Байнга дусал хийлгэх нь нянг тэсвэртэй болгодог

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Байнга дусал хийлгэх нь нянг тэсвэртэй болгодог

Эмийн зохистой хэрэглээний талаар хүн бүр мэддэг ч амьдрал дээр хэрэгжүүлдэг хүн ховор.  Энэ жил дэлхийн эрүүл мэндийн өдрийг Дэл­хийн эрүүл мэндийн байгууллагаас “Эмэнд тэсвэртэй нянтай тэмцэе” уриан дор тэм­дэг­лэн өнгөрүүлсэн. Эмийг хэтрүүлэн хэрэг­лэх, тухайн өвчнийг буруу оношлох, лабораторийн оношлогоо хийлгүй таамгаар эмчлэх, эмчийн зааваргүй дур мэдэн эм уух зэрэг нь хүний биед байгаа нянг тэсвэртэй болгож, цааш тараахад нөлөөлдөг байна. Энэ нь цаашид ямар ч өвчнийг эмээр анагаах боломжгүй болгодог аж. Энэ талаар Эрүүл мэндийн газрын Эмийн бүртгэл, батал­гаажуулалтын хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнх­туулаас тодрууллаа.

-Эм нэг эрхтэнийг анагаагаад нөгөөг нь өвчлүүлж болох уу?

-Байж болно. Нэг эмийг уухад тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан, өөр нэг эрхтэнд сөргөөр нөлөөлж болно.
Жишээ нь, уушиг, харшлын өвчинтэй байлаа гэхэд энэ хоёр өвчний нэгийг нь эмчлээд, нөгөөд нь сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Тиймээс л эмийн зохистой хэрэглээг өдөр бүр яриад байгаа юм. Тухайн эмч өвчтөнг үзэж бүх талын анализ хийж, эмийн жор бичиж өгдөг. Харин өвчтөн эмийг хугацаанд нь зөв тунгаар уух хэрэгтэй. Нөгөө талаар уух гэж байгаа эмийн талаархи мэдээлэл, зааврыг иргэд эмч, эм зүйчээс заавал авах ёстой.

-Өндөр үнэтэй, реклам сайтай бол сайн эм гэсэн ойлголт бий болоод байна. Эмийн сайн, мууг нь яаж ялгах ёстой вэ?

-Энэ ойлголт маш буруу. Хямд үнэтэй эм муу, өндөр үнэтэй нь сайн гэсэн ойлголт байхгүй. Эмийг эмчийн заавраар хэрэглэ. Манай улс эмийн дийлэнх хувийг импортоор оруулж ирдэг. Зөвхөн эмчийн жороор олгодог 2300 орчим эмийн бүртгэл бий. Эрүүл мэндийн яамнаас импортоор оруулж ирж эм бүртгэлд орсон бол муу гэж байхгүй. Бид олон улсын стандартын шаардлага хангасан эмийг нэвтрүүлдэг.

-Хүмүүс эмчийн зааваргүй, дур мэдэн толгой өвдөхөөр л парацетамол, аналгин гэх мэт өвчин намдаах эм уудаг. Энэ зөв үү?

-Эм бол дэлгүүрээс авдаг бараа биш. Эрүүл мэндтэй холбоотой зүйлд хүмүүс бараа авахтай адил хандаж болохгүй. Толгой өвдөх нь ихэвчлэн хүчилтөрөгч дутагдах, ядрахаас болдог. Тиймээс эм уухаас илүү агаар салхинд гарах, цэвэр агаар амьсгалахад зүгээр болдог. Эмийг байнга хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Ямар ч эрхтэн өвдсөн хамгийн эхлээд эмчид ханд л гэж зөвлөх байна. Манай иргэд бас эмчийн бичсэн жорын дагуу эмийг хэрэглэдэггүй. Эмээ уух цагаа мартах,  ядрахаараа дусал шингэн байнга хийлгэх гэх мэт эмчийн зааваргүй эм хэрэглэх нь хүний биед байгаа нянг тэсвэртэй болгодог. Антибиотикийг яг хэдэн ширхэгийг хэдэн цагаар яаж хэрэглэх ёстой тэр дагуу л хэрэглэж сурах хэрэгтэй. 

Бүх эм гаж нөлөөтэй. Эмчилгээний тунгаар юм уу, эмчилгээний үед хэрэглэ. Оношлуулалгүйгээр ямар нэг эм хэрэглэнэ гэдэг эргээд хүнд хор болдог гэдгийг хүмүүст сайн ойлгуулах хэрэгтэй байна. Мөн түүнээс гадна иргэд ч өөрсдөө эмийн зохистой хэрэглээг амьдралд хэрэгжүүлэх ёстой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж