Эрүүл мэндийн салбарын итгэлтэй ар тал

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын итгэлтэй ар тал

Айл өрх бүр баярынхаа ширээнд тухалж хоёр он солиг­дох мөчийг хүлээж байсан 2007 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө гэнэтхэн Багануур дүүрэгт “Азийн чоно” хэмээх  архинд хүмүүс хордож бөөн, бөөнөөр эмнэлэгт хандаж, аюул болоход “Монгол­эмимпэкс” концерний  хамт олон хоёрхон цагийн дотор тэдэнд яаралтай тусламж, шаард­лагатай эм тариаг нь хүргэн өгч олон арван хүний алтан амийг аварсан.

Түүнчлэн Баян-Өлгий аймагт 500 хүн хоолонд хордоход бас л тэнд ганцхан хоногийн дотор очиж шаардлагатай эм, тариаг өгч байв. Цаашилбал 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт яаралтай хэрэгцээт эм барааг /уг нь тендерээр нийлүүлэгддэг/ шуурхай хүр­гэж  байсан. Энэ бүхэн бол “Монгол­эмимпекс” концерний гавьяа гэж хэлж болно.

Тиймээс концернийн үйл ажиллагаатай танилцаж эмийн зохистой хэрэглээ болон эмийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн талаар сонирхохоор тус компанийг зорив. Өнөөдрийн байдлаар дэл­хий дээр 30 мянга орчим эм байгаа бөгөөд 2011 оны байд­лаар манай улсад 2031 эм албан ёсоор бүртгэн, нийлүүлэгдэж байгаа аж.

Компанийн агуулах руу орж эмийн хадгалалттай танил­цлаа. Агуулахын хаал­­гаар ороход эмх цэгцтэй нь аргагүй өрсөн сав баглаа, боодолтой, гаднаа шошготой эм, эмнэлгийн хэрэгслүүд харагдаж байв. Агуулахын дотор баруун талд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас ирүүлж байгаа тусламжийн эмүүд, зүүн талд нь НҮБ-ын Хүн амын сангаас ирүүлж байгаа эм, эмнэлгийн хэрэгслүүд өрөөстэй байлаа. Энэ нэгдсэн агуулах маань дотроо 17 жижиг  агуулахтай ажээ. Эм болгон өөр өөрийн онцлогт тохирсон хадгалалтын горимтой учраас агуулахуудын хоорондын температур харил­цан адилгүй байдаг гэж Ложис­тик­ийн албаны дарга А.Ариун­жаргал хэллээ. Бид дараагийн агуулахаар ороход хадгалалтын горимын дагуу сав баглаа боодол хийж байв.

Тэнд 15-20 хэмийн дулаан орчин байв. Аль ч агуулахад эмийн ерөнхий ангилсан цаасны өнгө гурван янз байдаг гэнэ. Хэрэв ногоон өнгийн цаасан дээр эмийг ангилсан байвал стандартын шаардлага хангасан, хадгалах хугацаа нь хангалттай гэсэн үг аж. Харин шар цаасан дээр эм бэлдмэлийг ангилсан байвал шинжилгээнд явуулсан, хариу нь ирээгүй байгаа гэсэн үг бол улаан цаасан дээр ангилсан бол хадгалалтын хугацаа дууссан, чанарын шаардлага хангаагүй гэсэн үг юм байна. Бидний орсон агуулахад улаан болон шар өнгөтэй цаасан дээр хаягласан эм бэлдмэлүүд харагдсангүй.

Дараа нь 3:5 метрийн хэмжээтэй том хөргөгчтэй өрөө рүү орж үзлээ. “Монголэмимпекс” компани манай улсад хамгийн анх Фарм­мар­кенгийг үүсгэн байгуулж, одоо нэлээд хэдэн салбарыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод нээгээд байгаа ажээ. Манай сэтгүүлчид “Бишрэлт холдинг” компаний байранд байр­лах Фарммаркетингээр ороход эм, бэлдмэлүүдийг төрөл бүрээр өрж тавьсан байх бөгөөд жороор авах эмээс бусад бүтээгдэхүүнийг хэрэг­лэгч өөрөө сонголтоо хийх бүрэн боломжтой юм байна. Түүнч­лэн эндэхийн эм зүйч нар бүтээгдэхүүнийхээ талаар нэг бүрчлэн заавар зөвлөгөө өгч байгаа нь сайшаалтай.

“Уг нь сайн асууж тод­руулаад байвал өөрсдөд нь их хэрэгтэй шүү дээ. Гэтэл дураа­раа эм авч хэрэглэснээр өвч­нөө хүндрүүлэх, хорцдлогод орох гэх мэтээр хохирох тохиолдол элбэг байдаг” гэж “Монгол эм импекс” компанийн дэд захирал Н.Мөнгөнзагас ярьж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж