
Европын холбоо Ливид хуурай замын цэрэг илгээхэд бэлэн болоод байна. Тэдний зорилго нь хүмүүнлэгийн тусламжийн цувааг хамгаалах гэнэ. НҮБ-ын зүгээс дэмжлэг авсан нөхцөлд цэрэг илгээх ажиллагааг эхлэх аж. Харин ажиглагчид уг ажиллагааг энхийн зориулалтаар явуулна гэдэгт итгэхгүй байна.
Хэдэн долоо хоногийн өмнө НАТО-гийн орнууд “АНУ хуурай замын цэргийн ажиллагааг Ливийн нутаг дэвсгэрт явуулахгүй” хэмээн амлаж байлаа. Гэтэл тун удалгүй НАТО-гийн цэргийнхэн Хойд Африкийн энэ орны нутаг дэвсгэрт орж ирэх бололтой.
“Байлдааны ажиллагаанд оролцохгүй” тусгай анги нэгтгэлийг эвсэл Ливид илгээх боломжтой”
Долоо хоног эхлэнгүүт Европын холбоо хуурай замын ангиа Ойрхи Дорнодын энэ оронд илгээх төлөвлөгөөгөө тохиролцон хийлээ. Тийм шийдвэрт хүрснээ тус холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр тушаалын төлөөлөгч Кэтрин Эштон, Майкл Манн нар тайлбарлахдаа “цэргийнхний ажиллагааг зөвхөн хүмүүнлэгийн тусламжийг Мисурат болон бусад хотуудад хүргэх цувааг хамгаалахад зориулна” гэжээ.
“Европын холбооны 27 орон ажиллагааны үзэл баримтлалыг санал нэгтэйгээр баталж байна. Гэхдээ тэр нь үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө биш. Зүгээр л бидний хийж байгаа дараагийн алхам юм. НҮБ-ын зүгээс дэмжвэл бид төлөвлөгөөг нарийвчлан боловсруулна” гэж холбооны төлөөлөгч өгүүлж байна. Байлдааны үүрэг даалгавар байхгүй гэдгийг Манн онцолжээ.
Ер нь бол Европын орнуудын зарим нь хуурай замын цэргийнхэн зөвхөн хүмүүнлэгийн ачааг манах ёстой гэдгийг зөвшөөрөхгүй байгаа. Тухайлбал, НҮБ-ын тогтоолыг үр дүнгүй гэж нэрлэсэн Францын Үндэсний ассамблейн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Аксель Понятовски Каддафийн армид агаараас цохилт өгөхийг зохицуулахаар Ливид цэргийнхнийг илгээх хэрэгтэй гэжээ. “Эвсэл байлдааны ажиллагаанд оролцохгүй зөвхөн агаарын цохилтыг чиглүүлж өгөх тусгай ангийг Ливид илгээх боломжтой. Ийм нөхцөлд НҮБ-аас тус орныг эзлэхийг хориглосон заалт зөрчигдөхгүй” гэж тэр хэлснийг гадаадын агентлагууд дамжуулжээ.
Олон улсын цэргийн хүчний идэвхжил нь санамсаргүй хэрэг биш. НАТО-гийн явуулсан үйл ажиллагаа нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчин шууд босогчдыг дэмжсэн ч үр дүнтэй болж чадахгүй байгаа юм.
Сүүлийн мэдээгээр засгийн газрын цэрэг босогчдыг шахан Мисуратын төв районуудад байлдааны ажиллагаа идэвхтэй явуулж байна. Районууд ээлжлэн эсрэг талынхны гарт орж байгаа.
Триполи албан ёсоор мэдэгдэхдээ хотын төлөөх байлдааныг террористуудын эсрэг Грозный хотноо хийж байсан оросуудын үйлдэлтэй зэрэгцүүлжээ. “Бид яг тийм ажиллагааг явуулж байна. Ливийн цэргийнхэн энгийн иргэдийг хөнөөсөн гэж би хэлж чадахгүй. Тийм зүйл байгаа ч үгүй, байх ч ёсгүй” гэж Каддафийн хүү Сейф аль-Ислам мэдэгджээ. Даваа гаригаас эхлэн Каддафийн арми босогчдыг Аддаби хотоос шахаж эхэлсэн байна.
НАТО-гийн цэрэг хүмүүнлэгийн тусламжийг хамгаалахаар илгээгдсэн нь эрт орой хэзээ нэгэн цагт хуурай замын байлдааны ажиллагаанд шилжинэ хэмээн Орос үзэж байна. “Ливийн хэрэгт улам улмаар хутгалдан орсон барууны зарим орнууд хуурай замын цэргийн ажиллагааны талаар яриад эхэллээ. Тэр нь эхлээд хүмүүнлэгийн хямрал үүслээ гэх шалтгаанаар хүмүүнлэгийн тусламжийг хамгаална гэж хийгдэх байх. Ер нь бол бөмбөгдөлтөөр л хүмүүнлэгийн хямрал эхэлсэн юм” гэж Хойд Атлантын эвсэлд суугаа Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогазин мэдэгдсэн байв.