
Шар хантаазтай ТҮК-ийн ажилтан цэвэрлэх талбайгаа орхиод төв талбайн хомоол, жогорхой түүсэн ч тусыг эс олжээ. Гэрээс нөмгөн дээлтэй эр гарч ирээд сунайж байснаа нус, цэрээ хээв нэг хаячихаад гэртээ орж харагдана.
ТҮК-ийн ажилтан банхарт бариулахаас айн гэрэлтүүлгийн шонгоос гинжилсэн банхарыг тойрон цэвэрлэгээгээ үргэлжлүүлнэ. Түүнийг нь мэдсэн банхарын эзэн, банхар хоёр таатай нь аргагүй нэг нь эвшээлгэж, нөгөө нь маасайх бөлгөө. Хонь байхгүй хотын төв талбайд хоточ банхар юу хийж байгаа юм бол гэж гайхсан бяцхан жаалууд ээж, ааваасаа учрыг асууна. Гэсэн ч тэдэнд их л таатай байгаа бололтой. Морь, нохой, монгол хувцастай эрчүүдийг харж зарим нь шоолно, зарим нь хөөрнө. Малын хороо гэдгийг мэдэхгүй нэг нь хомоол үнэрлээд хамраа даран ярвайна. Тэднийг хөдөө л байдаг гэж заалгаснаас хотын төв талбайд гэж зүүдлээ ч үгүй биз.
Цементэн дээр цэцэг ургадаг болсон өнөө цагт бараан зүсмийн хэдэн адуу төв талбайн урд үзүүрт асгасан өвсийг даган идээшилнэ. Хажууханд нь дөрвөн талтай монгол малгай духлуулан тавьж, амандаа өвс зуусан нэгэн эр музейн үзмэр аятай газар тавьсан эмээлээ түшиж, хавь ойрноо харан маадгар суухыг нь харвал дуучин С.Жавхлантай төстэй харагдав. Түүнд олны анхаарлыг ингэж татаж суух нь таатай байгаа бололтой. Ойртоод очвол арай дуучин маань биш ээ. Дээлээ хөөргөж, бөгсөөрөө бүсээ бүсэлснийг нь харвал Увсын “имиж” лав биш. Түүнд Төв аймгийн төрх бүрджээ. “Хотын төв талбайд хомоол үнэртээд сайхан л юм” гээд хөдөөнөөс ирсэн оюутан бололтой, улаан хацартай залуу тамхилангаа түүнтэй мэндэлж байх юм.
Орчиндоо нэг л зохицож өгөхгүй сондгой зураглал тэнд байна. Уг нь монгол ахуй л даа. Гэхдээ л биш ээ. Нүүдэлчин ахуйг хэтэрхий бүдүүлгээр төв талбайд сурталчилсан нь таалагдсангүй ээ.
1921 онд Богдод өргөх бичиг барихдаа Д.Сүхбаатар нар тэгэж явсан л байх. Тэр цагаас хойш бүтэн зуун улирч технологийн эрин эхэлчихсэн, хувьсгалыг цахим хэлбэрээр хийж байна, цаана чинь.
Гэтэл “Гал үндэстэн”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” гэх нөхдүүд “Чингисийн монгол цэргүүд амиллаа” гэх нь холгүй бүдүүлэг авирлаж суугаа нь арга барилын хувьд арай л биш ээ. Тэдэнтэй ярьж суухад нэг зүйлээр их л бахархана. “Өвөрхангайгаас долоо хоног морьтойгоо довтолгож ирсэн” гэж хэлэх залуу “хайран цаг” гэж халаглахын оронд бахархах аятай суух аж. Муу, сайн нь хамаагүй машинаар өдөртөө л хотод ороод ирэхээс Өвөрхангайгаас долоон өдөр, долоон шөнө нойр, хоолгүй довтолгох нь гоё байсан бололтой. Түүнийг аймгийн төвөөсөө холдож амжаагүй байхад Өвөрхангайн удирдлага “Эндээс тэдэн нөхөр хот руу морьтой гарлаа” энэ тэр гээд хошуу өргөж дөнгөнө гэдгийг тооцоолоогүй бололтой. Хувьсгалыг энэ янзаараа хийвэл бохирдсон ус, ширгэсэн голоо яаж хамгаалах хүмүүс вэ, бүү мэд. Ховдоос, Баян-Өлгийгөөс хүмүүс ирж яваа л гэх юм. Тэднийг чинь мориор шогшуулсаар байтал энд зун болно. Гол, нуур нь эзгүй ширгээд дуусна. Уг нь санаа нь сайхан ч арга барил нь арай л хоцрогдчихож.
Нийслэл маань өдрөөс өдөрт өнгө нэмж, хүмүүс нь соёлжиж, ядаж л соёлжихыг хичээж байгаа. Тиймээс ч төв талбайд монгол гэр бариад, эсгий дэвсээд, гэдэс нь эвгүйрхвэл булан бараадаж бие засчихаад “пэд пэд” үсрэх нь утгагүй санагдана. Нийслэлчүүд энэ бүдүүлэг занг хараад дургүй нь хүрч, ой гутна уу гэхээс “Гол, нуураа аврахын төлөө ингэх хэрэгтэй” гэж зөвтгөхгүй л байх.
Морьтой монголчуудыг жагсаал хийлгэхгүй гэсэндээ дүүргийн түшмэл зөвшөөрөл олгохоос татгалзаагүй л байх. Төв талбайд морь тэжээлгэхгүй, гэрэлтүүлгийн шонгоос нохой гинжлүүлэхгүй гэхдээ л “үгүй” гэсэн байлгүй.
Нэг хүний эрх ашиг нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлагдах ёстой гэдгийг хотын хэн бүхэн мэднэ.
Засгийн газрыг огцоруулахаар заавал төв талбайд морьтой, морь тэргэндээ гэрээ ачиж ирэх ямар хэрэгтэй юм. Морины чинь хомоолыг Засгийн газрын гишүүд биш та нартай адилхан ядарсан хүн цэвэрлэж, хоолоо залгуулдаг гэдгийг ухамсарлаач. Төв талбайд гэр барьж, морио тэжээлээ гээд татарсан гол, ширгэсэн нуур урсахгүй шүү дээ. Төр засгийнхан ч огцрохгүй л дээ.
Ингээд хэлэхээр төв талбай бол нийтийн өмч гэх байх. Монгол Улсын иргэн жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлэн, хүссэн газартаа амьдрах эрхтэй гэх л байх.
Эндүүрээгүй бол нийтийн эзэмшлийн гол, нуурыг нэг хоёрхон компани ширгээж байгаагийн эсрэг та бүхэн тэмцэж байгаа. Үүнийг болиулахын төлөө Засгийн газар, УИХ-ыг огцрохыг шаардаж буй. Харамсалтай нь нэг нийтийн эзэмшлээ хамгаалах гээд нөгөөг нь сүйтгэж болохгүй ээ. Сүхбаатар, Боорч, Мухулайн хөшөөтэй битгий барьц. Тэд хөшөө. Тэднийг хараад морьтойгоо хувьсгал хийнэ гэж бодож байгаа бол 100 жилээр хоцорч байна даа, найзууд аа.
Нийтийн эзэмшил, улсын төв талбай болохоор л тэнд морьтойгоо, монгол гэртэйгээ, банхартайгаа байж болдоггүй юм, хө.
Нутаг буцах гэсээр байтал чинь намар орой болох вий. Нарны эртэд буцдаа, буц. Сүх жанжны хөшөөг гурав гороолж, төв талбайд морьтой, банхартайгаа хонож үзсэн гээд нутгийнхандаа очоод онгир. Морио орхиод машинтай сүнгэнээд ирээд жагсч, цуглаж бололгүй яах вэ. Байдал бишдээд, эрх баригчдын луйвар хэрээс хэтрээд буйг дуулбал битгий морьтой нааш шогшуулаарай. Бүгдээрээ интернэтээр хувьсгал хиймз.
Л.Нарантөгс