
Гэрээний төсөлд тусгагдсаны дагуу “Шинэ Азиа майнинг групп” ХХК нь 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг бүрэн гаргана. 2×30МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулах бөгөөд 20 жил эзэмшиж, ашиглан гэрээний хугацаа дуусахад үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх юм. Дулааны станц ашиглалтад орсноор Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчид байнгын, найдвартай эрчим хүчээр хангагдана.
Мөн дээрх хоёр аймагт жил бүр олгодог 12,7 тэрбум төгрөгийн дизель станцын алдагдлын татаас, эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй сумдын дизель түлшний үнэ зэргийг өгөх шаардлагагүй болно. Станцыг барьж байгуулж, ашиглалтад оруулснаар эрчим хүчний салбарын үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, чадавхийг нь дээшлүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад чухал хувь нэмэртэйгээс гадна орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон үр нөлөө үзүүлэх бүтээн байгуулалт болох юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Цахилгааны шөнийн тариф нэмэгдэхгүй
Эрчим хүчний зохицуулах газраас хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ, тарифт өөрчлөлт оруулсан тухай асуудлыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 49 м/кв талбайтай 2 өрөө байранд амьдардаг, 4 ам бүлтэй өрх одоо сар бүр 21424 төгрөгийг халаалт, хэрэглээний халуун усандаа төлдөг бол ирэх тавдугаар сарын 1-нээс сар бүр 2570 төгрөг илүү төлөх юм. Мөн сардаа 200 кв цахилгаан хэрэглэдэг гэж үзвэл 880 төгрөг илүү, нийт цахилгаан, халаалт, халуун усны төлбөр нь халаалт авдаг улиралд сард 3451 төгрөгөөр, халаалтын бус улиралд 1485 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.
Цахилгааны үнэ өссөнөөр иргэдийн өдөр тутам өргөн хэрэглэдэг “Атар” талхны үнэ 3-4 төгрөг, “Алтан тариа” компанийн 1 кг нэгдүгээр болон дээд гурил 4-6 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэж Эрчим хүчний зохицуулах газар үзжээ. Харин төсвийн байгууллагууд буюу зарим эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зардлыг 2 дугаар эмнэлэг, 25 дугаар цэцэрлэг, ШУТИС, “Эрдмийн ундраа” сургуулиудаар жишээ болгож тооцоход нийт зардал нь 0.2-0.9 хувиар нэмэгдэхээр байна. Цахилгаан, дулааны үнэ нэмэх цаг нь мөн гэдэгт Засгийн газрын гишүүд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа хуралдааны үеэр илэрхийллээ. Эрчим хүчний зохицуулах газар үнэ нэмэх талаар МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагатай цөөнгүй удаа зөвшилцсөний эцэст ийм шийдвэр гаргасан байна.
Гэхдээ үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрх, нийтийн зориулалттай зам, талбай, нийтийн зориулалттай орон сууцны байрны орцны гэрэлтүүлгийн шөнийн цагаар хэрэглэх тарифыг нэмээгүй гэж Эрчим хүчний зохицуулах газар тайлбарлалаа. Мөн “Цахилгаан тээвэр” компани, үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалт, эмзэг өрхийн тарифыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.