
Жигүүр байгуулах болсноо мэдэгдэж, зангиагаа хийсгэж явахдаа тэд “Намаа шинэчилнэ” хэмээн журмын нөхдөдөө амлаж байсан. Намын жирийн гишүүд нь ч тэднийг итгэлийн харцаар харж, дэмжиж байсан нь үнэн. Иргэний хөдөлгөөнийхөн гудамжны жагсаалаар Төрийн ордныг доргиоход олон иргэн уухайлан түрсэн нь ч бас үнэн. Гэвч… Итгэл хөсөрдөв. Тэдний тэмцлийн ард дарангуйллын эрх ашиг, оройн дээд эрх мэдлийг авах санаархал нуугдаж байсан нь илчлэгдлээ. Иргэний хөдөлгөөнийхөн энэ хавар жагсахад иргэд “Цаашаа” гэсэн. МАХН-ын жигүүрийнхнээс журмын нөхөд нь “Ханаж, цадах болоогүй юу” хэмээн асууцгааж байна. Бүр “Жигүүрийг татан буулгая” хэмээн бухимдах болов. Нэг ёсондоо улаан, шар монгол цамцтануудын үнэн дүр төрх гэрэлд цохиулчихлаа. Уг нь тэднийг жигүүрээ дэвж, МАХН-ыг шинэчлээд л “нисчих” юм байна гэж олон хүн төсөөлсөн сөн.
Гэвч Р.Содхүү яав. УИХ-ын гишүүний сэнтийд удаан тухалсан тэрбээр нэг хэсэгтээ лааз өшиглөсөн. Тэгмэгцээ жигүүр “ургуулж”, УИХ-ын гишүүнийхээс гоё суудалд сууж болох юм байна гэж төсөөлсөн. Тэгээд яах вэ. Найзуудтайгаа уулзлаа. Бас тохиролцлоо. “Уламжлал, шинэчлэл-ардчилал, шударга ёс” гэж мөнөөх жигүүртээ пайз зүүлээ. Харин дараахан нь Монголын Хөрөнгийн биржийн захирал хэмээгч албан тушаал авсан. М.Далайхүү ч мөн адил. Цагтаа УИХ-ын гишүүн асан тэрбээр нэлээд зуумтгай нөхөр. Хэн нэгнийг биш, албан тушаал, “амттай” эрх мэдлийг шүү. Лааз өшиглөж, жигүүрээр “занималдаж” эхэлмэгцээ тэрбээр намын шинэчлэл гэхээсээ илүү “Н.Энхбаяр МАХН-д анх үзэгнээс өөр өмчгүй орж ирсэн. Түүнээс л нэг боллоо” гэж тодрох гэсэн удаатай. Санасандаа хүрсэн үү, яасан нөлөө бүхий улстөрчийн хормойноос зүүгдэж, нэлээд “юм” атгах жигүүрийнхний тактик ч амжилттай хэрэгжсэн бололтой. Тэд атгаснаа улам том болгохоор С.Баяр руу мярааж байна.
Р.Амарсайхан УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, А.Базарсад Эрхүүд Элчин сайд, Х.Балсандорж “Шивээговь” улсын үйлдвэрийн газрын дарга, Н.Ганбямба УИХ-ын гишүүн, Э.Гомбожав Сангийн сайд асан, М.Далайхүү Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан, одоо УИХ-ын гишүүний зөвлөх, Д.Мөрөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга, Ц.Оюунбаатар Татварын ерөнхий газрын дарга, Л.Цэрэнжав Хөвсгөл аймгийн Засаг дарга, Н.Тогтох УИХ-ын гишүүн асан, Р.Содхүү Хөрөнгийн биржийн захирал, Ц.Шийрэвдамба Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан, Б.Өвгөнхүү УИХ-ын гишүүн асан, Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн. МАХН-ын дэргэдэх “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг санаачлагч 14 хүн бүгд л жигүүрийн дэвэлт дор албан тушаалтай, мөнгөтэй, хамгийн гол нь эрх мэдэлтэй болжээ.
Жигүүрийн зохицуулах зөвлөлийн 25 гишүүн ч мөн ялгаагүй. Ерөнхий зохицуулагчаар нь саяхан сонгогдсон Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүн. Тэрбээр өмнө нь Төрийн сангийн газрын даргаар ажиллаж, “Арван хувийн Ц.Даваасүрэн” хэмээх хочтой болсон нэгэн. Яагаад ч “Арван хувийн” гэж нэрлүүлэхдээ хүрсэн юм бүү мэд. Н.Удвал. МАХН-ын “өргөс” болсон энэ эмэгтэй өмнө нь Монголын социал, демократ намын гишүүн байсан. Харин тэрхүү “бизнес” нь ашиггүй сонголт байсан учраас МАХН-д хадаг барьж элссэн намтартай. Мөн түүнийг “Социал, демократ намыг самарч, тараасан” гэх юм билээ. Өдгөө тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвины зөвлөх. Үүнээс өмнө Эрүүл мэндийн дэд сайдын алба хашиж байв. Энэмэтчилэн нэлээд урт жагсаал болно. Гэхдээ намаа матарладаг жигүүрийнхэнд одоо юу хэрэгтэй болоод буйг огт ойлгохоо болилоо. Үнэхээр тэдэнд юу хэрэгтэй гэж…
Эцэст нь нэгэн түүх өгүүлье. Дундад зууны үед баруун Европын зарим оронд “яс баригч” бүлэг хүн байжээ. Тэд жагсана, бас хашгирна. Хариуд нь хаа нэгтээгээс “яс” шидвэл хоромхон зуур шүүрээд авчихдаг. Тухайн үед зарим ноёд “Бид хүссэн цагтаа тэдэнд “яс” шидэн өгч, хүслээрээ хөдөлгөх болно. Бидэнд ч гэсэн тийм чадвар бий шүү дээ” хэмээн “яс баригчид”-ын ард нуугдах ихэс дээдсийг тавлаж байсан гэдэг.
С.Баттулга. /Улс төрийн тойм сонин/.