Улс төрийн тэмцэл үнийн түймэр тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Улс төрийн тэмцэл үнийн түймэр тавилаа

Арабын орнуудад болж байгаа хувьсгалт тэмцлийн үр нөлөө зөвхөн улстөрийн ээлж халааг бий болгоод зогссонгүй дэлхийн эдийн засгийн үнэ ханшид ч бас өөрчлөлт хийв. Египетэд болосн хувьсгалын анхны уриа цуурайтаж эхэлснээс ердөө тав хоногийн дараа гэхэд л Лондонгийн бирж дээрхи Брент нефтийн үнэ хэдийнээ нэг баррель нь 100 ам.доллараас давж эхлэв. Энэ бол 2008 оны 9-р сарын хямралын дараахь үеэс хойш  гарч байгаа хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа хэрэг. Ийнхүү Арабын ертөнцийн хувьсгал улстөрчдийг хямраагаад өнгөрсөнгүй зах зээлийг ч бас түгшээх боллоо.
Тэднийг зовоож байгаа хоёр гол асуудал байгаа юм байна. Эхнийх нь өрнөдийн гол хэрэглэгч орнууд руу нефть бүтээгдэхүүнийг зөөвөрлөдөг үндсэн гарц болох Суэцийн сувгийн ирээдүй болж байгаа юм. Энэ сувгаар олон сая баррель нефтийг зөөж буй танкерууд улстөрийн нөхцөл байдлаас болж саатах вий гэхээс зах зээлийн тоглогчид нэлээд түгшиж байгаа юм. Ар араасаа налан унах даалууны цувраа шиг Ойрхи Дорнодын орнуудын улстөрийн тогтворжилт ганхаж эхэлсэн нь газрын тосоор баян энэ бүс нутгийн тээврийн замыг хаахад ойрхон байгаа гэж зарим ажиглагчид үзжээ. Гэхдээ Суэцийн сувгийг хаах боох асуудал өнөөдөр 1973 оны дайны үед хаагдаж байсан шиг  зах зээлд тэгтлээ их нөлөө үзүүлэхгүй гэж зах зээл судлаачид дүгнэж байгаа юм.
Учир нь одоо Суэцийн сувгаар өдөртөө хоёр сая баррель газрын тос дайран өнгөрч байгаа нь 2010 оны байдлаар дүгнэж харвал дэлхийн газырн тосны экспортын ердөө  тав хүрэхгүй хувь нь болж байна. Хэрэв Газар Дундын тэнгисийн өмнөд эргийг Улаан тэнгистэй холбож байдаг дамжуулах газрын тосны хоолойн хангалт тасалдлаа гэж бодвол Суэцийн сувгаар дээд тал нь 3.5 сая баррель нефть өдөртөө гарах болж байгаа ажээ. Нөгөө талаар хэрэв муу юм болж Суэцийн суваг хаагдлаа гэхэд хуучин тээврэлэж байсан гарц болох Африкийг тойрсон усан замаар Ойрхи дорнодоос Европын орнуудад нефтийг тээвэрлэх боломж ч бас байна. Хэрэв ингэхэд хүрвэл газрын тосны тээвэрлэлтийн зардал өсч үнэд нөлөөлөх нь ойлгомжтой.
Үүний зэрэгцээ Саудын Араб улс дангаараа Ойрхи Дорнодын орнуудын гаргаж байгаа хэмжээний буюу өдөртөө дөрвөн сая баррель нефтийг гаргах боломжтой гэдгээ саяхан мэдэгдэж байна. Ингэснээр нефтийн үнийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдэнэ гэж тэд итгэж байсан ч бас ч тийм биш бололтой. Саудын Араб улс нь нефтийн үнийг аль болох тогтвортой байлгах сонирхолтой цөөхөн улс орнуудын нэг болж байгаа билээ. Харин Суэцийн сувгийг хаах тухайд эрсдэл бага байж болох юм. Тэгээд ч Суэцийн сувгийн үйл ажиллагаанаас жил бүр таван тэрбум ам.доллар олж байж түүнийгээ хаана гэдэг лав л египетчүүдэд таалагдахгүй нь лав.  Бусад орнууд ч гэсэн адилхан,учир нь энэ бүс нутгийн ДНБ жилдээ 215 тэрбум ам.доллар байхад гол нөлөө үзүүлдэг сувгаа хааж орхихгүй байх гэсэн найдлага бий. Энэ үүднээс харвал Суэцийн сувагтай холбоотой асуудал харьцангуй гайгүй хувь заяатай байж болохоор харагдаж байгаа аж.
Харин хамгийн түгшүүр таригч нь талын түймэр адил Ойрхи дорнодын улс орнуудад ээлж дараалан “авалцаж” байгаа тэмцлийн өрнөлүүд болж байна. Эхэндээ Тунис,Египет уламжлаад Иордан, Бахрейн гэх мэтээр улам л хүрээгээ тэлээд байгаа тэмцэл бослого нь одоо Ливийг донсолгож эхлээд байна. Тэр ч байтугай арабын ерөнцөд огт хамаарагддаггүй Ираныг ч доргиож эхэлжээ. Энэ бол харин зах зээлийн тоглогчдын жинхэнэ түгших ёстой асуудал мөн билээ. Учир нь Ливи болоод Иран улсууд нь тэмцлийн дөлд “долоолгоод” байгаа улсуудын дотроос хамгийн их хэмжээний газрын тосыг экспортлогч орнууд болж байдаг ба ер нь ч дэлхийн хэмжээнд газрын томоохон нийлүүлэгчдийн тоонд орж байгаа юм. Тэр дундаа Ливи улс бол Европт газрын тос нийлүүлэгч гол орны нэг болж байна.
Тэгвэл тухайлан Ливид болж байгаа болон бас ойрын өдрүүдэд Иранд гарч байгаа  улстөрийн тогтворгүй байдал яагаад зах зээлийн тоглогчдыг зовоох гэж ..? Гол нь шударга тоглогчдын хувьд буюу зах зээлийн үнийг бодит байдлаар тогтоохын төлөө тэмцэгчдийн хувьд ингэж зовох шалтгаан бий. Харин үнийн тэнцвэрт нөлөөлж хөөргөдөл үүсгэн хонжоо олохыг зорьдог дамлагч  санхүүгийн бүлгүүдийн хувьд дээрхи нөхцөл байдал мэдээж олз болно. Тэд газрын тосны зах зээл дээрхи туршлага багатай бөгөөд үнийн тэнцвэрт байдлын ач холбогдлыг гүйцэд ойлгодоггүй оролцогчдыг үймээн самуун бусад онцгой нөхцөл байдлаар далимдуулан элдэв түгшүүрт цуу мэдээ зэргээр сандраан хөдөлгөж тэдний сандралын болон яаруу шийдвэрийн үр дүнд үүссэн үнийн хөөргөдлийн  ачаар ашиг хонжоо олохыг хичээдэг байна. Энэ нь зах зээлийн үнийг боломжит байдлаар тогтоох бус харин эрэлтийн хөөргөдөл болон түүнийг дагасан үнийн өсөлтөөр “залж эхлэх” маш том аюулыг дагуулж байгаа хэрэг юм. Чухам иймээс дэлхийн түүхий эдийн зохицуулагч нар  Ойрхи Дорнодын улстөрийн бослого тэмцлээс болгоомжилж байгаа нь аргагүй аж.
Сүүлийн үед гарч байгаа мэдээллээр бол Ливийн ганхаж эхэлсэн удирдагч болох Муанмар Каддафи хэрэв нөхцөл байдал муугаар эргэвэл өөрийн улс орон дахь газрын тосны үйлвдэр болон цооногуудыг дэлбэлэхээр завдаж байгаа гэсэн яриа гарчээ.  Энэ нь АНУ болон өрнөдийн цэргийн хүч нэвтрэн орох үеэр Иракийн тухайн үеийн эрх баригчид газрын тосны цооногуудыг ээлж дараалан шатааж байсан үйлдлийг  санагдуулахаар  байгаа юм. Үнэхээр ингэж байдал муугаар эргэвэл Европын орнуудад газрын тосны боломжийн үнэ ханш бүхий шинэ зах зээл хайх хэцүү нөхцөл байдал үүснэ. Үнэндээ бол Ливи улсаас авч байсан шиг үнээр газрын тосоо өгөх өөр зах зээл байхгүй гэхэд болохоор байна.
Ливид болж байгаа үйл явдлын халуун өрнөлийг ажиглаж байх зуур өчигдрийн байдлаар баррель нефтийн үнэ хэдийнээ 111.25 ам.долларт хүрээд байна. Энэ нь 2008 оны  намраас хойш гарч байгаа “зуугийн босгыг давсан” хамгийн хатуу үнэ болж байгаа билээ. Ажиглагчдын үзэж байгаагаар бол Ливи улс дахь нөхцөл байдал хямралын хурц байдал руу улам бүр орсоор байх аваас дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнэ цаашид тогтвортой байх найдлага тун бага болох гэнэ. Ялангуяа Европын хувьд газрын тосны шинэ нийлүүлэлт олтол хэсэг зуур үнийн галзууралд нэрвэгдэх болж байна. Хэрэв энэ бүхэн биелвэл саяхан хуралдаад өнгөрсөн Их гүрнүүдийн буюу G 20- ийн уулзалтын үр дүн ч талаар болох нь гарцаагүй юм.

М. Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж