А.П.Чепурной “Аида” дуурийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

А.П.Чепурной “Аида” дуурийг танилцуулна

Дэлхийн хамгийн шилдэг дуурьтай танилцах боломжийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид бидэнд олгож байна. Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг энэ сарын 30-нд УДБЭТ-ын тайзнаа анх удаа тоглох юм. Энэхүү дуурийг монголчуудад танилцуулахаар ОХУ-ын Ардын жүжигчин, Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной Б.Сэргэлэн захирлын урилгаар Монголд ирээд байгаа юм.

А.Гисланцони, К.дю Локлийн цомнол, Ж.Вердийн хөгжим “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар сарын 24-нд Ж.Боттезинигийн удирдлагаар Каирт,
мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скалад,1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тус тус тоглож байжээ. Харин Монголд анх удаа концертын хэлбэрээр 2010 оны арванхоёрдугаар сарын 10-нд ОХУ-ын Ардын жүжигчин А.П.Чепурныйн удирдлагаар тоглож байсан юм.

“Аида” дуурийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Ардын жүжигчин А.П.Чепурный, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, хувцасны зураачаар Г.Оюун, бүжгийг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, продюсерээр УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, зөвлөхөөр УДБЭТ-ын дэд захирал Д.Баатар нар тус тус ажиллаж байна.

Харин дуурийн гол дүрүүдэд Египетийн фараон бас-Ч.Чинзориг, н.Бямбажав, Амнерис түүний гүнж меццо-сопрано-Р.Доржхорол, М.Даариймаа, Аида Этиопын гүнж, олзны бүсгүй сопрано-С.Мөнгөнцэцэг,  Ш.Наранчимэг, Радамес хааны ордны хамгаалалтын дарга  тенор-Ч.Түмэндэмбэрэл, Б.Гомбо-Очир, Рамфис Сүмийн тэргүүн зайран бас-Б.Алтанхуяг, О.Хүрэлбаатар, Амонасро Эфиопын хаан, Аидагийн эцэг  баритон-Ц.Баттөр, Э.Амартүвшин, Элч тенор-Г.Шижирболд, М.Даваадорж нар тус тус бэлтгэж байна.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж