Боловсролын ”Бренд”

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Боловсролын ”Бренд”

АНУ-ын Станфордын Их сургуулийн оюутан, "Сант" сургуулийн багш З.Энхмөнхтэй уулзаад салж явахад хавар цагийн хүсэн хүлээсэн бороо шиврэх мэт сэтгэл нэг л сайхан. Монгол залуус Дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллаж байгаа нь бүр ч бахархмаар. Тэдний нэг нь З.Энхмөнх байлаа. Монголын анхны хувийн "Сант" сургуулийг зориглон байгуулж, холын холыг харж, хүүгээ үүний төлөө бэлтгэж байгаа эцэг эхийнх нь холч ухаан бишир мүү. Монголын боловсролын  салбарын шинэчлэлд олон олон гэрэл гэгээ цацарч байгаагийн нэг нь "Сант" сургууль байлаа. "Сант" сургууль Монголын боловсролын "бренд" болж дэлхийн хөгжлийн хэмжээнд мөр зэрэгцэх цаг айсуй. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Зургаанжингийн Энхмөнх гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын лаборатори 1-р сургуульд зургаан настайдаа элсч, 5-р ангиасаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орж суралцаад төгссөн. 10-р ангиа төгсөөд 2002 онд Их Британийн Дэлхийн нэгдсэн коллежид хоёр жил суралцлаа. Дэлхийн нэгдсэн коллеж нь АНУ, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Их Британи зэрэг 13 оронд салбартай. Энд дэлхийн олон орноос шалгарсан сурагчид  хоорондоо танилцан нөхөрлөж, хамтдаа суралцдаг юм.
Энэ коллежийг төгсөөд АНУ-ын Массачусетсийн Технологийн Их сургуульд компьютерийн инженерийн чиглэлээр дөрвөн жил суралцав. 2010 оноос АНУ-ын Станфордын Их Сургуульд боловсрол судлалын магистрт суралцаж байна.  Энэ жил Дэлхийн нэгдсэн коллежийн /UWC/ 50 жил, АНУ-ын Массачусетсийн Технологийн Их сургуульийн /MIT/-150 жил, Станфордын Их сургуулийн 120 жилийн ой тохиож байгаа.

-Монголын боловсролын салбарын талаарх бодлыг тань сонирхвол?
-Монгол Улс залуучуудаа олон улсын жишигт нийцсэн өндөр боловсролтой, дэлхийн хаана ч өрсөлдөх чадвартай болгох тал дээр анхаарч, Засгийн газар энэ талаар нилээд зөв алхмуудыг хийж байгаад баяртай байгаа. Улс орны хөгжлийн гол хөшүүрэг нь чанартай шилдэг боловсрол болохоор хүүхэд залуусыг сайн боловсролтой болгох нь хамгаас чухал юм.

-Монголын боловсролын салбарт ямар хувь нэмэр оруулж байна даа?
-2007 онд MIT-д суралцаж байхдаа Харвардын Их сургуулийн доктор Янтай хамтран "Хүүхэд бүрт компьютер"  хөтөлбөрийг санаачлан Өмнөгөвь, Хөвсгөл аймгуудаар явж сургалт явуулсан. Бидний санаачилсан "Хүүхэд бүрт компьютер" хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж 10 000 компьютерийг хот хөдөөгийн сургуулийн сурагчдад үнэгүй тараалаа. Станфордын Их сургуульд сурч байхдаа "Сургууль бүрт электроникийн лаборатори" гэсэн хөтөлбөр санаачлан Монголд хэрэгжүүлэхээр бодож байгаа. Энэ талаар сургуулийнхаа профессоруудтай зөвлөлдөж ярилцаж байна. Би одоо Станфордын Их сургуулийн электроникийн лабораторид ажиллаж байна.

-Гэр бүлээ танилцуулаач.
-Миний аав ээж хоёр 30 гаруй жил боловсролын салбарт ажиллаж байгаа. Миний ээж Буяндэлгэр 1-р сургуулийн тооны ангийг төгсөөд МУИС-ийн физикийн ангийг төгссөн. Аав минь ч бас МУИС-ийн физикийн ангийг төгссөн болохоор тэд хамтдаа математик-физикийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны хувийн сургуулийг байгуулж, одоо хүртэл амжилттай ажиллаж байгаа.

-"Сант" сургуулийнхаа талаар ярьж өгнө үү?
-"Сант" байгуулагдсанаасаа хойшхи 15 жилийн хугацаанд 100 гаруй эрдэмтэн багш, ажиллагсад болон 1000 шахам сурагчтай Монголын хамгийн олон сурагчтай хувийн сургууль болжээ. Багш сурагчид нь Монгол улс болон олон улсын олимпиад уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, төгсөгчид нь дэлхийн шилдэг их дээд сургуулиуд /MIT, Stanford, Brown, Duke, University of Virginia, University of Tokyo, Humboldt University/-ад шалгаран суралцаж, анхны төгсөгчид нь сургуулиа амжилттай төгсөөд эх орныхоо бүх салбарт үр дүнтэй ажиллаж байгаад би их баяртай байдаг.
Зун бүр Харвард, MIT, Станфордын Их сургуулийн оюутнууд манай сургууль дээр ирж SAT, IBT, TOFEL болон , сургууль төгссөн сурагчдад GMAT, GRE-ийн сургалтуудыг явуулж байгаа. Манай сургууль Дэлхийн Ахлах сургуулиудын холбоонд гишүүнээр элссэнээр дэлхийн шилдэг ахлах сургуулиудтай хамтран ажилладаг.  Энэ холбооны зөвлөлдөх хурал жил бүр болдог уламжлалтай бөгөөд энэ жилийнх нь Өмнөд Африкт болно.
  Саяхан Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, "Сант" сургууль хамтран Станфордын Их сургуулийн симфони оркестрийн удирдаач Jindon-г Монголд урьж, "Хунт нуур" бүжгэн жүжгийг ивээн тэтгэж тоглуулан олсон орлогоо гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд сэтгэлийн дэм болгон илгээлээ. "Сант" сургууль нь цаашдаа улс орон бүхний боловсролын "Бренд"-ийг илүүтэй сонирхож байгаа төдийгүй Монголдоо ч боловсролын "Бренд" болохыг зорьж байна.

-Уулзаж ярилцсанд баярлалаа. Зорьсон зорилго тань биелэх болтугай.
-Танд ч бас баярлалаа. Бүх монголчууддаа сайн сайхныг хүсье.

Ярилцсан Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж