NBA Playoff: “Их дөрөв”-ийн эсрэг Мэло

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

NBA Playoff: “Их дөрөв”-ийн эсрэг Мэло

NBA-ын талбайд өнөөдөр плей-оффын эхний шатны гурван тоглолт боллоо.
Эхний тоглолт дорнод бүсийн гуравдугаар байраар шалгарсан “Бостон Селтикс” болон зургаагаар шалгарсан “Нью-Йорк Никс”-ийн хооронд болсон. Цувралын эхний тоглолтод талбайн эзэн “Бостон” эцсийн мөчид Рей Аллений холын зайн шидэлтийн ачаар өрсөлдөгч багаа буулган авсан билээ. Тэрхүү тулаанд “Нью-Йорк”-ийн Кармэло Энтони сайн тоглосон бол багтаа чухал хожил авчрах боломж байсан юм. Харин хоёр багийн хоёр дахь цуврал тоглолтод зочдын гарааны холбогч, ахмад туршлагатай Чаунси Биллапс гэмтлийн улмаас талбайд гарсангүй. Түүнийг орлон талбайд гарсан залуу холбогч Тони Даглас 14 оноо, долоон самбараас бөмбөг авалтаар багтаа тус болсон. Мэло өөрийн плей-оффын онооны дээд амжилт болох 42 оноогоо давтаж, харин самбараас 17 удаа бөмбөг авснаар хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоожээ. Тэрбээр эхний хагас өндөрлөхөд л 16 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч, дабл-дабл хийж байв. “Нью-Йорк Никс”-т нэгэн харамсалтай зүйл болсон нь Амаре Стадмайерын нуруу нь өвдсөөр байсан учир талбайд 17-хон минутыг өнгөрүүлсэн байна. Энэ хугацаандаа тэрбээр дөрвөн оноо, таван самбараас бөмбөг авалт хийжээ. Улмаар баг нь хоёр дахь хожигдлоо амссан юм. Талбайн эздээс Ражон Рондо талбайд шидэлт гүйцэтгэх гэж гарч ирсэн мэт 30 оноо “зулгаасан”. Дамжуулалтыг эрхэм болгодог лигийн шилдэг холбогчдын нэг эхний үед л 14 оноо авч амжсан аж. Харин түүнээс хойш жигд тоглолт үзүүлж, бусад шилдгүүддээ боломж гарган өгч байлаа.

NBA-ын бүх цаг үеийн “Шидэлтийн хаан” гэгдэх болсон Рей Аллен 18 оноо авч, багийнхаа хожилд нэмэр болсон бөгөөд холын зайнаас дөрвөн удаа довтолж, бүгдийг нь байнд нь тусгасан байна. Харин багийн ахлагч Пол Пирс 20, Кевин Гарнетт 12 оноо, 10 самбар гэсэн үзүүлэлт үзүүлсэн аж. “Их дөрвөл”-өөс бусад тоглогчид нь төдийлөн хангалттай байгаагүй ч тэд эсрэг талаас ганцхан хүний эсрэг тоглож байсан учраас хожиход хангалттай байлаа.

Дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лигт үүсээд байгаа хамгийн сүүлийн “Их гурвал”-ын “анхны” плей-офф амжилтгүй эхэлж байна. Хэрэв гурвуулаа талбайд гараад жигд тоглож байвал тэд хэнийг ч өмнөө сөхрүүлж чадах хүчтэй нь хоёр тоглолтоос харагдлаа.

Энэ жилийн плей-оффын хамгийн сонирхолтой, гал гарсан цуврал гэгдэж байгаа энэүү цуврал “Никс”-ийн залуусаас хамаарах болоод байна. Алдарт Мэдисон Сквайр Гардендаа шинэ “Их гурвал” гэмтэл бэртэлгүй талбайд гарвал энэ цувралыг чимэх болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж