
Хилсээр хоригдож, нэр хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон ч ажил үйлсдээ чин шударгаар зүтгэж, байгаль хамгаалах салбарынхны хүчир хөдөлмөрийн нэр хүндийг өндөрт өргөсөн А.Вандан-Очирт БОАЖЯ-наас мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн. Шагналыг БОАЖ-ын сайд Л.Гансүх өнөөдөр гардуулж, яамны ажилтнууд байлцан хүндэтгэл үзүүлэв.
Байгаль хамгаалагч А.Вандан-Очирын хэргийг гурван шатны шүүхийн байгууллагаар хэлэлцсэний эцэст ийнхүү үнэн мөнийг тогтоон цагаатгаж, төр засгаас хохирлыг нөхөн олгохоор шийдсэнд БОАЖ-ын сайд талархаж байгаагаа илэрхийлэн, байгаль хамгаалах үйлсдээ улам бүтээлч ажиллахыг хүслээ.
А.Вандан-Очир нь Борнуур сумын байгаль хамгаалагчаар 2005 оны 5-р сараас хойш ажилласан. Ажиллах хугацаандаа тэрбээр өгсөн даалгавар, удирдамжийн дагуу орон нутагтаа хяналт шалгалтыг цаг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шийдвэрлэхийн зэрэгцээ зөрчил гарахаас сэргийлэх, зөрчлийн тоо, хэмжээг бууруулах талаар идэвх санаачилгатай сайн ажилласан. Тухайлбал, Борнуур сумын байгаль хамгаалагч байхдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны харъяат иргэд ЗИЛ-131 маркийн 8 автомашинаар 4 метр урттай 64 шоо метр нойтон мод, Улаанбаатар хотын харъяат иргэд ЗИЛ-130 маркийн чиргүүлтэй 3 автомашинаар 24 шоо метр шургааг мод, Баянчандмань сумын иргэд ЗИЛ-130 маркийн 5 автомашинаар /5 чиргүүлтэй/ тээвэрлэж явсан 80 орчим шоо метр шургааг мод, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны харъяат иргэд ЗИЛ-131 маркийн 6 автомашинаар 2 метр урттай 60 шоо мерт түлээний мод зэргийг хууль бусаар бэлтгэн тээвэрлэж явсныг илрүүлэн, зохих арга хэмжээ авсан. Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос орон нутагт орох орлогын төлөвлөгөөг 2006, 2007 онд цаг хугацаанд нь давуулан биелүүлж байсан.
Байгаль хамгаалагч А.Вандан-Очир Борнуур сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа сумын засаг даргаасаа үүрэг аван нойтон мод бэлтгэж, экологийн үнэлгээгээр 76,5 сая төгрөгийн “онц их” хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хоёр байгаль хамгаалагчийн хамт саатуулаад зохих байгууллагад хүргэхээр явах үедээ тэдгээрийн нэгнийх нь биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцогдон 2007 онд буруутгагдсан билээ.
Тэрбээр Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагчаар 2010 оны 5-р сараас хойш томилогдон ажиллаж байна.
Хүчит техник хэрэгсэл ашигладаг хууль зөрчигчдийн эсрэг хүч барсан, цаг наргүй хөдөлмөрт үнэнчээр зүтгэж буй байгаль хамгаалагчид хохирсон тохиолдол нэг биш удаа гарсан. Өнгөрөгч оны төгсгөлд ч байгаль хамгаалагч амь биеэрээ хохирсон явдал тохиолдсон. Байгаль хамгаалагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг БОАЖЯ-наас шат дараатай хэрэгжүүлж байгаа. Салбарын хэмжээндээ 2009 оныг “Байгаль хамгаалагчдыг чадавхижуулах жил” болгон зарлаж, дорвитой шинэчлэлүүд хийсэн. Мөн 2011 онд байгаль орчны орон нутгийн байгууллагуудыг чадавхижуулахад жилийн турш үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Авч хэрэгжүүлэх арга хэмжээнд төсөв хөрөнгө хангалттай хүрэлцдэггүй тул ийнхүү жил бүр шат дараатай алхмууд хийж байна.