”Лилль” 56 жилийн дараа шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

”Лилль” 56 жилийн дараа шигшээд шалгарлаа

Энэ улиралд гайхалтай тоглолт үзүүлж буй “Лилль” 2:0 харьцаагаар “Ницца”-г хожиж, 56 жилийн дараа Францын цомын тэмцээний шигшээд тоглолтод шалгарлаа. Францын лигийг тэргүүлж байгаа “Лилль” энэ жил хоёр ч тэмцээний аваргын цом өргөх боломжтой байгаа. 60 гаруй жил үзүүлж чадаагүй амжилтаа тэд энэ жил л гаргах боломж нээгдэж байна. Энэ жилийн цомын тэмцээний хагас шигшээд “Лилль”, “Ницца”-тай таарсан. Хоёр багийн тоглолт сугалаа ёсоор “Ницца”-гийн талбайд болсон. “Лилль”-ийн хувьд Францын нэгдүгээр дивизоны лигийн хүрээнд “Ницца”-г талбай дээр нь өнгөрсөн нэгдүгээр сард 2:0 харьцаатай хожиж байлаа. Энэ удаад ч лигийн тэргүүлэгчид тоглолтыг сайн эхлүүлж, 44 дэх минутад гоолын салхийг хагалж чадсан байна. Бельгийн шигшээ багийн залуу хагас хамгаалагч Эден Хазард эхлүүлсэн довтолгоогоо оновчтой болгож, “Лилль” тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Улмаар хоёрдугаар хагас эхлээд ердөө ганц минут өнгөрч байхад талбайн эзэн “Ницца” хамгаалалтдаа алдаа гаргаж, тооны харьцаа 2:0 болгосон байна. Энэ удаад “Лилль”-ийн довтлогч Жервиньо “Ницца”-гийн хаалгач Лионель Летизигийн эсрэг ганцаараа гарч, боломжоо алдалгүй ашиглан улирлын 12 дахь гоолоо оруулжээ. Харин энэ гоолын дараагаар талбайн эздийн довтолгоо эрчимжиж эхэлсэн байна. 55 дахь минутад Эрик Мулунгуигийн мөргөсөн бөмбөг хаалганы шон онож, зочдыг сандаргаад авчээ. Түүнчлэн 64 дэх минутад Мулунгуид бас нэг боломж олдсон ч ашиглаж чадсангүй. Ингэснээр “Лилль” өрсөлдөгчөө буулган авч, 56 жилийн дараа Францын цомын тэмцээний финалд шалгарлаа. Тэд өнөө шөнө болох “Анже” болон “ПСЖ” багийн тоглолтод аль хожсонтой нь ирэх сарын 14-нд цомын төлөө тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж