Айлчлалын дүнтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Айлчлалын дүнтэй танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын дүнтэй Засгийн газрын гишүүд танилцаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд хэлэлцээ хийж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм. Харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд нар тэмдэглээд, харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед байгуулахаар тохиролцсон. Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, энэ хүрээнд эрдэс баялаг, хүнд аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, барилга, далайн тээвэр, далайн боомт, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчны салбарт хамтран ажиллахаар болж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахаар болсон юм. Мөн эрүүл мэнд, анагаах ухаан, батлан хамгаалах салбар, энхийг сахиулах чиглэлээр хамтарч ажиллан, мал, амьтны гоц халдварт өвчний эсрэг тэмцэхээр тохирсон байна.Хоёр тал иргэдийн зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд таатай орчин, нөхцөл бүрдүүлэхээр болсон юм. БНСУ-ын Засгийн газар манай эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах болон бусад тэргүүлэх ач холбогдолтой төсөлд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, 23 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх, цаашид хөгжлийн албан ёсны тусламжаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Мөн ногоон хөгжлийг дэмжихийн тулд энэ онд хамтарсан төсөл хэрэгжүүлэх болсон юм.Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхаж, эрх баригч Ханнара намын даргатай уулзан, “Солонгос дахь Монголын жил”-ийн нээлтэд оролцсон байна. Мөн Монгол, Солонгосын бизнесийн чуулга уулзалтад үг хэлж, БНСУ-ын бизнесийн гол 4 холбоо гэгддэг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Аж үйлдвэрүүдийн холбоо, Олон улсын худалдааны нийгэмлэг, Жижиг, дунд бизнесийн холбооны удирдлагуудтай уулзжээ. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын их, дээд сургуулийн оюутны хотхон, эмийн үйлдвэрлэлийн компаний ажилтай танилцаж, нэр хүнд бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн байна. Түүнчлэн БНСУ-д амьдарч, ажиллаж, сурч байгаа монгол иргэдтэйгээ уулзсанаас гадна тус улсад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын талаар талууд хэвлэлийн хамтарсан мэдээ гаргасан бөгөөд айлчлалын үеэр хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

Төслийн хэрэгжилтийн явцтай танилцав

Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн 2010 оны явцын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан салбар, орон нутгийн болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Үндэсний хөгжлийн цогц бодлогод суурилсан үндсэн чиглэл, стратеги, хөтөлбөр, мастер төлөвлөгөө зэрэг төр, засгийн бодлого, үзэл баримтлалын чанартай 403 баримт бичиг байна. Үүнээс 96 үндэсний хөтөлбөр 11 яаманд 76 хувь, төсвийн болон гадаад орны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд 111 төсөл 9 яаманд 82,4 хувийн биелэлттэй хэрэгжиж байна. Цаашид салбарын болон төрийн бодлогын түвшинд боловсруулж хэрэгжүүлэх 10 гаруй томоохон бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр, төслийг Улсын Их Хурал, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж батлуулах ажлын явц удаашралтай байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Эрдэс баялаг, эрчим хүчний болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам анхаарах хэрэгтэйг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар санууллаа.

Бодлогын баримт бичгийг танилцуулна

“Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан баримт бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар тогтлоо. Бодлогын баримт бичиг нь бодлого, эрдэс баялгийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байна. 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шинээр олон орд газар нээгдэж, уурхай, үйлдвэр, аж ахуйн газар байгуулагдан, түүнийг дагасан дэд бүтэц, ажлын байр, хот суурин хөгжиж, Улаанбаатар хотын төвлөрөл саарах, хүнээ хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэрэг олон эерэг өөрчлөлт гарна гэж Засгийн газар үзлээ. Иймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

ТОВЧ МЭДЭЭ

Ази, Номхон далайн Хэмжил зүйн хөтөлбөрийн 2011 оны хагас жилийн хурлыг зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах болов. Энэ нь гадны улсын шинжээчдээс зөвлөгөө авч, туршлагыг нь судлах, улсынхаа хэмжил зүйн салбарын хөгжлийн түвшин, хэрэгцээ, шаардлага, бодит байдлаа танилцуулах, чадавхи, үйл ажиллагаагаа сайжруулах дэмжлэг хүсэх, манай мэргэжилтнүүд мэдээлэл авч холбоо тогтоох, мэргэшүүлэх сургалтад хамрагдах зэрэг олон талын ач холбогдолтой гэж Засгийн газар үзлээ.

2011 оны гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс хуралдсан байна. Хуралдааны дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Х.Баттулгад даалгалаа. Талууд уул уурхай, эрчим хүч, усны нөөц, байгаль хамгаалал, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн салбар /тээвэр/-т хамтран ажиллахаар тохиролцсон юм.

“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Кипр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж