Б.Мөнгөнтуул дахин ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул дахин ялагдлаа

Катарын нийслэл Доха хотноо эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний зургаа дахь цувралд оролцож буй Монголын их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр тэмцээний гурав дахь өргөө тоглож, Армяны шатарчин Елина Даниельянд хожигдсон байна. Тэмцээний эхний өрөгт Гүржийн домогт шатарчин, дэлхийн аварга, дэлхийн шатрын олимпиадын есөн удаагийн аварга Майя Чибурданизег буулган авч, гараагаа тун сайн эхлүүлсэн Б.Мөнгөнтуул харамсалтай нь дараалан хоёр өрөгт хожигдоод байна. Шатарчид өнөөдөр дөрөв дэх өргийн тоглолтоо хийх бөгөөд манай шатарчны хувьд БНХАУ-ын их мастер Сью Юйхуатай хараар тоглохоор болжээ.

FIDE-гийн чансаа, зэрэглэл өндөртэй эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний гурван өргийн дараах байдлаар Армяны их мастер Елина Даниельян 100 хувийн амжилтаар тэмцээнийг тэргүүлж байгаа бол Эквадорын Марта Фьерро, Гүржийн Нана Загнизе нар тус бүр хоёр оноотой удаахь байруудад жагсч байна. Харин Б.Мөнгөнтуул гурван өргөөс нэг хожсон амжилтаар 12 шатарчнаас наймдугаар байрт бичигдээд байгаа юм.

Тэмцээн энэ сарын 5-нд өндөрлөх бөгөөд тэмцээний ялагч 6500 ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж