БОАЖЯ Азийн сантай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

БОАЖЯ Азийн сантай хамтарч ажиллана

Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Л.Жаргалсайхан мөн Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг нар Азийн сан хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Азийн сангаас хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн үйл ажиллагаанд хоёр тал харилцан дэмжлэг үзүүлэх, идэвхтэй хамтран ажиллах, тохиролцсон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхэд санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд байгаль орчны хяналт шинжилгээний шинэ арга зүй, аргачлал нэвтрүүлэх, усны чанарт хяналт тавих чадамж бүрдүүлэх чиглэлд энэ удаагийн хамтын ажиллагаа чиглэгджээ. Тодруулбал, орон нутгийн байгалийн баялаг ашиглалт, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаанд байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчдаар хяналт тавиулах арга барилд сургах, чадавхижуулах нь энэ хамтын ажиллагааны гол хэсэг болох аж.

Хамтын ажиллагааны хүрээнд 2013 он хүртэл Азийн сангаас БОАЖЯ-ны харъяа агентлагууд болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газарт техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр хэд хэдэн гол үр дүнд хүрнэ гэж хоёр тал үзэж байна. Тухайлбал, ус, хөрсний хяналт шинжилгээний шинэ аргачлал нэвтрүүлж, зарим багаж хэрэгслээр хангагдах юм.  Усны хяналт, шинжилгээний сүлжээний нэгдсэн мэдээллийн сүлжээтэй болж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, үр дүнг сайжруулж, олон нийтийн хяналтыг ажлын хүрээнд өргөтгөх болжээ.

Эх сурвалж: mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж