
Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах аравдугаар сард дэлхийн халуун цэг Афганистан улсыг зорьсон энхийг сахиулагчид эх орондоо ирлээ. Афганистан улсад явагдаж буй тогтвортой эрх чөлөө олон улсын ажиллагаанд оролцсон МУ-ын Зэвсэгт хүчний цэргийн багийн гуравдугаар ээлж Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд өчигдөр газардав. Цэргийн бие бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд С.Эдлтон, Батлан хамгаалах яамны удирдлагууд угтан авч баяр хүргэсэн юм. ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай цэргийн багийн бие бүрэлдэхүүнд хандаж “Афганистан улсад үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирсэн цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Бид 2011 онд ХБНГУ-тай хамтран Афганистан улсад 400 алба хаагчаа үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Дөрөвдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүний 50 гаруй хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид аж. Монгол Улсаас явсан бие бүрэлдэхүүн Афганистан улсад зохион байгуулж байгаа АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд Цэргийн хамгаалалтын рот болон артиллерийн сургалт, нисэхийн засвар үйлчилгээ, хөдөлгөөнт цэргийн багийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр Афганистан улсад есөн сарын турш цэргийн бие бүрэлдэхүүнийг удирдлагаар хангаж ажилласан Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч П.Батжаргалтай уулзлаа. Тэрбээр “Манай улсын алба хаагчид тэнгисийн цэргийн баазын аюулгүй байдлыг хангах, Афганистаны үндэсний армийн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургахад хувь нэмрээ оруулсан. Үүнээс гадна Үндэсний ахлах төлөөлөгчийн хувьд Тэнгисийн цэргийн төв штабд Монгол улсаа төлөөлөн удирдаж ажиллалаа. Үүрэг гүйцэтгэх хугацаанд цагийн байдал тогтворгүй байсан учир үргэлж сонор сэрэмжтэй байхыг шаардаж байсан. Манай алба хаагчдын мэдлэг чадвар, тэсвэр хатуужлыг Афганистан улсын армийн удирдлагууд үнэлж, дахин сургагч багш нараа илгээхийг хүсч байсан” гэв.
Мөн энэ үеэр Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн ахлагчаар ажиллаад ирсэн дэд хурандаа Т. Ганбямбатай уулзаж, зарим асуултад хариулт авлаа.
-Таны ахалсан баг Афганистан улсад чухам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Манай багийн хувьд Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус армид шинэ тутам байгуулагдсан Артиллерийн салбар сургууль, явган цэргийн салбар сургууль дээр үүрэг гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл олон улсын хамтарсан багийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан гэсэн үг. Үүрэг гүйцэтгэх зургаан сарын хугацаанд нийтдээ 2000 гаруй артиллерийн мэргэжлийн офицер ахлагч нарыг бэлтгэсэндээ сэтгэл хангалуун байна.
-Тэнд өөр ямар улсын цэргийн багтай үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Манай улсын цэргийн бие бүрэлдэхүүнтэй Австрали, Сингапур, АНУ, Англи, Францын цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэсэн.
-Цагийн байдал ямар байв. Уур амьсгалын хувьд өөр биз дээ?
-Биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Афганистаны өвлийн улирал тохиосон. Манайхаар бол намрын улиралтай төстэй учир хүнд байгаагүй. Харин дайн байлдаантай бaйгаа учир цагийн байдал хүнд байсныг хэлэх хэрэгтэй.
С.Отгон