Хүүхдийн боловсролд эко төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Хүүхдийн боловсролд эко төсөл хэрэгжүүлнэ

Монголын Скаутын холбооноос санаачлан НҮБ-ын Хүүхдийн сан,  Төв аймгийн Хүүхдийн төлөө газартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт, Хүүхэд залуучуудын шийдэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хүүхэд залуучуудыг татан оролцуулах, тэдэнд мэдлэг олгох, тэдний дуу хоолой, хийж буй ажлыг төр засаг, орон нутгийн удирдлагуудад хүргэх, хүүхдийн оролцоотой хийгдсэн ажлуудын сайн туршлагыг үе тэнгийнхэнд нь танилцуулах юм.
Энэ төсөл нь насанд хүрэгчид болон хүүхэд залуучуудын аль алиных нь оролцоог хангасан дөрвөн хөтөлбөр болох Эко элч, Эко паспорт, Эко боловсрол, Эко илтгэлийг  багтаан хэрэгжүүлэх юм.

Төслийн эхний ажил болох “Эко элч”, “Эко паспорт”-ын сургалтыг энэ сарын 14-нд Төв аймгийн Эрдэнэ, Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 40 сурагч,  ерөнхий боловсролын сургуулийн боловсролын нийгмийн ажилтан, байгаль орчны байцаагч, биологийн багш, аймгийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчин, аялал жуулчлалын хэлтсийн мэргэжилтэнүүдийг хамруулжээ.

Сургалтанд хамрагдсан 40 хүүхдээс Хүмүүн цогцолбор “Дунд” сургуулийн 9б ангийн сурагч Т.Бямбасүрэнг “Эко элч” хүүхдээр сонгосон ба насанд хүрэгчдээс  “Эко элч”-ээр аймгийн хүүхдийн төлөө хэлтсийн  мэргэжилтэн Г.Ганчимэг сонгогдлоо.

Сургалтанд хамрагдсан хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдэн 12 бүлэг хамт олныг үүсгэж багийн ахлагчаа сонгон “Эко паспорт”-оо гардан авч цаашид хийх ажлын чиглэлийн талаар ойлголт авлаа.  

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж