Хиймэл нуураас хотын усны хэрэгцээг хангана

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Хиймэл нуураас хотын усны хэрэгцээг хангана

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг Туул голын усны төвшин болоод чанар нь сүүлийн жилүүдэд буурсан тул уг асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалалтын бүс тогтоон цогцолбор байдлаар бүтээн байгуулалт хийх шаардлага тулгарсан талаар Байгаль орчны сайд Л.Гансүх хуралдааны эхэнд онцоллоо.

Туул голын урсац жилээс жилд буурсаар байгаа. Туул голоос хоногт 130 мянган метр кубийг хотын хэрэглээнд зарцуулдаг. Туул голын сав газарт ашигт малтмал, арьс шир боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шалтгаалсан бохирдолт их.  Нөхөн сэргээлт хийгдэх ажил удаашралтай, бараг хийгдээгүй гэж хэлсэн ч болохоор байгаа гэнэ. Түүнчлэн урсац тасалдахад 2003 оноос хойш өндөр хуурайшилтай байгаа зэрэг нөхцөл байдлууд ч нөлөөлсөн аж.

Энэ талаар Байнгын хорооны гишүүд ч санал хэлж, “Хөдөө орон нутагт явж байхад Туул гол олон газраараа тасарчихсан байна. Улаан ногооноороо бохирдчихсон урсч байна. Голын ус хорогдож буй гол шалтгаан хайрга олборлосноос болоод байгаа юм биш үү. Туул голд одоогоор дөрвөн цэвэрлэх байгууламж бохир усаа юүлж байгаа. Ядаж арьс ширний үйлдвэрүүдээ хотоос гаргах юм биш үү” гэж байв.

Сайд Л.Гансүх “Нөхөн сэргээлт хийгээгүй газрын үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлуулах саналаа бид гаргадаг. Мэргэжлийн хяналтынханд асуудлыг тавьдаг ч Ашигт малтмалын газарт лиценз олгох, цуцлах эрх нь бий. Иймд Ашигт малтмалын газартай хамтран ажиллахаар болоод байгаа. Туул голын сав газарт хэд хэдэн далан хийж, гадаргын усыг хадгалснаар усны төвшин бууралтыг багасгаж болно. Одоо бид Өмнөд Солонгосын мэргэжлийн компанитай хамтран хиймэл нуур үүсгэх, гадаргын усыг цуглуулах төслийг эхлүүлээд байна. Газрын гүний биш гадаргын энэ усыг ашиглаж чадвал олон асуудал шийдэгдэнэ. Уг цөөрмийн тавхан хувийг ашигласнаар Улаанбаатар хотын нийт хэрэгцээг хангах боломжтой” гэв. 

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж