Лаосын эмэгтэйчүүд туршлага судалж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Лаосын эмэгтэйчүүд туршлага судалж байна

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны урилгаар Лаосын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч хатагтай Камчан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тэд Монголын эмэгтэйчүүдийн удирддаг олон нийтийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор долоо хоногийн хугацаатай ажиллаж байгаа нь энэ юм. Лаосын эмэгтэйчүүд Монголд ирмэгцээ Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг нартай уулзаж “Монгол хүн 2020” хөтөлбөрт иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл авчээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаатай уулзаж, Иргэний танхимд морилсон байна. МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарьтай уулзах үеэрээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн ажилладагтай танилцаж, Төрийн ордонтой танилцах аялалынхаа хүрээнд парламентын сэтгүүлчдийн ажлын өрөөгөөр зочилжээ. Түүнчлэн Төв аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдтэй уулзсаныхаа дараа малчин айлд үдэлсэн байна. Бас БСШУ-ны дэд сайд Ч.Куландатай ажлын яриа хөөрөө өрнүүлээд амжжээ.

Лаосын Эмэгтэйчүүдийн Холбоо нь Лаосын Ардын Хувьсгалт намын дэргэдэх олон нийтийн байгууллага бөгөөд, нэг намын тогтолцоотой тус оронд эмэгтэйчүүдийн хөгжлийг хангах бодлогыг хэрэгжүүлдэг гол байгууллага юм байна. БНЛАУ-ын парламентын сонгууль энэ сарын 30-ны өдөр болох аж. Түүнд  47 эмэгтэй нэр дэвшсэнээр парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэх зорилтод ойртож байгаа ажээ. Лаосын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөгчид Монгол дахь олон намын тогтолцоо, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаар шинийг мэдэхийн зэрэгцээ боловсролын салбарт хүрсэн амжилтыг ихэд сонирхож байгаа ажээ.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж