
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо. Мэдээллийн ил тод байдлын тухай дээрх хуулийг хэлэлцэхэд нууцийн тухай хуулиуд гацаа болдог нь энэ удаад ч давтагдав. Гишүүдийн зүгээс Байгууллагын болоод хувь хүний нууцийн тухай хуулийг оруулсны дараагаар хэлэлцэх нь зүйтэй. Иймд төслийг буцаах нь зүйтэй гэх саналууд гарсан байна. Засгийн газраас дээрх хуулийн төслийг санаачлан оруулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт сануулав. Мэдээлэл өгөхийг төрийн байгууллагын үүрэг болгосноор үндсэн ажилд нь сөргөөр нөлөөлөх вий гэх болгоомжлолыг гаргаж байсан ч зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхбат “байгууллага нь өөрт ирж буй мэдээлэл болон ашиглаж буй мэдээллийг л өгдөг. Түүнээс биш боловсруулалт хийхийг шаардсан тийм мэдээллийг өгөхгүй шүү дээ. Иймд хүндрэл тийм ч их гарахгүй байх” хэмээв. Ийнхүү хэлэлцээд ямартай ч хуулийг хэлэлцэхийг дэмжээд бусад асуудлыг хэлэлцүүлгийн шатанд тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзлээ.
Б.МАНДАХ