Мэдээллийн ил тод байдал тэгш эрх олгож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдал тэгш эрх олгож чадах уу?

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 86 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд төрийн мэдээллийг иргэдэд ил тод болгоход чиглэж байгаа юм. Гэхдээ энэ нь бүхнийг мэдээлээд бай гэсэн үг бас биш, зарим мэдээллийг тодорхой заалтуудаар хязгаарлаад байна. Тодруулбал, төсөлд тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бодитой үндэслэл болох бол.  Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа бол. Тухайн мэдээлэл нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хяналт шалгалтын шатанд байгаа хэрэг явдалтай холбоотой бол. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлага байгаа бол. Тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах тухайн үйл явцтай холбоотой бол дэлгэх боломжгүй гэсэн мэдээлэлд ангилагдах болж буй юм. Хэрвээ төрийн албан хаагч дээр заасан заалтуудыг зөрчиж, мэдээллийг иргэнд өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах юм байна. Мөн нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд иргэн, хуулийн этгээдэд гаргаж өгөөгүй тохиолдолд тухайн албан тушаалтан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахаар заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Ганбямба хэвлэл мэдээллийн хэрэгслийг эздийн хараанаас салгаагүй цагт энэ хуулийн үр дүн гарахгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай хамтатган хэлэлцэх зорилгоор хэсэг хугацаанд төслийг хойшлуулчихвал яасан юм бэ гэсэн саналыг гаргав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Энэ хуулиар зөвхөн төрийн байгууллагын мэдээллийг иргэнд ил тод болгох зорилготой болохоос хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн төрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх нь хангагдахгүй байгаа учраас энэ хуулийн хүрээнд зохицуулахыг оролдож байна” гэсэн юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хэлснээр бол төрийн байгууллагуудаас мэдээлэл авах  эрх өнөөдөр зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болохоос хувь иргэнд хаалттай. Энэ нь эргээд иргэний нийгмийг төлөвшүүлэх, иргэд өөрөө өөрсдийнхөө бий болгосон төрөө хянах бололцоог бий болгож чадахгүй байгаа тул, хэвлэл мэдээллийнхний нэгэн адил ижил нөхцөлд мэдээлэл авч чаддаг байх бололцоог бий болгоход хуулийн зорилго оршиж буй гэлээ. Гэвч өнөөдөр хувь хүний нууцтай холбогдох маш олон мэдээлэл төрийн байгууллагад хадгалагдах болсон. Үүнийг нь ямар нэг аргаар эсрэг нөхөр нь санаатайгаар олж аваад, олон нийтэд цацаж, тухайн иргэний нэр хүндэд халдаад зогсохгүй, гэр бүл, найз нөхөд, ажилладаг байгууллагад нь хүртэл хохирол учруулбал яах вэ. Цаашид хийх хэлэлцүүлгийн үеэр энэ мэт асуудлыг зохицуулах чимхлүүр заалт оруулж өгөхгүй бол Засгийн газраас мэдүүлсэн төсөлд хамгаалах орчин байхгүй аж.  Мөн төр, ард түмний эсрэг мэдээллийг тухайн байгууллага “Улсын нууцад хамаарна” гэсэн шалтгаанаар иргэнд гаргаж өгөөгүй бол яах вэ гэдэг асуудал ч хөндөгдөөд авлаа. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын хэлснээр бол одоогоос 20 жилийн өмнө ийм нэгэн явдал болж байжээ. Тодруулбал, 1991 онд алт диллерийн хэрэг гэгч, томоохон хэрэг мандаж…  Чөлөөт сэтгүүл зүй хараахан хөгжөөгүй байсан ч, энэ хэргийг сэтгүүлчид анх гаргаж, тавьсан. Харин засаг төр мэдээллийг ер тоогоогүй. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал  туйлын хүндэрч эхэлснээр төрийн томчууд валютын нөөцөө ашиглахаар шийдтэл өнөөх сэтгүүлчдийн хөндсөн  60 орчим сая ам.доллар хэсэг нөхдийн гараар орж, диллерт тавиад туусан болсныг мэдсэн гэдэг.  Ийм мэдээллийг дээрх хуулийн хүрээнд иргэнээс нууж болох уу. Бас л ээдрээтэй асуудал хэвээр үлдэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн анхааруулснаар энэ хуулийн хүрээнд үнэн мөн чанарыг гуйвуулсан, бодитой бус мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нөхцөлд буруутай этгээдэд хариуцлага тооцдог байх заалтыг оруулж өгөхгүй бол зөвхөн төрийн байгууллага, иргэн хоёрын харилцааг зохицуулж байгаа хууль гэсэн шалтгаанаар хайрцаглаад үлдээх нь учир дутагдалтай гэсэн санааг ч дэвшүүлээд авлаа.  Учир нь олонхи гишүүний хэлснээр хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхний тэтгэлгээр амьдардаг болчихож. Тэтгэлгийг нь хүртдэг учраас үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж чадахаа байчихсан. Түүнээсээ болоод улстөрчдийг хооронд нь эвдрэлцүүлэх талд л илүү ажилладаг. Ингэснээр зөвхөн захиалга сэтгүүл зүй хүчтэй хөгжих болсон. Тиймээс  иргэд өөрөө өөрсдийнхөө бий болгосон төрд хяналт тавих үүрэгтэй гэдэг үүднээс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг чамбай боловсруулаад баталчихвал, үр дүнтэй хууль болно гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж