
Кино өдөрлөгт уг киноны продюсер буюу гол дүрийн баатар болох Рован хүүгийн аав Руберт Исааксон хүрэлцэн ирж, Монгол Улсад байх хугацаандаа киноны зураг хэрхэн авсан, хүүгээ хэрхэн эмчилсэн, үр дүн нь хэрхэн гарч буй зэргийн талаар танилцуулж, төлөөлөгчдөөс тавьсан асуултад хариулсан нь уг арга хэмжээг сонирхолтой, амьд болгоход чухал ач холбогдолтой болов. Руберт Исааксон нь уг кино бүтээсний дараа отизмтой хүүхдийн эцэг эхэд туслах сан байгуулан ажиллуулж буй ажээ. Түүнд хэд хэдэн эцэг эхээс хүсэлт гарган улмаар Монголд очиж хүүхдээ эмчлүүлсэн талаар Руберт Исааксон танилцуулгын үеэр дурдав.
Арга хэмжээний нээлтэд Байнгын төлөөлөгчийн зүгээс отизмын олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол, монголчуудын зан заншил, Монгол Улсын байгаль, цаг уурын онцлог хийгээд уг киногоор өгүүлэх үйл явдлын харилцан хамаарлын талаар товч ярисан байна.
Х.Амгалан