   өрнөх нь. Мөн ойролцоох сурталчилгааны самбаруудыг буулгаж эхэлжээ.

Таван шараас 22-ийн товчоо хүртэлх зам эвдрэл ихтэй. Тиймээс цоорч, нарийссан замд хотын төвөөс дутахааргүй түгжрэл үүсдэг нь харагдаж байлаа. 10 километр үргэлжлэх энэ замын одоогийн өргөн нь долоон метр. Харин үүнийг өргөсгөснөөр 21 метр хүртэл сунгах аж. Ингэснээр ачаалал ихтэй, хүнд даацын машин явдаг уг замын ачааллыг бууруулах юм. Замыг сунгахын тулд иргэн, албан байгууллагын эзэмшлийн нэлээд хэмжээний талбайг ашиглах аж. Тиймээс зам дагуу байрласан бетон хануудыг нураасан байна. Харин үүнээс үүдэн гарах нөхөн төлбөрийн асуудлыг одоогоор нийслэл шийдэж амжаагүй байгаа гэнэ. Энд нийт 38 объект, 14 рекламны самбар буулгах шаардлага тулгарчээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Эзэмшлийн талбайг чөлөө­лүүлэх асуудлыг хэрхэн шийдэж байна. Компаниудад сул зогсолтын мөнгө, нөхөн төлбөр олгох уу?
-Үнэхээр зам сунгах зайлшгүй шаардлагатай бол бид чөлөөлүүлж л таарна. Ингэхийн тулд газар эзэмшихийг зөвшөөрсөн захирамжаа хүчингүй болгож байна. Мэдээж нөхөн олговрын талаар тухайн компанийн удирдлагуудтай ярьж, тохиролцох байх. Бидний тавьж байгаа санал, нөхөн олговрын хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэх дээр асуудал гарна. Шүүхээр шийдүүлэх хэрэг ч гарахыг үгүйсгэхгүй.

-Компаниуд зам чөлөөлөхдөө татгалзахгүй байгаа нь ажиг­лагдлаа?

-Тийм. Өнөөдөр энэ хавийн ша­та­хуун түгээх станцууд үйл ажил­лагаагаа зогсоосон байна. Нийтийн эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргаж байгаад нь талархалтай хандах хэрэгтэй. Одоо энэ үргэлжилсэн урт хашаануудыг буулгаж байгаа нь эзэмшигч аж ахуйн нэгж нь бидний шаардлагыг нааштай хүлээн авсан гэсэн үг. Эндээс харахад жил бүрийн зам засварт ахиц гарч байгаа юм.

-Зам засварын компаниуд асфальт хийх уулын шороо, чулуу хомс байна гэж  ярьж байх юм?
-Асфальтны найрлагад орж байгаа уулын чулууны хувьд үнэхээр түвэгтэй. Өнөөдөр нийслэлд асфальт үйлдвэрлэж нийлүүлдэг компаниуд уулын чулуу бүхий ашигт малтмалын орд авах хэрэгтэй байна гэж ярих болсон. Яагаад гэхээр асфальт нийлүүлдэг компаниуд Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулаад байгаа шүү дээ. Гэтэл түүнийг нь бид болиулахаар болсон. Улаанбаатар хотод энэ олон зам, барилгын ажил өрнөхийн хэрээр асфальтны хэрэгцээ их гарна. Тэгэхээр үүнийг бид шийдэх хэрэгтэй байна. Бид Ашигт малтмалын газарт хүсэлт тавьсан. Аж ахуйн нэгжүүд ч хэдэн жилийн өмнөөс ийм хүсэлтээ илэрхийлдэг байсан юм билээ.

ЗУСЛАНГИЙН ЗАМЫГ САЙЖРУУЛНА

Хотын захын замуудад нэлээд анхаарал хандуулж байгаагийн дараагийн жишээ бол Цайз захаас Шар хадны эцэс хүртэлх 3.7 километр зам юм. Мөн Сансарын шатахуун түгээх станцаас Дамбадаржаагийн зам хүртэлх 3.7 километр замыг дурьдаж болно. Эдгээр замд сүүлийн таван жилийн турш засвар хийгээгүй юм. Манай сонины хэд хэдэн дугаарт энэ замын талаар бичиж байсан билээ. Дээрх хоёр замыг өргөсгөхийн тулд 131 айлын хашааг хагаслан авч, 31 байшинг буулгах юм. Одоогоор газар чөлөөлөх ажлын явц нэлээд ахицтай яваа аж.

Урин дулааны цагт зуслан руу явах иргэдийн тоо эрс нэмэгддэг. Харин нийслэлээс хойш байрлах зуслангуудын зам муу байдаг нь осол гарах, яаралтай үед түргэн тусламжийн  болон галын машин очиж чадахгүй болох зэрэг асуудал үүсдэг. Тиймээс энэ жилээс зус­лангийн замуудад анхаарал хан­дуулж байна. Эхний ээлжинд Дамбадаржаагийн замаас Сэлбэ голын зүүн эргээр Шадивлан хүрэх зургаан километр замыг засах юм. Ингэхийн тулд иргэдийн өмчлөлд байгаа хашаа, газрыг чөлөөлүүлэх аж. Төлөвлөсний дагуу энэ замыг өргөтгөхийн тулд нийт 79 хашаа, 12 байшинг буулгах бололтой.

Нийслэлийн авто замын газрын дарга Д.Одоос зарим зүйлийг тодрууллаа


-Гэр хорооллын газрыг чөлөөлүүлэх ажил нэлээд ярвигтай байгаа бололтой?

-Эзэмшил болон өмчлөл гэдэг зүйлийн хооронд асар их ялгаа бий. Иргэн аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байсан Шатахуун түгээх станц, үйлдвэрийн хашаа зэргийг буулгах нь хялбархан байгаа юм. Харин өмчилнө гэдэг чинь тухайн хүний өмч болчихож байгаа болохоор шууд буулгах нураах талаар ярьж болохгүй байгаа тал бий. Иргэнтэй зайлшгүй тохирно. Ямар ч байсан Шадивлан руу явах замыг засч, өргөтгөхөөс өөр аргагүй. Учир нь  дийлэнх зуслангууд руу явдаг гол коридор зам юм.

-Ер нь ийм асуудлыг бид хэрхэн шийдэх ёстой юм бэ?
-Нийслэлийн газрын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн Өмчийн ха­рил­цааны газар гээд бүрэн бүрэл­дэхүүнээрээ хамтарч ажиллаж байна. Тиймээс иргэн, албан байгууллагууд бидний ажилд тусалж, замын асууд­лаа цаг алдалгүй шийдье л гэж хэлмээр байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж