“Ваа, дамшиг” хэмээн томоо гаанс зуусан Итгэлт баян намжиртайхан алхана. Номын хуудас, киноны дэлгэц хоёрт амилан, зүрх сэтгэлд хоногшсон дүрүүд энэ удаа тайзнаа “буулаа” ДБЭТ-ын тайзан дээр тав гэзэгтэй, хүдэр эр Эрдэнэ “Эрдэнэ засгийн унага”-ыг аяланхан суух нь сонин бөгөөд содон. “Тунгалаг Тамир” зохиол мюзикл болон шинэ цагийн монголчуудтай шинэ дүр төрхөөр мэндчилсэн нь энэ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн хамгийн сүүлчийн бүтээлийг мэндэлснийх нь 60 насны ойд зориулан анх удаа үзэгчдэд толилуулсан нь энэ билээ. Итгэлтээс бусад бүх гол дүрийг найрал дуучид бүтээсэн. Тайзан дээр ганцаараа гарч дуулдаггүй найрал дуучдаар дүр бүтээлгэн, өөрсдийгөө нээх боломж олгох нь Нацагдорж агсны хүсэл байсан юм. Мюзиклийн найруулагч бөгөөд Итгэлт баян, УГЖ Д.Ганхуягтай уулзлаа.
-Юуны өмнө сайхан бүтээл тайзнаа амилуулсанд баяр хүргэе. Үзэгчид, мэргэжил нэгтнүүд чинь хэрхэн хүлээн авав даа?
-Их сайхан хүлээж авлаа. Их дажгүй болсон байна л гэнэ. Зарим нэг санал, шүүмж ч хэлсэн. Хөгжим жаахан чангадуу байсан гэж зарим хүн хэлсэн. Найзууд маань янз бүрийн зөвлөгөө өгсөн л дөө. Ерөнхийдөө сайхан болсон ч гэлээ анхны гэдэг утгаараа алдаа, оноо байлгүй яахав. Дараагийнх нь энэ 23-нд тоглоно. Түүн дээрээ алдаагаа засна. Цаашдаа улам сайжруулаад л явна гэж бодож байгаа.
-Энэ бүтээлийг анх барьж авч, тайзнаа тавья гэдэг санаа, сэдэл яаж төрөв өө?
-Нацагдорж гуай маань 2-3 жилийн өмнө бичсэн юм. Монголын ард түмний хамгийн сайн мэддэг, гадаад орнуудад ч орчуулагдаад гарчихсан энэ зохиолоор мюзикл хийвэл сайхан болох байх гэж бодсон юм билээ. Надад бол манай найрал дууны удирдаач Дашбямба, зураач Ганбаатар хоёр санал тавсан юм. Та үүнийг найруулаач гээд. Намайг эстрад энэ тэртэй холбоотой байсан,”Тунгалаг Тамир”ын хоёрдугаар ангид нь тоглож байсан, олон дуурьт тоглосон туршилгатай гэдэг утгаар нь санал тавьсан л даа.
-Анх тэгээд санал тавихад яаж хүлээж авав?
-“Би чадах юм уу? Би ямар найруулагч биш” гэсэн л дээ. “Хамгийн гол нь хөгжим мэддэг хүн байх хэрэгтэй, тэгэхээр та тохирно” гэж тэд хэлсэн. Хөгжмийн зохиолч нь бас амьд байхдаа “Чи Итгэлт шүү. Чи л тохирно” гээд байдаг байсан юм, хөөрхий. Түүнийг нь ч бас бодоод хийгээд үзье гэж шийдсэн. Зориглосон. Дээрээс нь театр дэмжсэн.
-Яг ажилдаа ороод, найруулаад эхлэхэд ямар байсан бэ?
-Эхлээд ч би яг л Нацагдорж гуай шиг бодож байсан л даа. Хүн бүхний мэддэг зохиол юм чинь, ёстой гоё болно гээд л. Яг хийгээд эхэлсэн чинь зөрчил үүссэн. Мюзикл маань сүүлийн үед гарч ирсэн шинэ жанр шүү дээ. Дуу, хөгжим, бүжиг холилдсон. Гэрэл, хурд гээд л. Энд тэндхийн зөндөө олон мюзикл үзэж судалгаа хийсэн. Орчин үеийн амьдралыг харуулсан бүтээлийг хийхэд тохиромжтой жанр. Гэтэл зохиол маань 1900-гаад оны үйл явдал. Их айвуу, тайвуу яриа хөөрөө, үйл явдалтай. Гэтэл мюзикл гэдэг өөрөө их хэмнэлтэй. Итгэлтийг ямар өөрийг нь үсэргээд цовхчуулаад байлтай нь биш. Түүнээс биш яг орчин үеийн зохиол байвал яг тэр ном ёсоор нь тавьж болохоор л юм билээ. Яаж ч үзүүлж болж байна.
-Хувцас хунар зориулж хийж чадаагүй гэж сонссон. Төсөв хөрөнгө нь хүрээгүй юм уу?
-Анх бид 40-өөд сая төгрөгийн төсөв хийсэн юм. Тэр нь ороод ирсэн бол гоё болох байлаа. Ядаж гэрэл энэ тэр нь цоо шинэ байхгүй юү. Хувцас хунарыг нь хөнгөн шингэн хийгээд л. Төмөрийг гэхэд ширтэй нь дээрээс кранаар буулгая гэх мэтийн олон гоё санаа байсан л даа. Гэтэл төсөв нь хоцорчихсон гээд олигтой мөнгө орж ирсэнгүй. 10-аад сая төгрөг орж ирээд л, таваар нь микрофон аваад л, үлдсэнээр нь жижиг сажиг юм цуглуулад л таарсан. Дандаа хуучин юмнууд ашиглаж хийсэн. Анх ярьж, бодож байснаараа хийж чадаагүй ээ.
-Ивээн тэтгэгч хайхгүй яав аа?
-Хайсаан. Цагаа тулахаар амар олддог эд биш байна билээ. Хүмүүс тэгье тусалъя гэчихээд л дараа нь утсаа ч авахгүй алга болчихдог л юм билээ. Нэлээд эрт л эхлэх ёстой байсан юм билээ. Уг нь урлаг нийгмийг чирч явдаг хөдөлгөгч хүч нь байхгүй юү. Урлагийн сайхныг бахдаж, түүнд тэмүүлж, түүнээс таашаал авч нийгмээрээ урагш алхаж байдаг учиртай. Гэтэл үүнийг мөнгөтэй хүмүүс, бас дарга нар ойлгохгүй юм даа.
–Ер нь яг барьж аваад хэдий хугацааны дотор босчихов оо?
-Ерөөсөө хөгжмийн бичлэг бэлэн болоод арав хоногт л гарсан даа. Цомнол дээрээ засвар хийсэн. Түүнээс улбаалаад хөгжим нэмэх болсон. Тэгсээр байгаад жоохон удсан. Тэгээд хөгжим бэлэн болоод л хэдхэн хоногт боссон. Найрал дууны хэсгийг манай дуучид эрт аваад бэлтгэчихсэн байсан болохоор гайгүй байсан л даа.
-Найруулагчийн ажил ямархуу санагдав даа?
-Хэцүү юм байна. Тийм амар ажил биш. Гэхдээ театрынхаа хамт олонд баярлаж байгаа. Манай театр үнэхээр байнгын ажиллагаатай амьд театр гэдэг нь харагдсан. Төсөв нь бүтэхээ байгаад ирэнгүүт бүх зүйл театраас гарах болж байгаа юм чинь. Хувцас хунар, гэрлээс өгсүүлээд л. Дорхноо л бүгдийг цуглуулсан. Цуг ажиллаж байсан хүмүүс маань бүр гайхаж байсан. Академик театр гэдэг академик л байдаг юм байна гэж байсан. Би маш их баярлаж байгаа.
-Аажуу тайван цаг хугацаатай, төсөв хөрөнгөтэйгээр бүр жинхэнэ утгаар нь мюзикл хийх юмсан гэдэг шунал хүсэл төрөв үү?
-Төрсөн шүү. Ерөөсөө бүгдээрээ нийлээд дахиад нэг мюкикл хийе гэдэг саналыг манай хөгжмийн найруулга хийсэн Алтанхуяг эд нар тавьсан. Надад ч бас урам зориг орсон. Яг сайхан зохиол байх юм бол ёстой гоё, жинхэнэ утгаар нь хийж болох юм байна гэж бодсон. Аргагүй харуулж байгаа ахуй энэ тэрдээ сая баригдсан. Жишээлбэл “Парисын дарь эхийн сүм” мюзикл байна. Тэр хамаагүй эртний он цагийг харуулж байгаа ч хотын амьдралыг тайзнаа буулгана гэдэг хөдөөгийн мал ахуйтай амьдралыг буулгахаас их өөр л дөө. Ядаж л хувцас хунартаа баригдахгүй.
-Итгэлтийнхээ тухай жаахан ярья. Нацагдорж гуай яагаад таныг Итгэлт гэж харсан юм бол?
-Намайг “Улаан дарцаг” кинонд тоглож байхад “Тунгалаг Тамир” кино гарчихсан байсан юм. Итгэлтийн том цагаан гэрт л тэр “Улаан дарцаг”-ийн арван хэдэн хүүхэд байж байлаа. Нөгөө үзсэн киногоо дуурайж тоглоно. Модоор гаанс хийчихээд, би Итгэлт болоод Батжаргал гээд сагс тоглодог нэг хүүгээ Долгор болгож хэвтүүлчихээд л “Зүгээр, зүгээр” гээд л лаа маа унтраана. Найруулагч энэ тэр маань сэмхэн харчихдаг байж. Биднийг шоолоод л. Тэр яриа явсаар байгаад бас хүрсэн ч байж мэднэ.
-Нэг талаар бас зөгнөж байжээ.
-Тэсэн байна. Нөгөө төлөөр “Жаргалын зам” дуурийн Жалсарын дүрд би тоглосон. Тэр бол Итгэлттэй их ойролцоо дүр. Нацагдорж гуай “Ер нь бол тиймэрхүү шүү дээ. Итгэлттэй их ойролцоо” гэдэг байсан юм.
-Та хоёр их дотно найзууд байсан уу?
-Бид чинь хамт багшилж байлаа. СУИС-д. Манай театрын даргаар хоёр ч удаа ажилласан хүн шүү дээ. Мань хүн надад ингэж хэлдэг байсан юм. “Ганхуяг аа, би чамд их баярлаж явдаг. Би хоёр удаа дарга болоод хоёр удаа буухад намайг хэн араас өшиглөж байсныг мэднэ. Хэн зангаа хувиргаж байсныг ч мэднэ. Харин чи байгаагаараа л байсан. Түүнд чинь баярладаг” гэдэг байсан юм.
-Та тэгээд Итгэлтийг ямар байдлаар бүтээхийг зорив? Ямар талаас нь?
-Зохиолоос нь ердөө гажаагүй. Хөгжмийн зохиолч нь гэхдээ мюзиклээ эротик тал руугаа байвал зүгээр гэдэг байсан юм. Итгэлтийг ч гэсэн. Шоу маягийн гэж. Түүнд нь дөхүүлэхийн тулд Итгэлт, Долгор хоёрын шугамаа ерөнхийд нь барьсан л даа. Долгор болохоор ядарч явахад минь тусалсан ачтай хүн гэж Итгэлтэд хандаад байдаг. Гэтэл Итгэлт “Эхийгээ харсан ботгоны нүд шиг нүдтэй сайхан бүсгүй” гэж хараад байдаг. Баян хүн гурван төрд нүүртэй гэдэг шиг тэр санаагаа хүч түрэн гүйцэлдүүлсэн. Түүнээс болоод хамаг асуудал үүссэн шүү дээ. Хувь заяаны эргүүлэг болоод, Долгор усанд унадаг. Цомнол нь угаасаа эхний ангиар нь байхгүй юү. Хүчтэйн өмнө хүчгүй нь яаж ч чаддаггүй шүү дээ. Одоо ч энэ зарчим хэвээрээ. Итгэлт хэлдэг шүү дээ. “Эрдэнэ мэдвэл тусгүй хэрэг болно оо доо. За тэгээд ямаа туйлаад янгиагаа эвдэх биш, тэмээ туйлаад тэнгэрт гарах биш. Яавал гэж” гэдэг. Мөнгөтэй хүн тэгж л бодсон. Зохиолын санаа өнөө хэр нь шинээрээ байгаа гэж би хэлнэ. Ийм л байдаг юм шүү, та нар болгоомжтой байгаарай гэсэн санаа.
-Итгэлт Итгэлтдээ юу гэж хэлэв? Нээлтэн дээр Очирбат гуай ирсэн харагдсан.-Их гоё гоё үг хэлсэн. Ерөнхийдөө их сайхан боллоо гэсэн. “Итгэлт бол их цэмцгэр хүн шүү дээ. Чи бол нэг навсайсан хүн л яваад байна” гэсэн. Аргагүй шүү дээ, хувцас хийлгээгүй, нэг том дээл хөөргөөд бүсэлчихсэн юм чинь. “Инээд чинь их олдож байна” гэсэн. “Намайг дуурайж Итгэлтийг бүтээгээд хэрэггүй, өөрийнхөө Итгэлтийг гарга” гэж бас зөвлөсөн.
-Нэг бодлын ард түмний дэндүү сайн мэддэг танил дүрийг бүтээх амаргүй юм аа даа. Цоо шинэ дүр бол хүссэнээрээ бүтээж болно.
-Үнэхээр хэцүү. Кино нь гарчихсан, тэр нь хүмүүст их хүрсэн учраас түүнтэй ойролцоо бүтээхгүй бол буухгүй шүү дээ.
Б.Цацрал