Урт нэртэй хуульд бид хийдгээ хийсэн

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуульд бид хийдгээ хийсэн

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэг­жилт, түүнийг сайжруулах арга зам” сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн мэ­дээ­­лэл хийлээ.

Сайд Улаанбаатар хотыг унд­ны усаар хангадаг Туул голын ус­ны төв­шин болоод чанар нь сүүлийн жилүүдэд буурсан тул уг асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалалтын бүс тог­тоон цогцолбор байдлаар бүтээн байгуулалт хийх шаардлага тулгарсан талаар мэдээллийн эхэнд онцоллоо.

Туул голын сав газар нь манай орны эдийн засаг, нийгмийн хөгжил, үйлдвэрлэлийн гол бүс нутаг бөгөөд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Налайх дүүрэг, таван аймгийн 37 сумын нутаг дэвсгэр хамаардаг бөгөөд өргөн хүрээг хамарсан тул олон төрлийн бохирдуулагчид байсаар байгаа гэнэ.

Туул голын урсац жилээс жилд буурсаар байгаа. Туул голоос хоногт 130 мянган метр кубийг хотын хэрэглээнд зарцуулдаг. Туул голын сав газарт ашигт малтмал, арьс шир боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шалтгаалсан бохир­долт их.  Нөхөн сэргээлт хийг­дэх ажил удаашралтай, бараг хийгдээгүй гэж хэлсэн ч болохоор байгаа гэнэ. Түүнчлэн урсац тасалдахад 2003 оноос хойш өндөр хуурайшилтай байгаа зэрэг нөхцөл байдлууд ч нөлөөлсөн аж.

Энэ талаар Байнгын хорооны гишүүд ч санал хэлж, “Хөдөө орон нутагт явж байхад Туул гол олон газраараа тасарчихсан байна. Улаан ногооноороо бохирдчихсон урсч байна. Голын ус хорогдож буй нь хайрга олборлосноос бо­лоод байгаа юм биш үү. Туул голд одоогоор дөрвөн цэвэрлэх байгууламж бохир усаа юүлж байгаа. Ядаж арьс ширний үйлдвэрүүдээ хотоос гаргах юм биш үү” гэж байв.

Сайд Л.Гансүх “Туул голын сав газарт хэд хэдэн далан хийж, гадаргын усыг хадгалснаар усны төвшин бууралтыг багасгаж болно. Одоо бид Туул голын эх хэсэгт 2011 онд Япон улсын хөрөнгөөр ус хуримтлуулах далан байгуулах, дунд хэсэгт Со­лон­госын Чунгсук инженеринг компанитай хамтран “Туул-Сэлбэ голын хөгжил” төслийг эхлүүлж эр­гийг тохижуулах, доод хэсэгт төв цэвэрлэх байгууламжаас гарах бохир усыг цэвэршүүлэн ашиглах “Туул-Сонгино усны нөөцийн цогцол­бор” төслийг эхлүүлэх, 2012 онд Туул-Сонгино болон Алтанбулаг ор­чимд бохирдлын хуримтлалын хэм­жээг тогтоож, саармагжуулах, цэвэршүүлэх арга хэмжээг авах зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа” гэв. Мөн “Газрын гүний биш гадаргын энэ усыг ашиглаж чадвал олон асуудал шийдэгдэнэ. Уг цөөрмийн тавхан хувийг ашигласнаар Улаан­баатар хотын нийт хэрэгцээг хангах боломжтой” гэв.  Үүний дараа Г.Баяр­сайхан гишүүн “Туул гол яагаад ширгэж байгаа нь тодорхой. Голын эхэнд уул уурхай үйл ажиллагаа явуулж байна. Голын усыг  ширгээж байгаа  хамгийн гол дайсан нь уул уурхай болоод байна. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлж байж гол усыг сэргээх асуудал яригдана” гэлээ.  Л.Гансүх сайд, “сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгжийн  эрхийг эхний ээлжид цуцалжээ. Туул голын эх дээр уул уурхай байхгүй. Энэ асуудлаас  болж Туул гол ширгэж байгаа юм биш. Урт нэртэй хуулийн хувьд манай яам бүх тооцоо судалгааг гаргасан байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй газрын үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлуулах саналаа бид гаргадаг. Мэргэжлийн хяналтынханд асуудлыг тавьдаг ч Ашигт малтмалын газарт лиценз олгох, цуцлах эрх нь бий. Иймд Ашигт малтмалын газартай хамтран ажиллахаар болсон”  гэх тайлбар өгөв.

Энэ талаар шүүмж хэлэх гишүүд олон байсан тул уг асуудлыг нээлттэй үлдээн олон нийтийг оролцуулсан нээлттэй сонсгол явуулах,  мөн байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж бодит байдалтай танилцах нь зүйтэй гэж үзсэнээр хуралдаан өндөрлөв.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж