Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

“Би ерөнхийлөгч болно”

Монголын бүх хүн хар нялхаасаа л бүгд дарга болохыг мөрөөддөг. Тэдний
тодорхой хэсэг нь ямар нэг байдлаар том, жижиг “дарга” болдог оо.
Дийлэнх хэсэг нь нялхаасаа өвгөрч хөгшрөх хүртлээ л “тэр” том
мөрөөдөлтэйгөө бодит орчинд бус амьдарсаар дуусах нь бий.

Нэгэн удаа гадаад хэлний багш маань биднээс “Мөрөөдөл чинь юу вэ?” гэж
асууж байсныг санаж байна. Тэгэхэд бусад орны оюутнууд маш баян хүн,
алдартай дуучин, их сургуулийн профессор, айлын сайн эзэгтэй, нэртэй энэ
тэр дуучинтай уулзаж гар барьж үзэх, сайн ресторан нээх зэрэг ийм, тийм
гээд маш бодитой зүйлүүдийг мөрөөдөхдөө хүртэл төлөвлөж байгаагаа хэлж
байлаа. Гэтэл манай нутаг нэгтэн маань гэнэт “БИ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО”
гэсэн юмдаг. Тэр үед багш маань хэсэг бодолхийлснээ би монгол 5 дахь
оюутнаас ийм үг сонсож байна. Яагаад заавал та нар эр, эм, залуу,
хөгшингүй ийм адилхан боддог байнаа гэж билээ.



Үнэндээ яагаад монгол хүмүүс ийм байдаг юм бол? Яахав эр хүний дотор
эмээлтэй, хазаартай морь багтдаг. Эм хүний дотор эмээл, хазаартай морь
нь эзэнтэйгээ багтдаг гэж ер нь малтайгаа хамаатуулж бүх зүйлээ бид
хэлэлцдэг л дээ. Угаасаа нүүдэлчин сэтгэхүйтэй, ганц нэг гэрээрээ
нүүдэллэн байгалийн хүчин зүйлийн өмнө улаан нүүрээрээ ганцаар тулахаас
өөр гарцгүй явж ирсэн өвөг дээдсийн маань сэтгэхүйн өвлөл нөлөөлдөг байж
болох юм аа. Гэхдээ л онол, арга зүйн үндэслэл муутай, арга ядсан
гаргалгаа.




Тэгээд ч ийм сэтгэлгээний гачааллыг үе үеийн оюуны чадвартангууд маань
анзаарч нэн тэргүүнд өөрчлөх зорилт үе үе тавин ажиллаж ирсэн байдаг юм
билээ түүхээс анзаарч байхад.




Тухайлбал, ойрын жишээ гэвэл социализмын дундаас төгсгөл хавьцаа манай
бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, эрлийзжүүлэн ашиг шимийг нь
нэмэгдүүлэх, бэлчээрийн байдлаас аль болох фермерийн хэлбэрт шилжүүлэх
өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн хүй нэгдлийн үеийн байдлыг шинэчлэх, цаад
том утгаараа эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх, хүмүүсийнхээ сэтгэлгээний
хоцрогдлыг арилгах нь хамгийн зөв бодлого гэдгийг анзаарч хэрэгжүүлж
эхэлсэн байдаг юм.




Үүний үр дүнд шилмэл омгийн мал – Говь-Алтай үүлдрийн хонь, Төгрөгийн
хос зогдорт тэмээ, Өлгийн улаан ямаа, казахын ууцан сүүлт хонь, цагаан
толгойт үхэр, наран, саран хайнаг, Завханы Сартуул хонь, буурал омгийн
ямаа, Увсын Баяд үүлдрийн хонь, Тэс хэвшлийн адуу, “барга”, “үзэмчин”
хонь, Баяндэлгэрийн улаан ямаа, Галшарын адууг үржүүлж, малын үржил
селекцийн ажилд эрчимтэй ашиглах арга хэмжээ авч улмаар Орхон хонь, Говь
гурван сайхан ямаа, Талын улаан үхэр, гахай, шувуу зэрэг мах, сүү,
ноос, ноолуурын чиглэлийн сайн чанарын малыг генийн өөрчлөлтөөр ашиг
шимийг дээшлүүлж байсан байх агаад өдгөө ч үр шимээ өгч байгаа биз.




Нөгөөтэйгүүр төрөөс үүлдэр, омог, гойд ашиг шимт малыг богино хугацаанд
өсгөхийн тулд биотехнологийн аргыг өргөн нэвтрүүлэх, түүхий эд, мах,
сүүг нь боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, хадгалах, тээвэрлэх гэсэн
асар өргөн хүрээтэй, хоорондоо уялдаа холбоо бүхий
институци-байгууламжийг байгуулж, түүндээ тулгуурласан бодлого үйл
ажиллагаа авч ирсэн байдаг.




Мэдээж амжилттай болсон эсэх бол өөр асуудал бөгөөд гол нь өөрт ногдсон
малаа л маллаж өсгөх үүрэгтэй, шуудхан хэлэхэд академик боловсрол
байхгүй малчдад 90-ээд оны эхээр мал хувьчлах нэрийн дор төр тэрхүү
бүхэл бүтэн институцийн үүрэг функцыг бүгдийг нь үүрүүлснээр сүйрэл
болсон.




Тухайлбал, хүй нэгдлийн үеэсээ л эхлэн бидний амь зуулга мал байсан,
түүнийхээ түүхий эдийг арилжиж, таваар солилцооны хэлбэрээр амьдралаа,
төр улсаа тэтгэж ирсэн. Түүнийгээ борлуулах зах зээлийг нээхийг хөрш
улсаасаа гуйж нэг үзэж, дайтаж нэг нээлгэдэг байсан. Одоо хэлбэр нь л
жаахан өөрчлөгдөж, Хаалган боомт нь Эрээн хот болж нэр нь өөрчлөгдөж
байршил нь улам манай нутаг руу ойртсоноос өөр өөрчлөлт байхгүй ээ. Энэ
утгаараа ч монголчууд бид түүхийнхээ хугацаанд ядаж малынхаа түүхий
эдийг цуглуулах, борлуулах механизмыг өөрсдөө хийж байгаагүй. Хятадын
данжаадууд жалгаар тарсан нүүдэлчдээс цуглуулдаг, сүүлхэнээ оросын
худалдаачид цуглуулдаг, анхан шатны боловсруулалт буюу ноос угаах
газруудыг байгуулж байсан байдаг. Сүүлд өөрсдөө хийснийгээ тараагаад
хаячихаад эргээд л хятадуудад даатгачихсан.




Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Хүний хүн аваад явахаа л бодож
хүнийснүү гэхээс өөриймсүү хандаж хойчийг чинь бодохгүй нь лав. Өө,
Гэхдээ урд хөршийн маань иргэн–хужаа манай малын ашиг шимээр тэрбумтан
болсон өвөрлөгч Журамт гэгч өнгөрсөн өвлийн зуднаар манай мал хорогдоход
ихээхэн санаа зовоод хүрэлцэн ирж, малчдын ачааллыг бууруулахад
зориулан Ерөнхийлөгчид 4 нисдэг тэрэг, цагдаад 50 эргүүлийн машин, Шадар
сайд М.Энхболдод 7 нисдэг тэрэг, бас зуу шахам автомашин цээжний
бангаар амлаад явсан юм байна. Мэдээж хөөрхий Журамт маань цас зуданд
зовж байгаа малчдыг нисдэг тэргээр малаа хариулаг гэж өөрийнхөө өндөр
хөгжилтэй улсын хэмжээгээр сэтгээ байлгүй дээ. Арга байж уу.




Ухааны сохор, нүдний сохроос аюултай гэх тухайд


Ганцхан хөдөө аж ахуйн салбар гэлтгүй бүхий л салбар, институцийг
иймэрхүү харалган “Сохор ухаанаар” хөтөлснөөс шалтгаалж, нийгмийн
байгууламжийг л татан унагах гэж байгаад давхар олон зууны турш үе
үеийнхний мөрөөдөж, хэмжээ хэмжээндээ л хийхийг оролдсоор ирсэн, эдийн
засгийн зовж байж босгож байсан учиртай бүтцээ сүйрэлд хөтөлж орхисон
юм.




Энэхүү дүгнэлтийг хийхдээ хуучин үеийг санагалзсандаа, тэр үеийн
бодлогын технологи бүгд зөв байсан гэдэг утгаар хэлсэнгүй. Тэгээд ч
миний насныхан тэр үеийг сайн мэдэхгүй, урьдын судалгаанууд дээр
тулгуурлаж байна. Арай өөр өргөн хүрээтэйгээр манай улсын геополитик,
геоэкономикийн орон зайн хүрээлэлд тохирох байгууламжийн бүтцийн
асуудлыг хөндөж тавьж байгаа болно. Мэдээж хүнд үйлдвэрлэл хөгжөөгүй,
технологижсон үйлдвэр байхгүй, гол нь бүтээмж байхгүй тийм бүтцийг юуг
нь тэгтлээ саймшраад байна гэж гайхах байх л даа.




Тухайлбал, нэг зүйлийг энд хэлмээр байна. 90-ээд оны үед ардчилсан
хувьсгалын нөлөөгөөр манай сэхээтнүүд, ерөнхийдөө оюун санааны
чиглүүлэгчид маань хүртэл маш өрөвдөлтэй нөлөөлөлд хөтлөгдсөн байсныг
санаж байна. Хүн бүгд л ардчилалын тухай ярьж, цэцэрлэгийн эрхлэгчээс
эхлээд манаач гээд бүх албан тушаалтан сэтэртэнг ардчилсан сонгуулиар
сонгодог байлаа. Мөн үндэсний уламжлал хүчтэйгээр сэргэж байх тэр үед
Шинжлэх Ухааны Академи хошуучлан "Төрийн их үзмэрч", "алтан цөгцтэй харь
гаригийнхан", "голланд дахь Чингисийн удмын Жаргалт хаан" гэх мэт ямар ч
утга учиргүй тэнэглэл давхар явж байсныг лав л би мэднэ. Ийм үед
Дожоодорж билүү дээ, тэр үеийн том гэх зохиолчид хуучин нийгмийн дарга
нарын хангамж, тансаглалын талаар их олон ном бичиж хүмүүс уншдаг
байлаа. Тиймэрхүү нэг номонд ЗХУ-ын нөлөөгөөр манай ариун сайхан
бэлчээрийн мал аж ахуйг эрлийзжүүлэн бузарлаж малын геноцид үйлдсэн гэх
ухааны юм бичсэн байсныг маш тод санаж байна. Эрчимжүүлсэн мал аж ахуйг
хөгжүүлэх нь маш хортой, буруу алхам байсан. Отор нүүдлээр байх нь
зүйтэй, манай эх оронч хонь, ямаа, үхрүүд Орос руу цөлөгдөж байгаа нь өр
зүсч, нулимс дуслуулахад хүргэж байна гэх хошин кампанит ажил газар
авч, ном зохиол, өгүүлэл нийтлэл, нэвтрүүлэг, кино их хийсээн. Эцсийн
дүндээ нийгмийн тийм хаус байдал ямар үр дүнд хүргэж болдогийг зөвхөн
хөдөө аж ахуйн салбараар жишээлэхэд нотолж болж байгаа.




Нэгэн удаа аав маань надад монголын төрийн байгууламж, эдийн засгийн
бүтэц, загварчлалын талаар ярьж байгаад “Ухааны сохор, нүдний сохороос
аюултай” гэж хэлж байсан юм.




Тэгээд Хуучин нийгмийн байгууллыг институц-байгууламжийн хувьд зайлшгүй
задлах учиртай, ингэхийн тулд түүний тулгуур эд эс болсон эдийн засгийн
тулгуурыг зад цохих зайлшгүй шаардлагатай. Ингэж байж тулах тулгуургүй
улс төрийн байгууламж оршин тогтнохгүй. Нөгөөтэйгүүр өнгөрсөн үеэс
үлдсэн саад бэрхшээлийг арилган нийгмийн шинэ байгууламж 21 зууны
тэргүүлэгч хөгжлийн төвшинд нийцэх эдийн засгийн бүтэц бий болгох явдлыг
Монгол Улс зорилгоо болгон ажиллах хэрэгтэй байна. Мэдээж эдийн засаг
сэргэх үйл явц, хэр зэрэг цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардах нь аж ахуйн
нэгжийн өөрчлөлт, айл өрхийн амьжиргааны төвшин болон Монголд хөрөнгө
оруулагчдын итгэл найдвар зэргээс ихээхэн шалтгаална. Засгаас хөгжилд
чиглэсэн макро эдийн засгийн уян хатан бодлого баримтлаж хөрөнгийн зах
зээлийг чөлөөлөх, санхүүгийн болон аж ахуйн нэгж компаний өөрчлөлт
шинэчлэлтийг эрчимтэй хэрэгжүүлэх нь зүйтэй байгаа гээд надад японы
эрдэмтэн Хирона сан гуайн манай эдийн засгийн загварчлалын талаарх
лекцийн эмхтгэлийг өгч байсан юм.




Үүний гаргалгааг би олон олон судлаачдын хийсэн дүгнэлтүүдээр их олон
байдлаар хардаг. Энэ нь С.Бямбасүрэн гуайн Засгийн үед маш зөв
муужруулах эмчилгээг эхлүүлэхдээ ихээхэн буруу тооцоололтын алдаанаас
шалтгаалж нийгмийн байгууламжийг задлах явцдаа цаашид суурь болох
учиртай эдийн засгийн зөв бүтцийг сүйрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ч
П.Жасрай гуай “Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэж хэлсэн нь ч ихээхэн
логик гаргалгаа бүхий томьёолол юм.




Учир нь Монгол Улс нь бүхэл түүхийнхээ турш хэрэглэгч улс байсан. Юм
бүтээж үйлдвэрлэж байсангүй. Дор дорноо л “ширмэн тогоогоо хайлуулж
галын хайч хийнэ” гэдэг шиг л явж ирсэн. Одоо ч тийм байна. Цаашид ойрын
10 хол гаран жил бас тийм хэмжээнд явна. Харин асар олон золиосны
хүчинд социализмын үед буруу ч гэсэн үйлдвэржүүлэлтээр дамжуулж эдийн
засгийн зөв бүтцийн суурийг тавьсан байдаг юм. Тэрийг нь нураасныг
П.Жасрай гуайн үед “Алт хөтөлбөр”-өөр дэмжүүлж үйлдвэрлэлийг сэргээх
оролдлого хийн Харанхуй хонгилд сохор хүн адил тэмтчиж явахдаа тэртээд
сүүмийсэн гэрэл ассаныг хэлсэн болов уу.




Харин даанч М.Энхсайхан түүнийг нь гаалийн татвар тэглэлтээр нурааж
орхисон юм. Энэ нь зөвхөн үндэсний үйлдвэрүүдийн амыг бариснаар
тогтохгүй шинэ үеийн бизнес эрхлэгчдийн хувь заяаг шийдэн
үйлдвэрлэл-бүтээмжийн бус дамын наймаа, хар захын хэлбэр лүү түлхсэн
үйлдэл болсон. Ингэснээр эдийн засгийн том утгаараа Монгол Улс 100%
хэрэглэгч зах-улс болж, шинэ нийгмийн байгууламжийн үр шимээрээ
тэргүүлэгч хөгжлийн төвшинд нийцэх эдийн засгийн бүтэц бий болгох явдлыг
20 жилээр ухраах үйлдэл болсон.




Энэ нь олон зууны турш чадвартануудын маань нийгмийн ямар байгууламжид
харьяалагдахаас үл хамаарч дамжуулан хэрэгжүүлсэн эдийн засгийн зөв
бүтэц бүрдүүлэх бодлогод гарсан жоохон ахицыг балруулдаж, цоо шинээр бий
болгохоос өөр гарцгүй болгосон.




Одоо бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зах зээлийг чөлөөлөх замаар
байгалийн нөөцийн олзворлолтод тулгуурлаж хөгжихөөс өөр гарцгүй болсон.
Энэ үйл явц геополитикийн эрсдэл л учрахгүй бол 50 жилд хэрэгжинэ.




Дараа дараагийн Засгийн газруудаас Ц.Элбэгдоржийн засаг банкны салбарын
шинэтгэлийг эхлүүлсэн нь одоо эхлэх хөрөнгийн зах зээлийг суурийг
тавьсан юм. Түүнчлэн Н.Энхбаярын хаанчлалын 12 жилийн үед ёстой өнөө
маргаашаас аргацаасан, бүтээмжгүй, худлаа шоудсан, зогсонги царцанги
байсан. Маш хайран хугацаа алдсан. Энд их өр тэглэлтийг тооцсонгүй гэх
шаардлагагүй, эдийн засгийн зөв бүтцийн талаар авч үзэж байгаа болохоор
хэлэлцэгдэх хэмжүүр биш. Цаашид бүтээмжтэй ажиллаж чадах эсэх, хөгжлийн
сууриа зөв тавьж дахин алдаа гаргахгүй, гол нь цаг алдахгүй байх эсэхээс
их хамааралтай.




Байгаль өөрөө ган, зудаар дамжуулж зохицуулалт хийж байна


Монгол улсын эдийн засгийн гол үндэс болсон хөдөө аж ахуйн салбар нь
одоогийн байдлаар улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18,8 орчим,
экспортын орлогын 10,0 гаруй хувийг бүрдүүлж нийт ажиллах хүчний 36,0
гаруй хувь нь энэ салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарын
дотоодын нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг мал аж ахуйн салбар дангаараа
үйлдвэрлэж байна.




Салбарын бүтцээр анхдагч салбар буюу хөдөө аж ахуйн салбар, үүн дотроо
мал аж ахуйн салбар 1999 он хүртэл ДНБ-ий 30-40 орчим хувийг үйлдвэрлэж,
2000 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт учирсан байгалийн гамшиг,
үйлчилгээний салбарын өсөлтөөс шалтгаалж, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д
эзлэх хувийн жин буурч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хувийн жин
өссөөр байна. Гэхдээ сууриараа цаашдаа ч манай эдийн засгийн бүтцийн
үндсэн бүрдүүлэгчийн нэг байсаар байх болно.




Учир нь хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс
илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах
үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг
хангахад чиглэгддэг. Дэлхийн олон улс орнуудад хүнсний хомсдол асар
тулгамдсан асуудал болж ирээдүйн дайны гол өгөгдэхүүн болох болно.
Үүнтэй нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн
салбар нь ихээхэн чухал байр эзлэх ёстой юм.




Гэтэл манай мал аж ахуй малын тоо толгой өссөнөөс өөрөөр ахиц байхгүй,
уналтын байдалтай дампуурлын ирмэгт байгаа. Тэгээд ч манай мал махыг аль
ч орон импортлож авахгүй байна. Ямар сайндаа Ерөнхийлөгч нь хүртэл
манай бэлчээрийн зэрлэг малын махыг идээч ээ. Юун нь болохгүй байгаа юм,
экологийн цэвэр мах байна гэж хэрүүл хийж байх вэ дээ. Мэдээж юу идэж
ууж байсан нь тодорхойгүй, газар нутаг, гол, горхинууд нь химийн хороор
бохирдсон газрын махыг идэж өөрсдийгөө хэн ч эрсдэлд оруулахгүй нь
ойлгомжтой биз дээ. Өөрөөр сэтгэх хэрэгтэй бид.




Малын тоо толгой бэлчээрийн даацын уялдаа зохицуулалт байхгүй, зөнд нь
орхисон болохоор байгаль өөрөө ган, зуднаар дамжуулж зохицуулалт хийж
өгч байна бидэнд. Өнгөрсөн зуднаар нийт малын 23 хувь нь хорогдсон нь
маш сайн цэвэрлэгээ болсон. Цаашид ч цөөлөх хэрэгтэй.




Судалгаанаас үзэхэд сүүлийн 20 жилд ойт хээрийн бэлчээрийн ургац
36.1-63.7, тал хээрийн бэлчээрийнх 41.6-44.0, цөл, цөлөрхөг хээрийн
бэлчээрийн ургац 68, 56, 75 хувь болж буурсан. 2010-2030 он гэхэд ойт
хээрийн бэлчээр 10 хувиар устах төлөвтэй. Судлаачдын дүгнэлт, Ус, цаг
уурын хүрээлэнгээс гаргасан тооцоогоор нийт нутгийн 30 хувь нь
бэлчээрийн нөөц хэвийн, 70 хувь доройтолд орсон аж.




Уур амьсгалын төлөв байдлын талаар хийсэн урьдчилсан төсөөллөөс үзэхэд
дулааралт улам эрчимжиж 2020, 2050, 2080 он гэхэд энэ үеийнхээс их
халуун болж зарим бүс нутагт бэлчээр байхгүй болж, зундаа хүртэл мал
тэжээхэд хүрнэ гэсэн дохио өгч байна. Зуншлага сайтай нутаг руугаа
нүүгээд байх ирээдүй бүрхэг учир байгаа нутагтаа тогтож ногооруулахын
төлөө тэмцэж, фермержин ажиллахаас өөр аргагүй болно. Маш ойрхоноос
харахад Дундговь зэрэг аймагт сүүлийн 3 жилд бороо ганц дусал ч ороогүй.




Эдийн засгийн хосолмол тэтгэгч бүтэц гэх тухайд


Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь
өсөж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ буурч
байгаа гэсэн тоон үзүүлэлт гардаг боловч мал аж ахуйн үйлдвэрлэлийн ач
холбогдлыг хэзээ ч бууруулж болохгүй. Монголчууд газрын доорх баялгаа
ухаж дууссан цагт мал аж ахуй нь ширгэшгүй ундарга хэвээр учиртай.




Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хосолмол тэтгэгч бүтцийг хамтад нь авч явах учиртай юм.




Арабын Емират шавхагдашгүй газрын тосны нөөц нь дундраагүй дээрээ эдийн
засгийн нөхөгч бүтцийг бүрдүүлэхийг туйлын ихээр эрэлхийлж, ухаантай,
мунхаг, сохор, доголон хамаагүй арабын үр сад бүгдээрээ зөвхөн дэлхийд
тэргүүлэгч ранктай 50 их сургуулиудын аль нэгэнд л бүх чиглэлээр сурч
байна. Тэгээд ч өөрийн элсэн цөлдөө аялал жуучлалын эдийн засгийн
хөшүүргийг татах зорилгоор далайд хиймэл арлуудыг байгуулж, дэлхийн
хамгийн өндөр барилгыг барьж, хамгийн тансаг зочид буудлыг ажиллуулж,
хамгийн том Duty free бүхий Дубайн нисэх онгоцны буудал зэрэг хамгийн
хамгийн гэсэн тансаглал бүхий дээд зэрэглэлийн аялал жуучлалыг хөгжүүлж
байна. Мөн мөнгө хүүлэлийн аргад суралцах, хөрвөхөд еврейчүүдийг араас
нь гүйцэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ бүхэн нь зөвхөн юунд чиглэж
байна вэ? Зөвхөн нефтийн буянаар боссон улс цаашид энэ хүрсэн түвшнээ
алдахгүй хадгалж байх, гол нь одоо байгаа эдийн засгийн бүтцээ өөрчлөх
зорилтын л тулд билээ.




Гэхдээ Арабын Емират тийм амжилттайгаар тэр хүсээд байгаа түвшиндээ
хүрчихнэ гэдэгт би эргэлзэж байна. Учир нь Дубайд очиж энгийн ахуйтай нь
танилцаж байхад тэнд хамгийн аймшигтай нь нэг ч араб хар бор гэх үү, юу
гэх үү үйлчилгээний, техникийн шинжтэй ажил хийдэггүй. Зүгээр сууж
байгаад л тодорхой хугацаа тутамд их хэмжээний тэтгэмж улсаасаа авдаг.
Одоо хүн амын өсөлт – төрөлт ихсэж байгаатай холбоотой өгдөг мөнгөн
тэтгэмж нь буурах магадлалтай болсон. Энэ жил анх удаа эдийн засгийн
хувьд ганхалт мэдрэгдсэн. Өөрийн оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн
байхгүй. Үйлдвэрлэл гэсэн ойлголт бараг байхгүй. Барилга байгууламж
барих, бусад жижиг зүйлээ ч төлөвлөхдөө хүртэл гадны хөлсний этгээдээр
гүйцэтгүүлдэг. Дээд зэрэглэлийн дэлгүүрүүдээс эхлээд жижиг дэлгүүрт нь
хүртэл дан гадны бараа, бүтээгдэхүүн. Бараг 98% Made in China байдаг юм
байна лээ. Харин өөрсдийн хэрэглээгээ гадаадаас очоод авчихдаг. Ихэвчлэн
ажил хийж буй хүч нь лалын шашинт пакистан, энэтхэг, индонез болон
филипин зэрэг өмнөд азийн орны хүмүүс байх. Энэ нь манай Монгол болон
Манж нар хэрхэн хятадад чадуулсан нь санагдаж байсан шүү. Магадгүй энэ
хэт өрөөсгөл дүгнэлт байж болох ч нийт дүнгээрээ хүн амын ерөнхий чадамж
дан ганц мөнгө, өндөр боловсролоос хамааралтай байдаггүй гэж хэлэх гээд
байна. Ийм байдал нь Хүн амынх нь ерөнхий чадамж, дархлааг хэт
сулруулах муу талтай юм. Хүнийг хэлэлтгүй манай хүн амын ерөнхий чадамж
буурч байгааг олон талын судалгаанаас харж болдог. Яагаад заавал энэ
улсыг “жишиг” болгон татав гэвэл бидний ирээдүй яг ийм байх болно.


 
Манай
улс бол төрөлхийн “Дарга улс”. Тэгээд ч бүгд дээд боловсролтой болсон
болохоор, хар ажлаа хятадуудаар хийлгэдэг. Одоо бүр байгалийн баялагаас
хамааралтайгаар “Том Дарга улс” болно. Тэр үед хэн гуайн ч юу гэж хэлж
байсан тоож анзаарах битгий хэл сонсох хүн олдохгүй ээ. Тэгэж байгаад
өнхрөөд ойчихоос өмнө шинэчлэлийг эхлүүлэгч Та сонсох хэрэгтэй байгаа
юм. Арга ядаж л цаашид хөгжлийн суурийг тавихад цаасан дээр ч энэ талыг
тусгаад л буух шаардлагатай.

ҮХЭР МОНГОЛ – Үхэр чинь мал биз дээ. Биш юм уу?

Бид ямар мал биш. Монгол шүү дээ. Яс юман дээрээ бол бид нарыг гадныхан

Үргэлжлэлийг http://www.ulsturj.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж