Хилийг гэрээт цэрэг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хилийг гэрээт цэрэг хамгаалж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд өчигдөр Хил хамгаалах
ерөнхий газрын дарга мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлд дурдсанаар хил
хамгаалах байгууллага нь зарим хилээ гэрээт цэрэг буюу мэргэшсэн цэргээр
хамгаалуулах хэлбэрт шилжүүлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлжээ.
Тодруулж хэлбэл, Улаан-Уулын заставыг гэрээт цэргийн албан хаагчаар
хамгаалуулж эхэлсэн, энэ жилээс Сулинхээрийн заставыг шилжүүлэхээр
бэлтгэл ажилдаа орсон байна.

Гэрээт цэргийн албан хаагчдаар хил хамгаалуулах болсноор хилчидтэй
холбоотойгоор гардаг гэмт хэргийн гаралт буурчээ.  Гэхдээ хилийн
байгууллагын шатанд цаашид анхаарах асуудал байгаа гэнэ. Өнгөрсөн
хугацаанд хилийн заставуудад гарч байсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг
судалж үзэхэд, хилийн цэрэгт татагдан ирж байгаа цэргүүдийн суурь
хүмүүжил муу, хил хамгаалах албаны нөхцөл тааруу, хилийн хязгаарт ард
иргэд байдаггүй, хил хамгаалах шатанд айдаг, бэргэшээдэг гээд олон
шалтгаан байгаа нь тогтоогджээ. Мөн өнгөрсөн онд гэр бүлийн маргаанаас
болж, хилийн цэргийн гурван албан хаагч амиа хорлосон тохиолдол ч гарсан
байна.  Тиймээс цаашид хил хамгаалах байгууллагын шатанд хийх ажил их
байна гэдгийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн онцоллоо.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд асуудлыг
шийдвэрлэхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардаж байна вэ гэдгийг
нарийвчлан гаргаж, УИХ-д оруулаад ирвэл асуудлыг шийдээд явах
бололцоотой гэдгийг энэ үеэр мэдэгдэв.


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж