Рональду “Эл Класико”-гийн “ялагч нь”

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Рональду “Эл Класико”-гийн “ялагч нь”

“Онцгой нэгэн” гэгддэг Жозе Моуриньо Испанийн эзэн хааны багийн хамт анхны цомоо өргөлөө. Өнгөрсөн шөнө Копа дел Рей буюу Испанийн цомын тэмцээний аваргын төлөөх тоглолт Валенсия хотноо болж, Испанийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг хоёр баг “халз тулав”. Тоглолтын нэмэлт цаг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду мөргөж гоолдсоноор “Реал Мадрид” мөнхийн өрсөлдөгч “Барселона”-г буулган авч, Испанийн цомын тэмцээний аварга боллоо. “Реал” хамгийн сүүлд 1993 онд Испанийн цомд түрүүлсэн бөгөөд энэ удаад багийн лидер Рональду улирлын 42 дахь гоолоо оруулснаар тэд 18 дахь удаагаа Копа дел Рейн аваргаар тодорсон юм.

Тоглолтын үндсэн цаг хуурай тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цаг сунгахад Рональду 103 дахь минутад Анхель ди Мариягийн хөндлөн дамжуулалтыг мөргөж, багтаа ялалт авчирчээ. Тэрбээр мөн өнгөрөгч бямба гаригт Ла лигийн хүрээнд “Барса”-тай хийсэн тоглолтод гоолдсон билээ. Тус тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, Каталоны баг Ла лигийн тэргүүллээ бататгаж чадсан юм.

Ийнхүү 18-хан хоногийн дотор дөрвөн ч удаа таарч тоглохоор болсон Испанийн хамгийн баялаг түүхтэй хоёр багийн ээлжит тулаан “Реал”-ын ялалтаар өндөрлөж, тэд цомын эзэд боллоо. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн сонгодог тулаан, дараагийн “Эл Класико” энэ сарын 27-нд болно. Тодруулбал, Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарсан “Реал”, “Барса”-гийн эхний тоглолт ирэх долоо хоногийн лхагва гаригт “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болно.

С.Цэлмэг

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү

Bидеог энд дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж