Хот руу нүүх шинэ “Ганц худаг”-т хүний эрх зөрчигдөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хот руу нүүх шинэ “Ганц худаг”-т хүний эрх зөрчигдөх үү?

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр IV цахилгаан станцын урд сэжигтэн ялтнуудын байрлах шинэ цагдан хорих төв ашиглалтад ороход бэлэн болжээ. Шинэ хорих төв 1200 хүний багтаамжтай. ХЗДХЯ, ШШГЕГ-ын удирдлагууд шинээр баригдсан Цагдан хорих төвөө өчигдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм. Одоо үйл ажиллагаа явуулж буй Ганц худаг дахь урьдчилан саатуулах 461 дүгээр ангийн барилга 43 жилийн өмнө баригдсан аж. Дөч гаруй жилийн  хугацаанд 300 хүнийг хүлээн авах чадалтай хоёр давхар барилга, нэгдсэн эмнэлэг, цэргийн байр нийлсэн уг төвд урьдчилан саатуулах арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн нь агааржуулагчийн системгүй, гэрэлгүй чийгтэй өрөөнд хүчин чадлаасаа хоёр дахин хэтэрсэн  700-аад  сэжигтнүүд хоригдож байв.

Тэгвэл шинэ ШШГЕГ-ын харьяа хорих  416-р ангид нийт 1200 сэжигтнийг ганцаарчилсан болон хоёр, дөрвөөр нь байрлуулах тасалгаанууд, 14 сахилгын тусгаарлах байртай аж. Тэр ч бүү хэл хорих ангид өлсгөлөн зарлагчдын эрхийг хамгаалах үүднээс 10 тусгай байр бий болгожээ. Түүгээр зогсохгүй шүүх прокурор, 24 өмгөөллийн байгууллагын ажилтнуудын ажил үүргээ явуулах өрөө бүхий нийт  18.800 м2 ашигтай талбайтай нүсэр том байгууламж босчээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд сэжигтэн, яллагдагчийн хорих ангиас аль нэг дүүрэг, эсвэл давж заалдах шатны шүүхт авчрах шаардлагагүйгээр тэнд нь шүүх хурлыг хийх боломжтой гэсэн үг. Бас болоогүй сэжигтэн, яллагдагчийг  хүлээн авч эмчлэх зориулалт бүхий 120 хүний ортой иж бүрэн тоноглогдсон эмнэлэг ч бий гэнэ.

Шинэ төвийн байцаалт, мэдүүлгийн өрөө нь шилэн ханаар тусгаарлагдсан хоёр тасалгаатай, камерын системд бүрэн холбогдсон, дуу дүрс хураагуураар тоноглогдсон учраас эрүүдэн шүүх боломжийг олгохгүй аж. Цагдан хорих төвийн нээлтэд ирсэн ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Цагдан хорих шинэ байрын тохижилтыг ажихад өмнө нь гарч байсан ноцтой зөрчлүүд мэдэгдэхүйц багасах, дэвшилтэд хүрсэн нь сайшаалтай байна” хэмээн үнэлж байв. Шинэ цагдан хорих төвийг танилцуулахаар  ШШГЕГ-ын дарга Ш.Ганхүү, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, нийслэлийн прокурор Г.Бат-Орших, УМБГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр нарын албан хүмүүс хүрэлцэн ирсэн байв.

Тэд 10 тэрбум 500-аад сая төгрөгийн зардал гарахаар төлөвлөсөн барилгыг 5.5 тэрбум төгрөгийн төсөвт багтааж ашиглалтад оруулснаа дуулгалаа. Зардлаа хэмнэхийн тулд ШШГЕГ-ын инженер техникийн ажилчид, барилгын мэргэжил эзэмшсэн ялтангуудыг ажиллуулсан аж.  1999 онд сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийн тухай хууль батлагджээ. Дээрх хуульд заасан хүний эрхийг зөрчихгүй байх чиглэлээр тусгагдсан бүхий л зүйл заалтыг шинээр баригдсан Цагдан хорих төв бүрэн хангах боломжтой гэж абаныхан онцолж  байна.  Мөн одоо  үйл ажиллагаа явуулж буй цагдан хорих төвөөс олон талаар давуу гэдгийг ч хэлж байв. Энэ талаар Цагдан хорих төвийн Их эмч, хурандаа Л.Дамдинсүрэнгээс тодруулсан юм.

-Шинээр ашиглалтад орох “Цагдан хорих төв”-ийн эмнэлэг бүх төрлийн үзлэг оношлогоо хийх үү?

-Шинэ  эмнэлэг маань  нэг ээлжиндээ 120 өвчтөн хүлээн авч, үзлэг, оношлогоо хийж, эмчлэх боломжтой. Бүх төрлийн нарийн шинжилгээ хийнэ. Мөн чанга, жирийн дэглэмтэй саатуулагдсан сэжигтнүүдийг тусгаарлаж эмчлэхээс гадна  хүүхэд, эмэгтэйчүүдийг ч тусад нь  тусгай өрөөнд эмчлэхээр  төлөвлөгдсөн.

-Саатуулагдсан сэжигтэн, яллагдагчид ямар төрлийн өвчинд нэрвэгдэх нь их вэ?

-Хоол боловсруулах эрхтэн системийн архаг, хурц үрэвсэлтэй өвчтнүүд олон бий. Мөн амьсгалын замын үрэвслүүд ч зонхилж байна.

-Нарийн мэргэжлийн эмч нар бий юу. Анхан шатны мэс ажилбаруудыг хийх боломжтой юу?

-Дотор, зүрх, эмэгтэйчүүд, хүүхдийн их эмч нар ажиллана. Хөнгөн зэргийн мэс ажилбаруудыг хийх багаж хэрэгслээр тоноглогдсон. Тэгэхээр яаралтай мэс ажилбарыг хийх боломжтой гэсэн үг гэв. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж