Байр сууриа хамгаалсан хэлэлцүүлэг

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Байр сууриа хамгаалсан хэлэлцүүлэг

Олон улсын хэмжээнд дагаж мөрддөг хэм хэмжээг үл хайхрах нь аюултай. Уул уурхай, ашигт малтмалын баялагтаа тулгуурлан хөгжихөөр зорьж буй өнөөгийн нөхцөлд өөрийнхөө үнийг хатуу тогтоогоод тулгаад байх аваас Африкийн улс орны гашуун түүхийг давтахгүй гэх баталгаагүй. Ялангуяа хууль эрхзүйн хувьд сөрөг үр дагавартай. Гарч болзошгүй маргааны үед сөрөг үр дагавартайг одооноос анхаарах ёстой. Олон улсад мөрдөгдөөд байгаа зан заншил буюу бичигдээгүй хэм хэмжээг бодолцох  ёстой. Эс тэгвээс хэчнээн гадаадын хөрөнгө оруулагч арбитрын шүүхэд хандахыг таашгүй” гэж Хуульзүйн хүрээлэнгийн олон улсын эрхзүйн секторын эрхлэгч Ц.Эрдэнэболд яриандаа онцолсон. Гэвч түүний энэ санааг Татварын ерөнхий газрынхан эрс үгүйсгэж байлаа. Учир нь тэр олон улсын хэм хэмжээ гэдэг нь цагаан цаасан дээр хар бэхээр бичсэн зүйл байхгүйн дээр Монгол Улс  тусгаар улсын хувьд дагаж мөрдөх өөрийн гэсэн хууль дүрэмтэй байх ёстой гэж татварын байцаагч нар үзэж байлаа. Энэ бол өнөөдөр болсон “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үзэх аргачлал” хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн яриа юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрээс ашигт малтмал олборлож буй бүхий л компани аж ахуйн нэгж, гадагш нь борлуулсан /экспортлосон/ бүтээгдэхүүнийхээ таван хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлдөг. Энэхүү төлбөрийг  Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоохдоо олон улсын худалдаанд мөрдөгддөг үнэ ханш,  дүрэм журмыг баримтлан тухайн сарын биржийн үнээр тооцож байна гэж заасан байдаг ажээ. Гэтэл татварынхан зөвхөн биржийнх нь үнийг аваад тухайн баяжмалынх нь тоо хэмжээгээр үржүүлээд таван хувийн төлбөр ногдуулдаг байна. Гэтэл олон улсын худалдаанд мөрдөгддөг зан заншлын хэм хэмжээгээр бол боловсруулах үйлдвэрийн зардал болон баяжмал доторх хорт элементийг ялгаруулах зардлыг тооцдог ажээ. Ингээгүйгээс экспортлогч нарт төлбөрийн хэмжээ хүндрэлтэй тусч байна гэсэн байр суурийг хэлэлцүүлэгт оролцсон компанийн төлөөлөл тайлбарлаж байлаа. Тэгээд ч шинээр боловсруулж буй аргачлал нь Засгийн газрын 88 дугаар тогтоолоос огт ялгарахааргүй байна гэдгийг Монголын уул уурхайн ассоциацийн зүгээс ч өгүүлж байлаа. Түүнчлэн гаргаж буй баяжмалын хэмжээг бүхэлд нь тооцож төлбөр авах нь буруу, чийгийг хасч тооцуулъя гэж “Эрдэс холдинг” компанийн зүгээс  санал болгож байлаа. Аргачлалд баяжмалыг зөвхөн гаалийн төв лабораториор шинжлүүлэхээр заасан нь дэндүү нэг талыг барьсан шийдвэр гэж уул уурхайнхан бухимдав. Эрдэнэт, Цайртменералын аль алинд нь хөндлөнгийн лаборатори байсаар байтал гаалийн лабораторид шинжлүүлэхийг шаардах нь цаг хугацаа алдсан хэрэг болно гэж тэд үзэж байгаа ажээ.   
Харин нөгөө талд нь татварынхан өөрсдийн байр сууриа хатуу хамгаалж байлаа. Уул уурхайн компаниуд бол ашгийн төлөө ажилладаг. Татвар болоод төлбөрийг аль болох бага хэмжээтэй төлөхийг л хичээнэ шүү дээ. Олон улсын зах зээл дээр 92 ам.доллараар үнэлэгдэж байгаа баяжмалыг 30-40 ам.доллараар үнэлүүлэх сонирхолтой байдаг. Тэгэхээр төлбөр тооцоог үнэн зөв явуулах нь улс оронд болон ард олонд л хэрэгтэй. Тиймээс төлбөрийг тогтоох аргачлалыг нарийн чанд, алдаа мадаггүй боловсруулах нь бидний үүрэг гэж ТЕГ-ын мэргэжилтэн Д.Шатар өгүүлж байлаа. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын төлөөлөл болон оролцсон МХЕГ-ын мэргэжилтэн Д.Чилхаажав татварын байгууллагын барьж буй зарчим зөв гэсэн байр суурьтай байлаа. Учир нь нөөц ашигласны төлбөр бол татвар биш. Нэгэнт татвар биш болохоор тухайн компани ашигтай ажилласан эсэхээс үл шалтгаалан ашигт малтмал экспортолсон л бол таван хувийн төлбөр төлөх л уиртай гэж тайлбарлаж байлаа. Ийн болох болохгүйн заагийг нэг удаагийн хэлэлцүүлгээр тогтоож хараахан амжсангүй. Аргачлалыг гаргахын өмнө олон талт санал санаачлага болгоныг хүлээн авна гэдгээ  татварынхан  амлаж байна. Олны санаа оломгүй далай гэдэгчлэн тал талаас нь хэлэлцэхэд буруудах юун. Гагцхүү саналуудыг нь тусгаж чадвал шүү дээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж