Японыг сэргээн босгоход 25 триллион иен

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Японыг сэргээн босгоход 25 триллион иен

Газар хөдлөлтөөс болж учирсан гамшгийн хохирлыг даван туулах онцгой нөхцөлийн төсөв баталснаа Японы засгийн газар зарлажээ. Энэ төсөв нь нийтдээ дөрвөн триллион иен буюу 48 тэрбум ам.долларын хэмжээтэй болсон байна. Энэ төсвийг Японы парламентад энэ сарын эцсээр оруулах бөгөөд хэрэв батлагдвал ирэх тавдугаар сараас төсвийг бүрдүүлж зарцуулах ажлыг эхлэх аж.
 
Дээрх төсвийг бүрдүүлэхдээ шинээр бонд гаргахгүй гэж албаны хүмүүс мэдээлсэн бөгөөд энэ нь тус улсын дотоодын асар их өрийг нэмэгдүүлэхээс  сэргийлэх үүднээс ингэж шийдсэн байна. Мөн Японы засгийн газар улс орноо бүрэн сэргээн босгоход 25 триллион иен хэрэгтэй болж байна гэсэн тооцоог гаргасан гэнэ. Харин дээр дурдсан дөрвөн триллион иенийн төсөв нь түр оршин суух байр сууц барих, эвдэрч сүйдсэн дэд бүтцийг сэргээх, гамшгийг арилгахтай холбоотой зээллэг зэрэгт зориулагдах юм байна. Японы зүүн хойд хэсгийн дэд бүтэц эвдэрч сүйрсэн бөгөөд цацрагийн аюул занал хэвээрээ байгаа юм.

Ерөнхий сайд Наото Канын хэлснээр бол энэ онцгой байдлын төсөв нь цаашид бүрдүүлж зарцуулах нэмэлт хэд хэдэн төсвийн зөвхөн эхнийх нь гэж онцолсон байна. Эхний төлөвлөсөн төсвийн 2.5 тэрбум ам.долларыг тэтгэврийн сангаас гаргахаар болжээ. Харин хүүхэдтэй гэр бүлд өгөх тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хойшлуулахаар болсон байна. Хэдийгээр Японы эдийн засгийн үзүүлэлтийг хоёр дахин өсгөсөн хэмжээтэй тэнцэхээр их дотоод өрийн дарамтаа нэмэгдүүлэхгүйн үүднээс нэмж бонд гаргахгүй гэж Наото Кан мэдэгдсэн ч мэргэжилтнүүд үүнд нь итгэхгүй байгаа аж. Учир нь сэргээн босголтын ажилд зориулж их хэмжээний зээлийг олгохоос өөр аргагүй гэж тэд үзэж байгаа юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж