
Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн аврах албаны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэн тогтоол гаргалаа. Манай улсад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалт, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад гарч болох аливаа ослоос урьдчилан сэргийлэх нь чухал болоод байгаа юм. Иймээс аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, сургах, аюулгүй ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих, ослын үр дагаврыг шуурхай арилгах чиглэлээр Уул уурхайн албаны бүтэц, зохион байгуулалтыг одоогийн орон тоонд нь багтаан өөрчилж, чадавхийг нь бэхжүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болголоо.Аврах албаны албан хаагчдад тавигдах шаардлага, эрх, үүрэг, үүргээ биелүүлэх баталгаа, тэтгэвэр, тэтгэмжийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Аврах албыг бэхжүүлэхийн тулд гадны байгууллагын туршлага судлах, ажилтнуудыг давтан сургах, мэдлэг, чадварыг нь сайжруулах, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхаар боллоо.
Анх 1951 онд Уулын аврах команд нэртэйгээр байгуулагдсан энэ байгууллагыг 1995 онд Уул уурхайн аврах алба болгон өөрчилж, уулын ажлын аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах үүрэг хүлээлгэсэн юм. 53 хүний бүрэлдэхүүнтэй энэ алба 1 салаа, шуурхай ажлын 5 тасаг, эмнэлэг, химийн лаборатори, баг аппаратур, ган татлага шалгах станц, сургалт, мэдээллийн төвтэйгээр улсын хэмжээнд өмчийн хэлбэр, орон нутгийн харъяалал харгалзалгүй үүрэг гүйцэтгэж байна.
Тус алба 1997-2009 онд 325 удаагийн ослын дуудлагаар ажиллаж 282 хүний амийг аварч, 1000 гаруй цэгт хий, тоосны сорьцын шинжилгээ, 100 гаруй ган татлагад шалгалт хийн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 20 орчим мянган заавар, зөвлөмжийг 100 гаруй мянган хүнд хүргэсэн байна. 2010 оны эхний улиралд гэхэд л 13 удаагийн дуудлагаар ажиллан 19 хүний амь насыг аварчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгоно
“Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, тогтоол гаргалаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөн төлбөр олгох ажлын явц, дүнг хагас жил тутам Засгийн газарт тайлагнах, нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг ХЗДХ-ийн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгав. Энэ журам нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-гаас нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг хууль бусаар хорих, хүн хулгайлах, барьцаалах, худалдаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, терроризм, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид Сангийн хөрөнгөөс нөхөн төлбөр олгоно. Хохирогчийн нөхөн төлбөр хүсэх өргөдлийг нийслэлд Сангийн зөвлөлийн ажлын алба, аймагт шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан хүлээн авч шуурхай шийдвэрлэж байх юм. Нөхөн төлбөр хүсэх өргөдлийн маягтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авах бөгөөд хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудсын хуулбар, өргөдөл гаргагч иргэний баримт бичгийн хуулбар, хохирлыг ялтан буюу түүний хууль ёсны төлөөлөгч барагдуулаагүй, эсвэл дутуу барагдуулсныг нотлох баримтыг хавсаргах ёстой. Журам 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үйлдэгдсэн хэргийн хохирогчид үйлчилнэ.
Төслийг дэмжив
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийх зэрэг хууль бус үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бий болгохоор төсөлд тусгасан байна. Гадаадын иргэн, харъяалалгүй этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглож, харуул хамгаалалтын эрхтэй хуулийн этгээд, спорт-сургалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага хязгаарлагдмал хүрээнд, хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй байх нь. Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийслэлд Цагдаагийн байгууллагын харъяа нэг төвөөр л худалдаж байх зэрэг олон өөрчлөлтийг тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Бууны албан татварын тухай хуулийг Галт зэвсгийн албан татварын тухай хууль болгон шинэчлэн найруулсан байна. Энэ дагуу иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар жилд ойролцоогоор 4 мянган төгрөг байгааг нэмж 10-35 мянган төгрөг байхаар ялгавартай тогтоожээ. 2010 оны байдлаар манай улсын хэмжээнд 40894 галт зэвсэг бүртгэлтэй байна. Үүний 35652 нь ан агнах, 1901 нь харуул хамгаалалтын, 156 спорт сургалтын, 280 нь үзмэр, урлагийн, 59 нь цуглуулгын зориулалттай юм байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.