Н.Энхбаяр хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байна

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг урилаа.

-Хүүхдийн төлөө үндэс­ний газрын /ХТҮГ/ даргын албан тушаалд анхнаасаа л Нийгмийн ардчилал эмэг­тэй­чүүдийн хол­боо (НАМЭХ)-ны тэр­гүүн асан Д.Ал­­­тай суух нь гэсэн мэ­дээ­­лэл гарч байсан. Гэтэл Тө­­рийн албаны зөвлөлөөс уг таамгийг батлах мэт то­милгоо хийчихлээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-ХТҮГ-ын дарга асан М.Тогтохням өөрийн хүсэл­тээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Үүний дагуу ХТҮГ-ын даргын албан ту­шаалд тэнцэх хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт явуулсан юм.

Үүнээс өмнө Д.Алтайг ХТҮГ-ын дарга болох нь гэж нэлээд шуугиж байсан нь үнэн. Төрийн албаны зөвлөлийн хувьд сонгон шалгаруулалтад  хэн хэн орох нь тодорхойгүй байгааг тухайн үед нь хэлж байсан. Шалгаруулалт болоход нийт есөн хүн оролцсоноос хамгийн өндөр оноог Д.Алтай авч, ХТҮГ-ын даргаар томилсон юм. Шалгалтыг нийт долоон үзүүлэлтээр явуулж, эцсийн дүн гарахад өрсөлдсөн хүмүүсээс санал гомдлыг нь сонсоход шалгалтын дүнг бүгд хүлээн зөвшөөрсний дагуу л болсон зүйл шүү дээ.

-Ингэж асуусны учир нь аль нэг албан тушаалд очих хүнийг урьдчилж бэлдчихээд одоо ажиллаж байгаа хүнийг өөрийн хүсэлтээр ажлаасаа гар гэх тохиолдол байгаа юм шиг санагдаад байгаа юм?
-Дээрх томилгоо бол тийм асуудалтай холбоогүй гэж бодож байна. Учир нь М.Тогтохням тухайн албан тушаалыг хангалттай хугацаанд хашсан хүн. Ер нь сонгон шалгаруулалт болохоос өмнө тухайн албан тушаал дээр очих хүнийг янз бүрээр таамаглах тохиолдол байдаг. Тэр таамаглал үндэслэлтэй байх нь ч бий. Нэр нь яригдаж байсан тухайн хүн сонгон шалгаруулалтад нэрээ өгөөд ороод ирдэг. Эдгээр хүмүүс нь олны танил байх нь элбэг. Мэдээж олны танил хүмүүс ямар нэг байдлаар нийгэмд танил болсон, хүмүүсийн анхаарлын төвд орсон, чадвартай хүмүүс байдаг. Ингээд шалгалтад тэнцэх тохиолдол гардаг. Үүнийг л хүмүүс “Төрийн албаны зөвлөл захиалга биелүүлж байна” гэх нь бий. Гэхдээ хэн нэгэн даргын “Өөрийн хүсэлтээр ажлаасаа гар” гэсэн тушаалын дагуу ажлаа орхиж байгаа жишгийг бий болгохгүй, төрийн албанд шударга ёс тогтоохын төлөө л Төрийн албаны зөвлөл ажиллаж байна.  

-Өнгөрсөн жил Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалгалтаар нэлээд зөрчил илрүүлсэн гэсэн. Энэхүү зөрчлийг хэрхэн арилгаж байна вэ?

-Тухайн үед хууль зөрчиж, удирдах албан тушаалд томилогдсон хүмүүсийг хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэж байсан. Шалгалтын дүнгээр дээрх 106 удирдах ажилтныг албан тушаалаас нь энэ оны хоёрдугаар сарын дотор огцруулах сануулгыг байгууллагад нь өгсөн юм. Харин уржигдрын байдлаар хуулийн дагуу сонгон шалгаруулалт хийж томилгоо явуулсан гэсэн хариу ирүүлсэн байна. Гэхдээ 21 удирдах албан тушаалтны томилгоо засагдалгүй хэвээр үлдсэн байгаа юм байна. Мөн мэргэжлийн шалгалт огт өгөөгүй 133 хүнийг төрийн албанд томилсон байснаас 62 хүний томилгоо засагдаагүй хэвээр байна. Үүнээс гадна Төрийн албан хаагчийн шалгалт өгчихөөд Төрийн албаны зөвлөлөөр дүгнэлт гаргуулаагүй томилогдсон 115 хүнээс 28 хүний зөрчил арилаагүй байна.

-Шалгалтаас гадна гомдлын дагуу нэлээд зөрчил, дутагдал илэрдэг юм билээ. Тухайлбал, саяхан танайд ХӨСҮТ-ийн хамт олноос даргаа огцруулж өгөөч гэсэн гомдол ирүүлсэн гэсэн?
-ХӨСҮТ-ийн хамт олны тавьсан гомдлыг бид харьяа яаманд нь шилжүүлсэн. Яам нь үүнд хариулт өгөх байх. Төрийн албаны зөвлөл Захиргааны шүүхийн урьдчилан шийдвэрлэх журмаар томилгоо, төрийн жинхэн албан хаагчийн ёс зүй зөрчсөн, зэрэг дэв буруу олгосонтой холбоотой маргааныг шийдвэрлэдэг байгууллага шүү дээ. Энэ утгаараа манайд гомдол их ирнэ. Үүнийг хоёр талтай гэж боддог. Нэг талаараа дээрх зөрчил тасрахгүй байна. Нөгөө талаар Төрийн албан хаагчид эрхээ мэддэг болж, Төрийн албаны зөвлөлд итгэж байгаагын илрэл юм болов уу.

-Татварын ерөнхий газрын даргын томилгоог хууль бус болсон гэдэг шүү дээ. Ямар учраас тэр вэ?
-Татварын ерөнхий газрын даргыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явуулалгүй Засгийн газраас шууд томилсон. Тиймээс энэхүү томилгоог хууль бус гэж үзэж байгаа юм.

-Тэгээд ямар арга хэмжээ авч байна?
-Засгийн газарт хууль бус томилгоогоо засах сануулга өгсөн байгаа. Одоогоор ямар ч хариу ирүүлээгүй байна.

-Хэзээ сануулгаа өгсөн юм бэ?
-Саяхан өгсөн. Засгийн газрыг энэхүү томилгоогоо залруулах байх гэж найдаж байгаа.

-Тэгвэл Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын томил­гооны тухайд?
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын томилгоо бол хууль ёсны дагуу болсон. Нээлттэй зарласны дагуу бүртгүүлсэн хүмүүсийн дунд шалгаруулалт явуулж, санал болгосны дагуу  л үйл явц болсон. 

-Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед та хуулийн зөвлөх нь байсан хүний хувьд асуухгүй өнгөрч болохгүй байна л даа.  Н.Энхбаяр долдугаар сарын 1-нд онц байдал зарлахдаа хуулийг нь судлахыг танд даалгасан гэж нэг ярилцлагадаа та дурьдсан байсан. Гэтэл одоо Н.Энхбаяр “С.Баяр намайг дарамталж байж онц байдал зарлуулсан” гээд байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Н.Энхбаяр даргын ярилцлагыг уншиж байхад онц байдал зарласныг буруу байсан гэсэн агуулгатай зүйл яриагүй байсан. Харин онц байдал тогтооход хүргэлгүйгээр тухайн асуудлыг шийдэж болох байсан гэдэг утгатай зүйл л хэлсэн юм болов уу гэж ойлгосон шүү дээ. С.Баяр дарамталж байгаад онц байдал зарлуулсан гэдгийг өөрийнх нь амнаас сонсоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Би тэр хоёр хүний хооронд ямар яриа өрнөснийг мэдэхгүй шүү дээ.

-Тэгвэл Н.Энхбаярын одоо гаргаж байгаа үйлдлийг юу гэж бодож байна вэ. Хуулийн зөвлөх нь байсан бол та юу гэж зөвлөх байсан бол?

-Би тэр хүний үйлдэлд дүгнэлт өгөөд байх хүн биш л дээ. Ер нь Н.Энхбаяр Монгол Улсын бүхий л өндөр албан тушаалыг ээлж дараалан хашиж байсан хүн. Харин одоо жирийн иргэн болчихсон байна. Жирийн иргэнд хуулиар ямар эрх олгогдсон байдаг юм. Тэр эрхээ л эдлээд явж байна шүү дээ. Тухайлбал, жирийн иргэн үг хэлэх,  жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхтэй шүү дээ. Харин ч Ерөнхийлөгч байхдаа хийж болохгүй байсан зүйлсээ жирийн иргэн болсон хойноо хийж болно. Хүмүүс зохистой, зохисгүй гэдэг талаас нь хараад байгаа болохоос жирийн иргэн бол Үндсэн хуулиар олгогдсон бүх эрхээ эдлэх боломжтой юм.

-Ерөнхийлөгчийн албанаас бууснаас нь хойш Н.Энхбаяр таньтай холбогдож, хуулийн зөвлөгөө авах тохиолдол байсан уу?
-Түүнийг Ерөнхийлөгийн ал­банаас бууснаас нь хойш би хууль зүйн талын зөвлөгөө өгөөгүй.

-Та хуульч хүний хувьд хуулийн байгууллагуудад ямар дүн тавьж явдаг вэ?
-Хуулийн байгууллагууд маргаан, мэтгэлцээнийг зохицуулахдаа хүн бүрийн сэтгэлд хүрсэн шийдвэр гаргадаггүй гэдэг утгаараа байнга шүүмжлэл дунд байсаар ирсэн. Гэхдээ би хуулийн байгууллагыг тийм сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Социализмын үед манай хуулийн байгууллагууд социалист хууль ёс гэсэн тодотголыг авч явдаг байлаа. Тэр үед намын бодлогоор  бүх зүйлийг зохицуулдаг байсан. Харин 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталснаар хуулийн системд шинэтгэл хийж, ардчилсан нийгэмд ямар хуулийн тогтолцоо хэрэгтэй вэ гэдгийг эрж  эхэлсэн. Түүнээс хойш аль ч  хуулийн байгууллагын шинэчлэл шат шатандаа явагдаж, ардчилсан нийгэмд тохирсон шинэтгэл бүхий хуулийн байгууллага бий болох эхлэл тавигдсан гэж боддог.Саяхан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба Шударга ёс” сэдэвт чуулган болсон. Энэ бол шинэчлэлийн бас нэг давалгаа юм. Иймэрхүү шинэчлэл хийх л ёстой.
-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:

"Улс төри

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж