
Дээрх нэр бүхий хоёр компанийн захирлууд эмийн сангуудад хууль бусаар эм түгээсэн хэрэгтээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг худалдах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн” гэх үндслэлээр шалгуулж буй гэнэ. Тэд мөрдөн байцаалтын явцад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг нэг эмийн санд дунджаар 50-100 ширхэгийг худалдаалсан болохоо ч хүлээсэн байна.
Уг нь хуулиар бол цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтынхан эмийн худалдаанд хяналт тавих үүрэг хүлээсэн. Гэтэл Монголдоо эмийн худалдаагаар тэргүүлэгч ”Монос” компанийнхан хар тамхины бүлгийн эм бэлдмэлийг нууцаар хадгалж, нийслэлийн ихэнх эмийн сангуудад хяналтгүй худалдаалж байсан нь нэлээд ноцтой асуудал үүсгээд буй. Энэхүү мэдээлийн дагуу ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас лавлахад ”Эмийн бүтээгдэхүүнийг хэрхэн эмчилгээнд хэрэглэх, түгээх, үйлдвэрлэх зэрэг нь бүгд хуулиар зохицуулагдсан байгаа. Тэрхүү хуулийг зөрчсөн эмийн худалдаачид байвал эрүүгийн хариуцлагад татна. Хуульд тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан” гэсэн юм. Түүний хэлсэнээр Монгол Улсад мансууруулах төрлийн эм бэлдмэлд хяналт тавих зөвлөл гэж бий гэнэ.
Үүнд Тагнуул, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага ордог. Эдгээр байгууллага нь өөрт оногдсон тодорхой үүрэг чиглэлийн дагуу мансууруулах төрлийн эм бэлдмэлд хяналт тавих ёстой гэнэ. Мөн Мансууруулах эмийн худалдаанд хяналт тавих зөвлөлд цагдаагийн байгууллага ямар үүрэгтэй ажилладаг талаар Улсын мөрдөн байцаах газрын дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “2003 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын гаргаж байсан тушаал бий. Тэрхүү хуулиар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмээр үйлчлэх зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага нь уг эмүүдийг солилцох, бусад эмийн санд өгөхийг хориглоно” гэсэн заалттай. Эл хуулийн заалтыг зөрчсөн эм ханган нийлүүлэх газруудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Сэтгэцэд нөлөөлөх эм худалдах, үйлдвэрлэх, экспортлох, импортлохыг таслан зогсоох үүрэгтэй ажиллаж байна” гэв. Өнгөрсөн хугацааны туршид нийсэлийн 400 гаруй эмийн санд “Монос”, “Эмийн үйлдвэр” зэрэг компани мансууруулах төрлийн эмийг хууль бусаар удаа дараа худалдаалсан хэрэг нэгэнт тодорхой болчихоод байхад Мэргэжлийн хяналтын байцаагч нар өөрт оногдсон ажил үүргийн дагуу хяналт шалгалтыг тогтмол явуулж буй гэх.
Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас явуулсан мөрдлөгийн дүнд ихэнх эмийн сангууд хориглосон эм бэлдмэл болох мансууруулах төрлийн эм бэлдмэлийг дээрх хоёр компаниас авсан болох нь тогтоогдоод буй. Түүнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс гаргасан тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмийн жагсаалт 2006 онд батлагдсан жагсаалтад ч мансууруулах төрлийн эм бэлдмэлүүд багтсан юм байна. Гэтэл хууль зөрчин улс даяар мансуурах төрлийн эм бэлдмэл хууль бусаар тараасан “Монос” группын захиралд ямар арга хэмжээ авах нь одоог хүртэл тодорхойгүй байна.