Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийн тухай хэлэлцэв. Энэ асуудалтай холбогдуулан гишүүн Д.Одхүү, Ц.Батбаяр, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат нар захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлэх, орон нутагт төсөв санхүүгийн эрх мэдэл олгох, төвлөрлийг сааруулах ажил хангалтгүй байгаагийн учир шалтгаан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тайлагнах, хэлэлцэх арга хэлбэрийг оновчтой болгох талаар ямар санал бодолтой байдаг талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, хуралдаанд оролцсон зарим яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудаас тодруулж асуусан юм.

Сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ, засаг захиргааны шинэтгэлийн асуудал удаашралтай байгаа нь үнэн. Энэ нь эцэстээ Үндсэн хуультай холбоотой асуудал. Иймээс УИХ өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлын хэсэг гаргаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж боловсруулахаар ажиллаж байгаа тул Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх чиглэлээр саналаа гаргах нь зохистой бус гэж үзэж байгаа. Орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх, бие даасан байдлыг хангах чиглэлээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай хуулиудын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Тендэрийн хуулийн төсөлд тендэр зарлаж шалгаруулах ажлыг яамдаас салгаж, энэ эрх мэдлийг орон нутагт шилжүүлэхээр тусгасан. Тэгэхгүй бол яамд тендэр зарлаж шалгаруулах гэсээр ихээхэн цаг хугацаа алдаж, бодлогын асуудлаа орхигдуулдаг. Мөн Төсвийн хуулиар томилгооны зарим эрх мэдлийг орон нутагт шилжүүлэхээр тусгасан байгаа гэлээ.

     Мөн энэ жилээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаархи Засгийн газрын танилцуулгыг УИХ-аар хэлэлцдэг болсон нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж буйгаа тэрбээр дурдаад дараа жилээс энэ асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ зорилтынхоо гол үр дүнг ярьдаг болох нь зүйтэй юм гэсэн байр суурьтай буйгаа хэлэв. Гишүүн Э.Бат-Үүл төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн барометр байх ёстойг онцлоод Засгийн газрын ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд хөдөлмөр эрхлэлтийн түвшинг тодорхой тусгаж оруулж ирэхгүй бол хүлээж авахгүй гэдгээ хэлэв. Мөн гишүүн Ц.Батбаяр хэлэхдээ, үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гээд Засгийн газар хэдэн тоо тавьж хүснэгт бөглөж орж ирдгийг УИХ хэлэлцсэн болдог аргыг өөрчилж бодит ажил хэрэг болгомоор байна. Хоёр намын хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа энэ үед засаг захиргааны шинэтгэлд дорвитой анхаарч энэ ажлыг яаралтай шийдэж цэгцлэхгүй бол орон нутагт ажил явахгүй. Зарим оронд жижиг аймаг, сумд нь өөрсдөө шийдээд нэгдэх санал гаргавал төрөөс төсөв санхүү, татварын нэмэлт урамшуулал олгодог арга байдгийг дурдав.

Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газар төсөв санхүүгийн шинэтгэл ярьсаар захиргааны шинэтгэл орхигдоод байгааг сануулаад аль улс орон бүрт томоохон шинэтгэл нь захиргааны шинэтгэлийнхээ далбаан дор хэрэгжсэн туршлага байдаг. Иймээс захиргааны шинэтгэлдээ анхаарахгүйгээр эдийн засаг, төсвийн шинэтгэлээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй, тийм ч боломж байхгүй. Энэ үндсэн дээр тус байнгын хороо ирэх долоо хоногийн эхээр захиргааны шинэтгэлийн асуудлаар санал солилцох  томоохон уулзалт хийхээр төлөвлөж буйг дуулгав.  Ингээд байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг тусгасан санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатарын танилцуулгыг сонсов.

Хуулиудын төсөлтэй холбогдуулан гишүүн Су.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Одхүү, Д.Энхбат, Х.Тэмүүжин нар төсөл санаачлагчаас асуулт асууж хариулт авав. Тухайлахад гишүүн Су.Батболд урьд нь нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газрын санаачилсан энэ төсөлтэй нэгтгэн боловсруулах талаар ямар саналтай байгааг нь сонирхоход “Хуулийн төслийг боловсруулахдаа олон орны ижил төстэй хуулийг харьцуулж үзсэний зэрэгцээ нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төсөлтэй уялдуулахыг хичээсэн. Гишүүдийн төслийг үндэс болгоод хоёр төслийг нэгтгэн боловсруулах эсэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал юм” гэж сайд хэллээ.  Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиудыг нэг мөр цэгцэлж байж энэ асуудлыг хамтад нь шийдэхгүй бол оновчтой зохицуулалт болж чадахгүй гэдгийг зарим гишүүн хэлж байв. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулиудын төслийг хэлэлцэхээр болов.                     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж