Мэдээллээ хувийн болон байгууллагын нууц руу ”чихэх” вий

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Мэдээллээ хувийн болон байгууллагын нууц руу ”чихэх” вий

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Мэдээллийн ил тод байдал
ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын
тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр
УИХ-ын гишүүн Р.Раш “Хуулийн төсөлд мэдээлэл авах боломжийг иргэдэд хэр
зэрэг нээлттэй тусгасан болон мэдээллийг ямар хэлбэрээр хэдий хэр
хугацаанд авах, Улсын нууц болон Байгууллагын нууцын тухай хуультай
хэрхэн зохицож байна вэ” гэж асуулаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
“Энэ хуульд Тавантолгой, Оюутолгой тойрсон асуудлаар мэдээлэл авах
иргэдийн эрхийг хэрхэн тусгасан юм. Нөгөө талаас хөдөө орон нутагт
УИХ-ын чуулганыг телевизээр гаргахгүй байгаа гэсэн. Энэ нь нэг талаараа
телевизүүдийг хааж, боож байгаа хэрэг юм биш үү” гэдгийг онцолж байсан.
Мөн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл
авах эрх, эрх чөлөөний тухай хууль батлагдсан ч хэрэгжихгүй байх вий
дээ. Хувийн болон байгууллагын нууцад бүх асуудлаа шахчихвал ил тод
байхаа больчихно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэлийн консул
байгуулах талаар их ярьдаг. Энэ консулыг байгуулах боломжтой юу” хэмээн
хууль санаачлагчаас асуув. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Хүрэлбаатар “Бүх мэдээллийг нээлттэй болгох боломжгүй. Энэ хууль
зөвхөн хэвлэл мэдээллийнхний үйл ажиллагааг зохицуулах хууль биш. Иргэд
мэдээлэл олж авах эрхийн тухай юм” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
“Мэдээллийг олон нийтэд ил болгоход анхаарсан нэг заалт байна. Энэ
хуульд Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох мэдээлэл гэж чухам
юуг хэлээд байгаа юм. Мөн мэдээлэл авах цаг хугацааны үнэ цэнэ тааруухан
тусгагджээ. Долоо хоногийн дотор мэдээлэл өгөх гэдгээ багасгах
хэрэгтэй” хэмээв. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Хүрэлбаатар “Сөрөг мэдээллийн тухайд жишээ болгоод хэлчих юм надад
алга. Тиймээс энэ заалтыг хасч болох байх” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүдийн олонхи нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах
эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг Хувийн болон Байгууллагын тухай
хуультай хэрхэн зохицох эсэхийг сонирхож байсан юм. Учир нь иргэн
мэдээлэл авахаар төрийн байгууллагад очиход байгууллагын нууцад
хамааралтай болохоор өгөх боломжгүй гээд хаачихвал хэн ч халдах
боломжгүй. Тиймээс энэ хуулийг дангаар нь бус Хувийн болон Байгууллагын
тухай хуультай хамтад нь хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналтай гишүүд ч
байлаа. Хууль санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Нууцад
хамааралтай мэдээллээс бусад нь ил байна. Мэдээллийг нэг талаас төрийн
байгууллага ил гаргах, харин нөгөө талаас иргэд өөрсдөө хандах зэргээр
авах боломжтой. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх
чөлөөний тухай хуультай болоогүй байгаа нь дээрх нууцтай холбоотой юм”
гэсэн. УИХ-ын гишүүн Н.Ганбямбын хэлснээр байгууллагын нууцыг хаах цаг
нь болсон аж. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг улстөрчид, намуудаас
хараат бус байлгах хэрэгтэй. Чуулганы танхимд телевизүүдийн эзэд сууж л
байна. Хуульд интернэтийн сэтгэгдэл бичдэг хүмүүсийг хаягтай болгоно
гэсэн нь зүйтэй гэдгийг хэллээ. Түүнтэй санал нийлэх гишүүн олон байсан.
Хууль санаачлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Ч.Хүрэлбаатар “Хэвлэл мэдээллийнхний үйл ажиллагааг бус мэдээлэл авах
эрхийг зохицуулсан. Тиймээс хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг уг
хуулиар зохицуулахгүй. Хуулийг батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлнэ”
гэдгийг гишүүдэд дахин тайлбарлалаа. УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн тухайд
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай
хуулийг одоо ярих нь зөв үү гэдгийг асууж байсан. Мөн хуулийг
хэрэгжилтийн шатандаа “унах” юм биш байгаа хэмээн сануулав. Мэдээллийн
ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил
тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх
журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн 86 хувийн саналаар
“Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж