
-Шүүхийн шинэчлэлт, шударга ёсны тухай саяхан үндэсний том чуулганаар ярилцлаа. Захиргааны хэргийн шүүх бол харьцангуй шинэ салбар. Тэгтлээ бүгшрээгүй болохоор танайд шинэчлэлт хийхэд арай хялбар гэж үзэж болох уу?
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өөрийн онцлогтой. Үндсэн хуульд Улаанбаатарыг “Нийслэл хот мөн” гээд заачихсан байдаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Төрийн болон төрийн захиргааны байгууллагууд төвлөн байгаа газар нь нийслэл байна” гэж заасан. Яг энэ утгаараа нийслэл Улаанбаатарт төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, есөн дүүрэг багтаж байна. Төрийн захиргааны байгууллагуудыг тоолоод үзэх юм бол албан бус судалгаагаар 200 гаруй байгууллага бий.
Эдгээр байгууллага Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу манайд хариуцагчаар ирэх боломжтой. Энэ хэмжээгээрээ манай Захиргааны хэргийн шүүхэд ирэх хэргийн тоо их байдаг. Улсын хэмжээнд шийдэж байгаа захиргааны хэргийн 50-60 хувь нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр шийдэгддэг. Гэтэл манай шүүх есхөн шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр үүнийг шийдэж байна. Ингээд бодоод үзэхээр хэргийн шийдэл, нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал, үүнээс үүдээд шийдвэр хэр чанартай гарах вэ гэсэн асуудал гарч ирдэг.
Шүүхийг үйлчилгээний байгууллага гэж үзвэл нэг шүүгчид хэчнээн иргэн ногдож байна вэ гээд аваад үзье л дээ. Хамгийн сүүлийн хүн амын тооллогоор Улаанбаатарт нэг сая 300 гаруй мянган хүн оршин сууж байна гэж гарлаа. Тийм тооны хүнд есхөн шүүгч үйлчилж байна гээд бодохоор түүний бүтээгдэхүүн болох шүүхийн шийдвэр хэр чанартай гарах вэ гэсэн асуудал аяндаа гарч ирнэ.
Шүүхийн шинэтгэлийн нэг тал нь хэчнээн хүн амд хэдэн шүүгч ногдож байна вэ гэдгийг хардаг болох хэрэгтэй. Захиргааны хэргийн шүүх талуудын гаргаж өгсөн хүсэлт, нотлох баримтаар асуудлыг шууд шийддэг биш, мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлэх буюу өөрөө нотлох баримт цуглуулах үүрэг хүлээдэг. Ингэхээс ч өөр аргагүй. Яагаад гэвэл нэг иргэн төрийн захиргааны байгууллага дээр очоод “Миний талаар ямар шийдвэр гарсан бэ.
Үүнийг яагаад хүчингүй болгосон бэ” гэхэд адаглаад захирамжаа гаргаж өгдөггүй. Өөдөөс нь “Чамд энэ ямар хамаатай юм” гэдэг шүү дээ. Ийм нөхцөлд Захиргааны хэргийн шүүх төр, иргэн хоёрыг тэнцүүлэх үүднээс заримдаа тэр иргэний авч чадахгүй, нотолж чадахгүй байгаа зүйлийг шүүхийн ажиллагаагаар олж авч нотлох үүрэг, мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлдэг. Тэгэхээр нэг хэрэгт хийх ажиллагаа, ажилбар, ачаалал маш их байдаг. Гэтэл Монголын хүн амын тал нь суурьшсан нийслэлд захиргааны хэргийг есхөн шүүгч шийдэж байна шүү дээ.
-Шүүх, цагдаа хамгийн их хоцрогдсон салбар, ардчиллын салхи бараг ороогүй гэдэг шүү дээ. Гэхдээ дотроо мэдээж шинэчлэл хийх талаар ажилладаг байх. Шүүхийн шинэчлэлтийг юунаас эхлэх ёстой вэ?
-Шинэчлэлтийг хүн л хийдэг болохоор эргээд хүнтэйгээ их холбоотой асуудал. Техник, технологи их хөгжиж байгаа үед компьютерт программд нь апдейт хийлээ гэдэг шүү дээ. Түүнтэй адилхан хамгийн нэгдүгээрт, хүний өөрийн ур чадвар нэмэгдэж байх ёстой. Нийгмийн харилцаанд янз бүрийн шинэ уур амьсгал орж ирж байгаа болохоор шүүгч нар үүнийг дагаад, энэ хэмжээнд мэдлэг боловсролоо дээшлүүлж байх ёстой.
Нөгөө талдаа, хуульд энэ харилцаанд тохирсон шинэтгэлүүдийг цаг тухайд нь хийж явах ёстой. Нэг жишээ хэлье л дээ. Захиргааны хариуцлагын тухай хуулийг анх 1992 онд баталсан. Тэр хуульд янз бүрийн зөрчил гаргасан, шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтныг 5000-10000 төгрөгөөр торгох заалт бий. Хуулиар торгууль ногдуулах дээд хязгаар нь л тэр байна шүү дээ. Хууль гарч байсан тухайн үедээ энэ нь их өндөр торгууль байсан бол одоо 19 жилийн дараа тэр мөнгөний ханш ямар болсныг бод доо. Энэ мэтээр хуулийн заалтад программын апдейт гэдэг шиг тухай тухайн үед нь өөрчлөлт оруулж байх ёстой юм.
Иймгүйгээс шүүх муу хэлэгдээд байгаагийн нэг учир энэ шүү дээ. Гэтэл шүүгч байгаа хуулийг л мөрдөхөөс байхгүй хуулийг хэрэглэж болохгүй. Иргэний хэргийн хувьд ярья л даа. Хоёр хүн мөнгө төгрөгийн маргаан гаргажээ гэж бодъё. Өртэй нөхөр нь дампуураад траншейд оччихжээ. Шүүхээр явж өрөө нэхсээр байгаад нөгөө нөхөр нь траншейд байгаа иргэн Батаас шүүхийн шийдвэрээр 60 сая төгрөг гаргуулахаар болжээ. Бат траншейнд байгаа юм чинь энэ мөнгийг гаргуулахгүй орхиё гэж шүүх үзэхгүй шүү дээ.
Эргээд энэ шүүхийн шийдвэрийн биелэлт ямар болохыг бодоод үз дээ. Траншейний хүн 60 сая төгрөгийг гаргаж өгч чадахгүй. Тэгэхээр “Энэ шүүхийнхний шийдэж байгааг хар. Юу ч үгүй хүнээс 60 сая төгрөг гаргуул гэлээ. Бодитой шийдвэр мөн үү” гэж нэг хэсэг нь муулна. “Нөгөө шүүхийн шийдвэр биелж байгаа чинь хаа байна” гэж нөгөө хэсэг нь шүүмжилнэ. Үүнийг шүүгч мэдэхгүй биш, мэдэж л байгаа. Тэгсэн хэрнээ үүнийг бүтэхгүй юм чинь гэж орхиж болдоггүй юм.
Хуулийн зохицуулалт нь тийм юм чинь. Энэ мэтчилэнгийн зүйлээс болж шүүх болохгүй байна гэсэн яриа гардаг. Шүүгч хуулийг хэрэглэж шийдвэр гаргадаг учраас хууль нийгмийнхээ харилцаатай тохирч байх ёстой. Хууль өнөөдөртэйгээ тохирч чадаж байвал шүүх шинэчлэгдээд явах боломжтой. Нөгөө талаас дахиад хэлэхэд, шүүгч нар мэдлэг боловсролоо дээшлүүлж өнөөдрийн нийгмийн харилцаатайгаа тохирсон сэтгэхүйтэй байх ёстой. Юуны өмнө өөрсдөдөө сэтгэхүйн өөрчлөлт хийх ёстой гэсэн үг.
-Захиргааны хэргийн шүүхийн алдаа, оноог дэнсэлж үзвэл ямар байна?
-Захиргааны хэргийн шүүх 2004 оны зургадугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болж байна. Өнгөрсөн долоон жилд бидэнд алдаа ч бий, оносон юм ч бий. Ингэж алдсан, оносон гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Үүний хариуг ирээдүй маань хэлж өгөх байх.
Бидэнд тогтоож байгаа практикууд байна. Хамгийн түрүүнд шинэ шүүх шинэ сэтгэхүйгээр ажиллах ёстой. Шинэ байх ёстой гэдэг үүднээс ил тод байх, шинэ сэтгэхүйгээр ажиллах зорилгоор харьцангуй нээлттэй ажиллаж байгаа гэж үзэж байна. Нээлттэй ажиллах гэдгийг зөвхөн шүүх хуралдааныг нээлттэй явуулна гэдгээр ойлгож болохгүй. Захиргааны хэргийн шүүхэд хандсан хэний боловч хандсан асуудлыг түргэн шуурхай зохицуулаад өгчихдөг, асуусан зүйлд нь тодорхой хариу хэлдэг, энэ маягаар дотооддоо үйлчилгээний асуудлаа боловсронгуй болгох зохицуулалт хийж байна. Манай программ дээрээс шууд хараад энэ хэрэг төд хоносон, тэр шүүгч дээр явж байна. Төд хоногоор хугацааг сунгасан байна гэдгийг мэдэж болно. Захиргааны хэргийн шүүх бол шинэ шүүх.
Шинэ шүүх рүү яаж хандах юм, ямар тохиолдолд ханддаг юм. Өмгөөлөгчөө хаанаас авдаг юм гэх зэрэг эрх зүйн мэдээлэл өгөх, иргэд рүү чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг хийж байна. Ирж байгаа хүмүүст үйлчилдэг бид өөрсдөө мэдлэгээ ахиулах ажил хийж байна. Захиргааны шийдвэр гаргадаг албан тушаалтнуудад ингэвэл бурууддаг юм шүү, ингэвэл зөв шүү гэсэн асуудлаар ярьж байна. Хамгийн гол ажил гэвэл 2004 оноос хойш шийдсэн бүх хэргийг цахим хэлбэрт оруулаад хүссэн иргэн хэн боловч харах боломж олгосон.
Үүнийг маш том амжилт гэж бодож байгаа. Энд шүүхийн хоёр мянга гаруй шийдвэр орсон . Энэ ажил хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэр судалгааны объект болж өгч байна. Үүнийг оюутнууд, багш нар, өмгөөлөгч нар хэрэглэж байна. Хоёрт, шүүхийн шийдвэр ил гараад ирэхээр шүүгч нар ажлаа хийхдээ анхаарч эхэлж байна. Энэ ажил нэлээд амжилттай болсон. Үүнээс бусад шүүхүүд туршлага авч өөрсдийнхөө шүүхийн шийдвэрийг хийх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, улсын хэмжээнд нэгтгэж хийх тухай ярьцгааж байна.
-Албан тушаалтнуудын хэрэг Өршөөлийн хуулиар замхарч ял завшдаг гэсэн яриа багагүй дуулддаг нь хэр үндэслэлтэй вэ?
-Өршөөлийн хууль эрүүгийн хэрэгт хамаатай. Манайд хянагдсан өршөөлтэй холбоотой асуудал бол татварын өршөөл байна. Энэ нийгэмд нэлээд сөрөг үр дагавар авчирсан асуудал. Том татвар төлөгчдийг өршөөгөөд жижиг татвар төлөгчид сөхөртлөө яваад байна шүү гэсэн гомдол маргаан гардаг л даа. Шүүх, хуулийн өмнө иргэд бүгдээрээ тэгш болохоор том байна, жижиг байна гэж бидэнд ялгах арга байхгүй.
Тэртэй тэргүй Татварын өршөөлийн хууль нь гараад ирчихсэн, бид тэр хуулийг дагаж хэрэгжүүлээд явж байгаа улс. Татварын өршөөлийн хуульд хамрагдаад өр цайрсан газар ч бий. Хамрагдахгүй юм байна гэж үзсэн ч газар бий. Янз бүрийн л асуудал бий. Зүгээр тэр албан тушаалтнууд өршөөлд орчихлоо гэдэг бол эрүүгийн асуудал. Манайд хэрэг зувчих асуудал байхгүй. Шийдвэр гарсан л бол хэрэгжээд эхэлдэг.
Ойлгомжтой болгохын тулд хэлэхэд төрөл бүрийн зөвшөөрөл авах гэж хүмүүс албан тушаалтнуудад ханддаг шүү дээ. Зарим нь авдаг, зарим нь чаддаггүй. Эсвэл лицензийг нь хүчингүй болгоод хаячихдаг. Тэгэхээр л нөгөө хүмүүс тэр лиценз хүчингүй болгосон шийдвэр хууль бус боллоо гэж манайд ханддаг. Иймэрхүү хэрэг манайд ирдэг юм.
-Хээл хахуульд өртсөн төр, захиргааны ажилтан танайд хамаатай юу. Захиргааны хэргийг шийдэхэд учирдаг дарамт байдаг уу?
-Хээл хахууль манайд нэг их хамаарахгүй. Манай Захиргааны хэргийн шүүхэд ямар асуудал хамаатай вэ гэхээр төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гарсан шийдвэрүүд нь иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бол түүний хууль бус болохыг тогтоож өгөөч. Э
свэл энэ шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол маргаан манай шүүхэд орж ирдэг. Тэгэхээр бид нэлээд хүндхэн асуудалтай тулгардаг. Нэг талаас нийгмийн шахалт байна. Нөгөө талаас албан тушаалтнуудын шахалт байна. Энэ дунд хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж чадаж байна уу гэдгийн дүнг олон түмэн л тавих байх. Миний бодлоор манай шүүгч нар үүргээ биелүүлж байгаа гэж үздэг.
Энд нэг зүйл хэлэхэд Захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд улсын тэмдэгтийн хураамж гэж 550-хан төгрөг төлдөг. Яагаад ингэдэг вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гомдлоор хэлэлцэх хэрэг гээд түүнийг үнэлж болдоггүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны шийдвэрийг үнэлж болдоггүй гээд өмнө нь 250 төгрөг авдаг байж байгаад одоо тэмдэгтийн хураамжид өөрчлөлт ороод 550 төгрөг болчихоод байна.
Гэтэл бодит байдал дээр ямар дүр зураг харагдаж байна гэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байна гэж авч үзье л дээ. Яг үндсэндээ нэг А4 цаас байгаа юм. Тэр компанид ийм ашигт малтмалын зөвшөөрөл олголоо гэчихсэн. Гэтэл тэр тусгай зөвшөөрөл өөрөө арилжааны хэлбэрт орчихсон, арилжаа болчихсон. Цаана нь хэдэн тэрбум төгрөг яригдаж байдаг асуудал. Нөгөө талдаа улс, үндэстэн дамнан эргэлтэд орсон ашигт малтмалын орд газрууд байж байдаг.
Ийм их үнэлгээнд орчихсон зүйл Захиргааны хэргийн шүүх дээр ирж үнэлэгдэхдээ 550-хан төгрөг байна гээд бод доо. Тэгэхээр шүүхийн шинэчлэл гэдгээр ёстой үүнийг гаргаж ирж шинэчлэх ёстой байхгүй юү. Ядахдаа шүүх тэр олон тэрбум төгрөгийн асуудал шийдэж байгаа бол тэндээс нь зохих хувийг улсын төсөвт төвлөрүүлье л дээ. Тэр хэмжээгээр улсын төсөв өснө. Татвар төлөгчдийн цалин пүнлүүд нөлөөлнө.
Улсын төсөвт төвлөрдөггүй бас нэг зүйл нь магадгүй, Захиргааны хэргийн шүүхийн тэмдэгтийн хураамжаас алдагддаг хэсэг байж мэднэ. Нөгөө лиценз нь тийм ч Хонконгийн бирж дээр тийм өндөр үнэтэй зарагдлаа гээд байдаг. Гэтэл манай шүүх дээр ирээд асуудал шийдэгдэхдээ 550 төгрөг болоод явчихдагийг бодох л хэрэгтэй. Хэдэн тэрбум төгрөгийн татварын маргаанууд байна. Татварын байцаагч нар очоод татварын маргаан тавьчихдаг. Захиргааны акт гэдгээр 550 төгрөгийн хураамжтай. Хэчнээн тэрбум төгрөгийн асуудал шийдэж байгаа хэрнээ л бид 550 төгрөг аваад сууж байна.
-Шүүх хамгийн их авлигад өртдөг салбарын нэг гэсэн судалгаа байдаг. Дотор нь ажилладгийн хувьд энэ нь бодит байдалд хэр нийцдэг гэж боддог вэ. Арай хилсдүүлсэн ойлголт уу?
-Би урьд нь Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг маань шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага. Тэнд ажиллаж байхдаа харж байхад Монгол Улсад 429 шүүгч байдаг. Тэднээс ирж байгаа хүсэлт гомдол гэвэл өчүүхэн зүйл байдаг. Ерөнхийдөө “Байртай болох гэсэн юм. Зээлийн туслалцаа авч өгөөч.
Хоёр хүүхэд зэрэг сургуульд сурч байна. Төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамруулж өгөөч” гэсэн л зүйл байдаг. Авлига авдаг хүмүүс ийм юм ярихгүй дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр орж ирдэг асуудлын дийлэнх нь ийм л байдаг. Дотор нь байгаа хүний хувьд хэлэхэд ийм. Зүгээр гадна талаас хүмүүс тэр нь ингээд авлига авчихлаа, өнгө мөнгө харлаа гэж яриад байдаг. Угаасаа авлигачин гэж хэлүүлдэггүй төрийн албан хаагч өнөөдөр ер нь байгаа юм уу.
-Захиргааны хэргийн шүүх хэдхэн хоногийн өмнө давж заалдах шатны шүүхтэй боллоо. Долоон жил үүнгүй болоод л ирсэн. Гэхдээ ийм шатгүй байсны дутуу тал бас байсан л байх даа?
-Байсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль анх 2002 онд гарсан. Захиргааны хэргийн шүүхийг 2004 онд байгуулсан. Тэгэхдээ давж заалдах шатны шүүхийг Улсын дээд шүүх дээр байлгахаар хуульчилсан байсан юм. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэрэг шийдээд явахад давж заалдах шатны шүүх тусдаа байх хэрэгтэй гэдэг нь харагдсан. Энд ямар хүндрэл байсан бэ гэхээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын зургаан шүүгчийн гурав нь давж заалдах шатны шүүхэд ороод хэрэг шийдлээ гэж үзэхэд цаана гурван шүүгч үлдэнэ ээ дээ. Хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй болдог.
Давж заалдахад орсон шүүгч тэнд орох боломжгүй. Тэгэхээр арга буюу нөгөө танхимуудаасаа шүүгч авч хяналтын хуралд оруулах хэрэгтэй болдог. Ингээд ирэхээр Захиргааны хэргийн шүүгч мэргэшсэн байх ёстой гэсэн зүйл алдагдаж байгаа биз. Захиргааны хэргийн шүүх давж заалдах шаттай болсноор энэ алдаа засагдаж байгаа юм. Нөгөө талаас шүүхийн үйл ажиллагаа цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй байх ёстой. Энэ утгаараа нэлээд хэмнэлт гарна гэж үзэж байгаа.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн 2010 оны арванхоёрдугаар сард батлагдаад 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулна гээд яг энэ графикийн дагуу сонгон шалгаруулалтаа явуулсан. Давж заалдах шатны шүүх сая дөрөвдүгээр сарын 1-нд байгуулагдаад хэргүүдээ аваад эхэлчихсэн явж байна. Хамгийн гол нь мэргэшсэн шүүгч нар ажиллаж байна.
-Захиргааны хэрэг шийдэхэд хууль, эрх зүйн орчин нь хангалттай юу?
– Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж шүүхтэй болоод долоон жил ажиллаж тодорхой хэмжээнд төлөвшлөө. Одоо нэн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай нь харагдаж байна вэ гэхээр Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулийг батлах нь зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн дүр зураг харагдаж байгаа. Энэ яагаад зайлшгүй хэрэгтэй вэ гэвэл төрийн захиргааны байгууллагууд тусгай зөвшөөрөл олгодог ч юм уу, нэг шийдвэр гаргадаг. Тэр нь өөр өөрийн тус тусын хуулиар журамлагддаг. Жишээлбэл, газар эзэмших шийдвэр гаргалаа гэхэд Засаг даргад нэг журам үйлчилнэ. Ашигт малтмалын лиценз олгоё гэхэд бас нэг журам үйлчилнэ.
Захиргааны байгууллага нэгдмэл журамтай байж, захиргааны акт гарах процедурыг нэгдмэл болгож өгөхгүй бол дур дурын шийдэл гардаг. Би энэ зөвшөөрлийг олгох эрхтэй гэсэн заалтаа бариад л эсвэл эрх олгож байна, эсвэл хүчингүй болгоод хаяж байна. Тэгвэл захиргааны байгууллагын албан тушаалтнуудад ямар журмаар энэ эрхээ хэрэгжүүлэх юм бэ гэсэн тэр хууль дутагдаад байгаа юм. Тэр хууль гарчих юм бол захиргааны байгууллага зөв тогтолцоо руугаа орно гэж боддог. Захиргааны хэргийн шүүхийг байгуулснаар одоо төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр хууль тогтоомжид нэлээд нийцэж гарч эхэлж байгаа шүү дээ.
Хуучин цагт бол ажилд авсан, халсан тушаал л гэхэд “Тушаах нь” гэж байгаад “ажилд авсугай”, эсвэл “ажлаас чөлөөлсүгэй” л гэчихдэг байсан. Ямар хуулийг үндэслэсэн юм. Яагаад энэ хүнийг ажлаас халаад байгаа юм гэдэг нь огт байдаггүй байсан бол одоо үндэслэлээ бичиж хэвшиж байна. Эерэг тал нь гэвэл төрийн захиргааны байгууллагад хуулийн дагуу зөв ажиллах механизм тогтож байна. Тэрнээс биш төрийн захиргааг хянаад л, ташуурдаад байдаг улс бид биш. Хуулийн арга хэрэгслээр зөв хэлбэрт нь оруулна л гэсэн үг.
-Шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс гэсэн үндэсний хэмжээний том чуулган саяхан боллоо. Эндээс гарсан гол үр дүн юу байв?
-Шүүх эрх мэдлийн шинэчлэл гэдэг өөрөө бүхэл бүтэн цогц асуудал юм. Эндээс хүнийг яаж шинэчлэх вэ, хүний хэрэглэж байгаа хуулийг яаж шинэчлэх вэ, орчин зохицуулалтыг нь яаж шинэчлэх вэ гэсэн асуудлаар өргөн хүрээнд ярилцлаа. Нийтдээ 14 салбар хуралдаантай их том чуулган болж, илэх далангүй ярилцлаа. Түүгээр шүүхийн шинэчлэлийн бүхэл асуудлыг хамарч ярилцсан гэж хараахан хэлж болохгүй. Асуудал өөрөө өргөн хүрээтэй.
Болохгүй байгаа асуудлуудаа гаргаж ирж, яаж хэрэгжүүлж болох вэ гэсэн арга замуудаа хамтаараа хэлэлцэж гаргаж ирсэн нь гол ололт юм. Чуулганд оролцсон шүүгч, прокурор, жирийн иргэд бүгдээрээ шүүхэд шинэчлэлт хэрэгтэй гэдгийг нэг дуугаар хүлээн зөвшөөрлөө. Шинэчлэх гэдэг маань одоо байгаа үйл ажиллагаагаа засч залруулж, болохгүй нь юу байна гэдгээ олж харж, боловсронгуй болгоно гэсэн үг. Тэрнээс биш оргүй зүйлээс цоо шинийг гаргаад ирнэ гэсэн үг биш. Чуулган хийснээр эрх зүйн шинэтгэл арай хурдтай болох болов уу гэж үзэж байгаа.