Мэдээллийн эрх чөлөөний хуулийг энэ чуулганаар батална

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Мэдээллийн эрх чөлөөний хуулийг энэ чуулганаар батална

Мэдээллийн ил тод байдал ба мэдээ­лэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нээлттэй сонсгол өчигдөр Төрийн ордонд боллоо. Дээрх хуулийн төслийг УИХ-д хэлэл­цэхээр болсны дараа иргэний нийгмийн долоон байгууллагаас нээлттэй сонсгол зохион байгуулахыг хүссэн нь ийнхүү асуудлаа хэлэлцэхэд ихээхэн түлхэц болсон аж.

УИХ-ын зарим гишүүдийн зүгээс “Байгууллагын болоод хувь хүний нууцын тухай хуулийг оруулсны дараагаар хэлэлцэх нь зүйтэй” гэх саналыг гарган чуулганаар хэлэл­цэхийг нь хойшлуулах саналтай байсан хэдий ч олонх гишүүд хэлэл­цэх нь зүйтэй гэж үзээд байгаа билээ.

Сонсголд олон нийтийн 29 байгууллагын 31 төлөөлөгчөөс гадна Байнгын хорооны Д.Энхбат, Р.Раш, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, нарын 10 орчим гишүүд оролцов.

Дээрх “нууцтай холбоотой асууд­луудыг зохицуулах нь зүйтэй” гэх саналууд ч нээлттэй сонсголд олон давхардаж байлаа.

Иргэний нийгмийн зүгээс судал­гааны ажлаар төрийн байгууллагаас мэдээлэл авахад тодорхой хүндрэлүүд гарч байсан талаараа дурдаж “тухайн сэдвээр мэргэшсэн хүмүүст мэдээлэл олж авахад хүндрэлтэй байгаа үед энгийн иргэдэд боломж бүр хаагдмал байгаа” гэх саналыг хэлэв.

Төрийн албан хаагчийн харилцаа, хүнд суртал, ёс зүйн асуудал голлох хүндрэлээр нэрлэгдэж байсан бө­гөөд хуулиар төрийн албан хааг­чид мэдээлэл өгөх үүрэгтэй болгон хуульчилснаар энэ нөхцөлүүд алга бол­­­но гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.  Төлөөлөгчдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан тодорхой зөвлөмж, хуулийн томьёол­­лыг санал болгож байсан бөгөөд хууль тогтоогчид үүнд нь “олзуурхаж” буйгаа ч нуусангүй. Тухайлбал, Хуулийн төслийн цахим хэлбэрээр мэдээлэл авах, өгөх ту­хай заалт хэт ерөнхий байгаа тул цахим хэлбэрээр мэдээлэл хүсэхдээ хандах албан тушаалтны эрх үүрэг, ямар байх талаар тодорхой ангилал гаргах. Төрийн байгууллага гэдгийг хэрхэн тодорхойлох гэдгээс эхлээд хуулийн хамрах хүрээг тодорхой болгох. Сонгуулийн хуультай хол­боо­тойгоор сонгогчдын нэрсийн жагсаалтын мэдээллийн ил тод бол­гох зэрэг саналууд гарсан байна. Энэхүү сонсголоос нууцын хуулийг хүлээлгүйгээр зохицуулалтыг боловс­­ронгуй болгох асуудлыг түргэвч­лэх байгаа гэдэгт олон хүн санал нэгдсэн бөгөөд 10 орчим жил хүлээлт үүсгэсэн хуулийг энэ хаврын чуулганд амжиж батлана гэх амлалтыг хууль тогтоогчдоос авснаар сонсгол өндөрлөв.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж