
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг энэ сарын 24-нд буюу ирэх ням гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Сар бүр нэг удаа тоглодог тус балетын симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдан тоглуулна. Харин хар, цагаан хунд Б.Саруул, ханхүүд О.Ганцоож, Ротбартад Х.Мөнгөнхөлөг нар бүжих юм. “Хунт нуур” балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн их театрт тоглож байжээ. Тухайн үед Большой театрын балетмэйстрээр Германаас уригдан ажиллаж байсан Julius Reisinger гэгч анхны “Хунт нуур”-ыг дэглэж байв. Өнөөдрийн балетын урлагийн ноён оргил болсон энэхүү бүтээл анхны тоглолтоороо үзэгчдээс тааруухан үнэлгээ авч байсан, П.И.Чайковскийд өөрт нь ч таалагдаж байгаагүй гэдэг. Зөвхөн үзэгчид төдийгүй хөгжмийн мэргэжилтнүүд болон удирдаач, бүжигчид “Хунт нуур”-ыг ээдрээтэй хүнд, бүжиглэхэд тохиромжгүй хэтэрхий хэцүү гэж шүүмжилж байсан аж.
1880-аад оны сүүл үед нэрт балетмэйстр Петипа, Иванов хоёр “Хунт нуур”-ыг засварлан тавих хүслээ П.И.Чайковскийд хэлж, хэдэн жил энэ ажилдаа шамдсан байна. Харамсалтай нь, П.И.Чайковский шинэ хувилбар болох өнөөдрийн балетын хаан болсон “Хунт нуур”-ыг өөрөө үзэж чадалгүй 1893 онд таалал төгссөн билээ. Ингээд шинэ “Хунт нуур”-ын анхны тоглолт 1895 оны нэгдүгээр сарын 15-нд болж, тэр цагаас эхлэн алдаршиж эхэлсэн байна. Энэхүү гайхалтай балетыг манай улсад анх 1975 оны зургадугаар сарын 28-наас эхлэн өнөөдрийг хүртэл тоглож байгаа юм.
М.Дөл