
Фермээ Улаанбаатар хотын захад уултай, устай газар бараадаж бус төв талбайд байгуулах хүсэлтэй байгааг минь болгооно уу. Нийслэл хотын газрын хүрэлцээ хомсдож, шилжин ирэгсэд хаа хол Өлзийт, Эмээлт рүү цөлөгдөж байна. Тэнд амьдраад ферм ажиллуулна гэж худлаа. Өөрийн гэсэн унаагүй хүнд арайхийн арвижуулсан сүүгээ Улаанбаатарт хүргэх гэсээр байтал гашилгах магадлалтай. Тэгээд ч бизнест орон зайн мэдрэмж хамгийн чухал гэдгийг та лавтайяа мэдэж байгаа шүү дээ. Иймд Сүхбаатарын хөшөөний архан талд, Төрийн ордны урдхан талд болдоггүй юм гэхэд талбайн урд талын бүрэн цементэлж чадаагүй газрыг өгсөн ч болно. Тэнд LV-ийнхэн “байшин” барьж, шоу хийж болоод байсан юм чинь цөөхөн хэдэн үнээг өсгөж үржүүлэхэд болох байлгүй.
Гэхдээ уг фермийг зөвхөн сүү худалдаалах төдийгөөр ашиглах бодолгүй байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Махны чиглэлээр ч үржүүлж болно. Бухыг нь хатуу харуул хамгаалалт дор хашиж, манаж өгнө. Хэрэгтэй үед нь хэрэглэчихээд л хав дараад байна гэсэн үг. Харин баас, энэ тэрийг нь хөгжим дуугаргаад байдаг хогийн машинд ачуулчихна. Үнэр танарын тухайд асуудал гарч магадгүй. Тэр тохиолдолд авсан зээлээсээ тодорхой хувийн зарлага гаргаж, үнэр дарагч их хэмжээгээр худалдан авч цацах нууцхан санал надад бий.
Энэ мэтээр миний санаачилгыг та дэмжвэл их удалгүй Сүхбаатарын талбайд фермерийн аж ахуй нээлтээ хийж, эхний ээлжинд авах цөөхөн хэдэн үнээ минь цөөнгүй жилийн дараа мянга, түмд ч хүрч мэдэх юм. Түрүүч нь I нүүрт
Гол нь улаанбаатарчууд маань үнээний дэлэнгээс саасан халуун сүүг цаг алдалгүй хэрэглэж, эрүүл мэнддээ санаа зовох хэрэггүй болно. Засгийн газар гэрээ байгуулна гэвэл Төрийн ордон руу хувин саваар ч болсон зөөж оруулаад өгнө гэж мэдээрэй.
Энэ тухайгаа найз нөхөдтэйгээ ярилцаж суухад нэг их гоё санаа дээр нь нэмэгдсэн байгаа. Тэр нь Монголын аялал жуулчлалд оруулах бодит хувь нэмэр. Сураг сонсох нь ээ, улсын хэмжээгээр аялал жуулчлалын салбараас 220 гаруй сая ам.доллар олдог гэнэ. Түүнийг олохын тулд малчин айлын амьдралыг үзүүлэх хэрэгтэй. Хаа байсан Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай, Увс, Завхан руу зардал мөнгө үрж явж байхаар эндэх фермийг яагаад ашиглаж болохгүй гэж. Гадаад орны тохь тухыг эрхэмлэдэг жуулчныг газрын мухар руу элэг, зүрхийг нь өвтгөн, авч давхиж байхаар энд байгуулах фермийг амьд үзмэр болгочиход л хангалттай шүү дээ.
Манайд ирж үнээ сааж, халуун сүү ууж, тараг бүрж, ааруул тавьж, архи нэрж, өтөг бууцны үнэр үнэртэж, өглөө орой талбай тойрч бэлчих үхэр сүргийг харж болно. Тэр хооронд зургаа авахуулж, дурсгал болгон авахад л хөдөө хотыг хослуулсан аялал жуулчлалын айхтар мундаг үзмэр болох биш үү.
Өвөлдөө Төрийн ордноо бараадасхийж, хавартаа Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгийг ашиглаж, зундаа тэр хавьдаа буурь сэлгэж, намартаа Сүхбаатарын хөшөөний урд талд нар ээсэн шигээ нүүдэл суудлаа зохицуулна. Хадлан тэжээлийг урд талын цэцэрлэгээс бэлтгэж, жуулчдад сонирхуулах үүднээс гар бие оролцуулж ч болно. Монгол малчин хүн хэрхэн амьдардгийг өдөр бүрийн нэг цагийн тусгай хөтөлбөрөөр жуулчдад танилцуулж, татварыг бизнесийн зарчмаар төлнө.
Бүх зүйл миний хүслээр болох аваас Ерөнхий сайд та дэлхийд ховорхон шинэчлэлийн эзэн болж, би ч зах зээлд ойрхон малчин хүн болно. Аль, алинд минь ашигтай байх энэ санааг олж нээхэд тусалсан “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөнд талархал илэрхийлье. Тэртээ тэргүй хөгжиж өгөхгүй, урагшилж чадахгүй байгаа аялал жуулчлалын салбарыг ингэж аврахад тэд анхны санааг өгч, Сүхбаатарын талбайд жуулчдад морь унуулж мөнгө олох аргыг өөрсдийн биеэр нээж өгсөн. Хоточ банхарын хамгаалалтад монгол хүн хэрхэн амьдардагийг, монгол гэр гэж юу байдгийг, монгол морь гантиг талбайд өл залгахгүй хэдэн хоног “гүрийж” чаддагийг баталсан. Тэр ч бүү хэл хөдөө талаар салхи татуулан давхидаг тэр чанараа хаана ч гээхгүй гэдгээ хамгаалж, шүлс, цэрээ ч хүссэн газраа хаяж чадна гэдгээ харуулсан. Тэд ингэж чадаж байхад бизнес эрхэлж, улсдаа татвар төлөхийг хүссэн надад Сүхбаатарын талбайгаас алга дарам газар өгч айл гэрээ төвхнүүлж, өтөг бууц “нөөцлөх” боломж олгохгүй гэхгүй л байлгүй дээ, Ерөнхий сайд маань.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин